Forever Fashion

2007-04-30 - Авьяас
Ангилал: Бүлэггүй

Энэ нийтлэл нилээн таалагдав, мэдээж зарим нь загвартай огт хамаагүй юм гэх л байх гэхдээ урлаг гэдэг газар ухаанаа зарж амьдарж байгаагийн хувьд нэг л тогоон доторх эдүүд, яруу найрагчийг нь дизайер болгочихвол чамд зориулсан юм шиг л болчихно. Хэвлэгдсэн: 2007 оны 04 сарын 30 Утга зохиол урлаг Авьяас бол гэрэл. Гартаа гэрэл барьчихаад нуугдаж тоглож болохгүй. Тэр харагдахгүй байж эс чадна. Дурсамж үгүүлэх нь: Би арван зургаахан настай шүлэг. Шүлэг хэлхэж, дуу дуулж, найр хэсэж, тааралдсан найрагчидтай цэц булаалдаж, хүсэл мөрөөдлийнхөө хүлгийг хүршгүй хол замд давхиулж, өөрийн толгойг ерөөл хүмүүсээс илүүд тооцон түрэмгийлж, түймрийн гал мэт шатаж явсан үе. Миний энэ тааламжгүй, сагсуу байдлыг минь анзааран мэдсэн нэрт яруу найрагч Абдил багш маань нэгэнтээ санаандгүй тааралдаж -Байыт чи яруу найрагч мөн үү. Хэрэв яруу найрагч мөн бол ямар яруу найрагч вэ гэж асуулаа. Би өнөө л омог бардам зангаараа -Тийм ээ, би яруу найрагч. Би яруу найраг, утга зохиолын талбарт зарим нэгэн хүн шиг тоглож, цаг нөхцөөх гэж ирээгүй. Хүмүн төрөлхтний утга зохиолын ертөнц дэх надаас өөр хэн ч дүүргэж эс чадах, өөрийн орон зайг дүүргэх гэж тэгээд бусдын харанхуй байгаа оюун санааг яруу шүлгээрээ яруусган гэгээрүүлэх гэж Аллах тэнгэрийн хатуу зарлигаар уригдан ирсэн юм. Энэ цаг хугацаанд хэрэгтэй болсон, төрсөн. Хэн нэгэн хүн хүссэн ч, эс хүссэн ч үүрэг зорилгоо биелүүлэх болно гэж өндөр уулын оргилыг ширтэв. Намайг дуугүй сонссон багш маань тун харамссан байдалтай толгойгоо сэгсэрч -Ямар морины жинхэнэ хурдан хүлэг болохыг гараанаас гараагүй байхад нь бус уралдаанаас тасархай түрүүлээд ирсний дараа хэлсэн нь илүү оновчтой. Түмэнд хэрэгтэй үйл хийх хүнийг хийхээс нь өмнө бус хийж бүтээснийх нь дараа тодорхойлох нь илүү үнэнд нийцнэ. Авьяас билиг, уран ухааны эзэд хоосон хийрхэж онгирч сагсуурснаар танигдахгүй. Тэд дөлгөөхөн байдаг. Тэгээд ч таван литрийн саванд зургаан литр сүү багтаж байсан тохиолдол гараагүй. Үүнийг ухаараагүй зарим хоосон омгорхлын эзэд ихэнхдээ авьяасгүй байдаг. Хүү минь юу ч хийгээгүй байж цээжээ дэлдэн хүзүүгээ сунгахыг чинь харахад чи ч гэсэн тэр авьяасгүйчүүдийн нэг нь байж магад. Худал хуурмаг магтаалын боол болсон алдар нэрийн гуйлгачид хэзээд урагшаа гишгэдэггүй хуультай. Миний бодлоор чи ерөөсөө яруу найрагч биш байх гэж бодном гэж хэлээд зээрд морио хотлуулсаар надаас холдон одов. Хээрийн түймэр гал мэт асч байсан миний бардам хүйтэн сэтгэл ус асгасан мэт нам дарагдав. Бурхан мэт хүндэлдэг хүнээсээ ийм үг сонссоноос хойш шууд л би яруу найрагч биш юм байна гэсэн бодолд автлаа. Тааралдсан хүнд шүлгээ уншиж, яруу найрагчидтай цэц булаалдахаа ч болив. Дуу дуулж, найр хэсэхээ ч болив. Хэдэн сарын дараа миний энэ дэндүү арчаагүй занг минь ажиж мэдсэн Абдил багш маань ууланд хонь хариулж явсан над дээр албаар ирж -Баыйт, чи яруу найрагч мөн үү. Мөн бол хэр зэрэг яруу найрагч вэ гэж урдны асуултаа дахиад л асуув. Би эцэгтээ загнуулж хаширсан хүүхэд аятай -Үгүй ээ, би яруу найрагч биш. Надад тийм авьяас байхгүй юм билээ гэж газар ширтэв. Өвгөн багш маань бас л харамссан байдалтай толгой сэгсэрч -Ээ хөөрхий. Тэгвэл нөгөө утга зохиолын талбар дах чамаас өөр хэн ч дүүргэж эс чадах хоосон байгаа чиний орон зай яасан бэ. Чамаас шүлэг горьдож хүлээж суугаа ард түмэн яасан бэ гэж шаардангуй асуулаа. Би дуугарсангүй. Багш маань намайг хөтлөөд гольдролдоо багтаж ядан үерлэн урсаж байгаа уулын шуугиантай голын хөвөөн дээр аваад очиж -Энэ уулын гол жижигхэн мөртлөө хичнээн омголон гээч. Гэвч уулнаас буугаад том мөрөнд нийлнэ. Омог нь ч дарагдаад уужимхан гольдролоор дөлгөөхөн урсана. Тэгэхэд энэ ууланд байгаагаас ч илүү олон хүн малыг усална. Урт удаан урсаж, тэнгис далайд цутгана. Ашиг, аюул нь ч нэмэгдэнэ. Чамайг би “Омгоо багасгаж хүрээгээ тэл” гэж хэлсэн чинь чи бүр хоосрон татарчихлаа. Ааг омог авьяастайгийн нэг шинж мөн боловч бага байсан нь дээр. Одоо чи сонс! Чоныг мянган удаа чоно биш гэж хэлсэн ч хонь болчихгүй. Чоно-чоно хэвээрээ үлдэнэ. Би мэдэж байна. Чамд авьяас буй. Авьяас авьяасдаа тэр болгон тохиолдоод байдаггүй ховор авьяас. Үүнийг чи нуусан ч чиний зүрх сэтгэл нууж эс чадна. Урагшаа харж зүтгэ. Чиний ард ухрах зай байхгүй гэж хэлээд яваад өгсөн. Би юм хэлээгүй. Гэхдээ тэр өдрөөс эхлэн байгаа бүхнээ шавхан бичиж эхэлсэн. Тэгээд ч авьяас бол гэрэл. Гартаа гэрэл барьчихаад нуугдаж тоглож болохгүй гэдгийг ухаарсан. “Авьяас бол хүмүн төрөлхтний цөөхөн хэсэгт нь тэнгэрээс заяасан бэлэг” гэсэн үг бий. Тийм ч байж болох юм. Минийхээр бол хүн бүхэнд янз янзын авьяас буй. Гэхдээ цоожтой авдрыг онгойлгохын тулд түлхүүр хэрэгтэй болдог шиг зөвхөн “түлхүүрийг нь” олж нээх хэрэгтэй. Бие, сэтгэлд байгаа тэр л авьяасыг таньж, сэрээж чадсан хүн л авьяастанд тооцогдоно. Харамсалтай нь байгаа авьяасыг нээж чадаагүй хүмүүс илүү их. Домог үгүүлэх нь: Нэгэнтээ Аллах тэнгэр “данс”-аа харж “Би нэгэн авьяаслаг цэргийн жанжин заяасан юм. Тэр хаа байна. Олоод ир” хэмээн элч нартаа зарлиг болгожээ. Элч нар нь хоёр ертөнцөөс хайж Чингисээс авахуулаад Напелеон, Гитлер, Сталин, Саддам, Бушийг хүртэл нэрд гарсан жанждыг аваад очжээ.Бурхан тэднийг бүгдийг нь “биш” гэж үгүйсгээд өөрөө хайж эхэлжээ. Тэгсэн чинь нөгөө “Авьяаслаг жанжин бол” гээд заяасан хүн нь насан турш гуталчин хийж амь зуусан нэгэн байсан гэдэг. Түүнтэй адил шуурга мэт шуурч, аадар бороо мэт асгарч байгаа авьяас ч нээгдэхгүй, мэдэгдэхгүй өнгөрч болдог нь харамсалтай. Тиймээс хүн бүхэн эрж хайж, олсноо дэлгэрүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийн чадах зүйлээ хөгжүүлэх нь чадахгүй зүйлээ хийж чадахын хамгийн дээд зам нь. “Бодлын хатгамал” номоос: Авьяас гэдэг бол гал. Тэр ассан л бол салхи гарах тусам галзууран дүрэлздэг. Намрын түймэр мэт хүчирхэг нь ч бий. Үлээхэд унтардаг өчүүхэн нь ч бий. гэсэн ч авьяас л бол авьяас. Лааны дөл болвоос тэр ч гэрэл гаргана. Хэт чулуу хоёрын дундаас үсэрсэн өчүүхэн очны хэлтэрхийгээс хээр талын ой модыг шатааж чадах түймэр гарна. Зөвхөн тэр оч байх нь зүй. Дүрэлзэн ассан гал унтралгүй удаан асахын тулд Дуусашгүй түлш хэрэгтэй. Түүн лүгээ адил авьяастанд хичээл зүтгэл хэрэгтэй. Хичээл зүтгэлгүй бол ямар ч авьяас унтарч, сөнөх болно. Авьяастай байх нь онгирох шалтгаан биш, алба юм. Хэлтэй хүн хэлгүй хүнтэй цэц булаалдаж хэлээрээ ялбал, хөлтэй хүн хөлгүй хүнтэй уралдаж түрүүлбэл, гартай хүн гаргүй хүнтэй зодолдож ялбал гайхах зүйл биш. Ухаантай хүн ухаантай хүнээс ухаанаараа, мэдлэгтэй хүн мэдлэгтэй хүнээс мэдлэг боловсролоороо илүү гарч гэмээнэ үүнийг хэлж, бахархах, бахдах хэрэгтэй. “Бодлын хатгамал” номоос: Заримдаа зарим авьяасгүй хүмүүсийг утга зохиолын салбараас халж болно. Тэд өөрийгөө машид ихээр тоож, кино урлагт өрөөл хүмүүсийн дүр төрхийг гаргаж чадварлагаар тоглодог жүжигчид юм. Авьяаслаг хүмүүсийн дүрд авьяаслагаар тоглоно. Ном бичиж үзнэ. Нэг нь урьд улиран одсон амьдралын үнэнийг өөрийн үгтэй балмадаар холбож ашиг олохыг бодно. Нөгөө нь тэвнийн чинээ өчүүхэн юм олж гэмээнэ тэмээн чинээ болгоод тэрэндээ өөрийгөө холбоод ирээдүйд их хүн болж хүрэхийг зорино. Даанч үнэн, худал хоёр нэг саванд багтахгүй зовооно. Худал худал хэвээр, үнэн үнэн хэвээрээ маргаашид золгоно. Тэр үед хэн хэний дүрд тоглосон нь тодорхой болно. Харамсалтай нь өөрсдөө ойлгохгүй өнгөрнө. Авьяаслаг хүний шинж авьяасаа үнэлж хөгжүүлэх. Авьяасгүй хүний шинж авьяастайд тооцож хийрхэх. Надад хүрэлцээтэй авьяас билиг заяасан Аллах тэнгэрт мөргөнө. Хэрэв ийм хэмжээний авьяасыг чөтгөрөөс заяасан ч би тэрэнд сөхөрч, мөргөх байсан. /Тэмдэглэлийн дэвтрээс/ Үнэн авьяасанд үхэл байдаггүй. /Ардын ухаанаас/ Ухаан бол хүмүүнлэгийн боол. Авьяас хэзээд хүмүүнлэгийн болоод хөрөнгө мөнгөнд захирагдахгүй. Тэр эрх чөлөөтэй ирээд эрх чөлөөтэй буцдаг. Бүргэдийн тухайд ан барих нь баатарлаг явдал биш, байгаа нь л тэр. Жинхэнэ авьязслаг найрагч нартад шүлэг бичих нь түүнтэй адил. Тэд онгирохгүй зорилго л тавьдаг. /Өврийн дэвтрээс/ Х.Байыт /яруу найрагч/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 128 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax