Forever Fashion

2007-5-1 - Монголчуудын хувцас, гоёл чимэглэл
Ангилал: Монгол

IХ-ХХ зууны эхэн Монголчуудын хувцас, гоёл чимэглэл Origo.mn

2006 оны 10-р сарын 19, 13:14

Монгол улс нь бараг нэг угсаатны /үндэстний/ улс юм. Эдүгээ нийт хүн ам 2.4 сая, үүний 95% орчим нь монголчууд, 5% орчим нь түрэг гаралтай казак, тувачууд болно. XIX зууны сүүлч XX зууны эхэн гэхэд Монголд 20 орчим угсаатны жижиг бүлэг, ястангууд амьдарч байсан бөгөөд эдүгээ угсаатны нэр, уламжлалт соёлынхоо зарим онцлогийг хадгалсаар байна. Тэдгээр нь гарлын хувьд монгол, түрэг, түнгүүс гэсэн гурван бүлэгт хуваагддаг. Түрэг гаралтай угсаатны бүлгийн хамгийн том нь Баян-Өлгий аймгийн казакууд, мөн аймгийн мончоог, тува урианхай, Увс аймгийн Тариалан сумын хотонгууд, Хөвсгөл нуур хавийн цаатан нар юм. Түнгүүс гаралтай хамниган нар Хэнтий, Дорнод аймагт буриадуудтай хольцолдон суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгүүдийн хамгийн олон тоотой нь халхчууд юм. Халхчууд монголын бараг бүх аймагт суурьшсан. Нийт хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг. Монгол гаралтай угсаатны бүлгийн дотор ойрад монголчууд томоохон байр эзэлдэг. Энэхүү бүлэгт дөрвөд, баяд, торгууд, өөлд, захчин, мянгад мөн алтайн урианхай нарыг багтаана. Эдгээр нь Монголын баруун хэсэг Увс, Ховд аймагт суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгийн нөгөө нэг томоохон нь Монголын умард болон дорнод хэсгээр суух дархад, буриад, барга, үзэмчин, дарьганга нар билээ. Монгол хувцасны түүхэн уламжлал Монгол угсаатны хувцас нь тус орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ. Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг. Хүннү (мэө III-мэ I зуун) нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн малтлагаар олдсон Хүннү нарын хувцасны судалгаанаас үзэхэд тэд баруун, зүүн тийш зөрдөг энгэр бүхий дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гуталтай байжээ. Хүннү гүрний халааг авч төр улсаа мандуулсан Сяньби (мэ II-IV зуун), Жужан (мэ IV-VI зуун) нарын хувцас ч мөн хожмын монгол хувцастай төстэй байсан нь сурвалж баримтаас мэдэгдэж байна. Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын дотор Хитан нарын хувцас эртний монгол хувцасны уламжлалыг гүнээ хадгалсаныг судлаачид тогтоосон байдаг. Тэдний дээл нь зөв дарсан ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл нь хив малгай, юүдэн, алчуур болохыг түүхэн зургаас харж болно. Дундад зууны үед монголчуудын хувцас, чимэглэл нь улам төгөлдөржиж, Мөнх хаан (1252 онд), Хубилай хаан (1275 онд) нар тайлга ёслолын хувцасны хуулийг тогтоожээ. Ийнхүү хуульчлан тогтоосоноор тухайн хүний зэрэг дэв, оролцох үйл явдлын дагуу хувцас, өмсгөл нь ёслолын, албаны, цэргийн хувцас хэмээн ангилагдаж байжээ. Энэ үеийн монгол дээл нь ташуу зөв энгэртэй байсан бөгөөд бүдүүн цэмбэ, арьсан дээл өмсдөг байснаа хожим торгомсог бөс дээл өмсөх болжээ. Тухайн үеийн хувцасны биет дурсгал бидний үед ирээгүйн учир эртний түүхэн сурвалж бичиг, монголоор зорчигсдын тэмдэглэл болон дүрслэх урлагийн зарим дурсгалаас ургуулан энэ үеийн хувцасны тухай тоймлож болох билээ. ХV-XVII зуунд монголчуудын дээл зонхилон мөөрөлжин энгэртэй байв. ХVII зууны үед монголд буддын шашин дэлгэрсэнээр монгол ламын хувцас өвөрмөц онцлог бүхий хэв маягтай болжээ. Монгол лам нар ташуу мөөрөлжин энгэртэй, урт уужим ханцуйтай дээл өмсөж байжээ. Манж чин улс ХVII зууны үеэс хятад, монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн байна. Манж чин улсаас "Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт" монгол ван, гүнгүүдийн цол хэргэм, зэрэг дэвийн хувцасны маяг, хэрэглэх зүйлийг хуульчилсан байна. Ингэснээр монголын ноёд, тайж нар ван, гүн, бэйл, бэйс зэрэг шинэ цол хэргэмтэй болж манж ямбаны хувцас өмсөх болжээ. Манжийн ноёрхолын үед монгол эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж, дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлийн ханцуй нударгатай болжээ. Харин лам болон эхнэр хүний дээлэнд эртний монгол дээлний мөөрөлжин энгэр хэвээр хадгалагдаж байсан. Эрт үед монгол эхнэрүүд өндөр оройтой богтаг малгайтай, 2 салаалж сүлжин дугтуйлсан (үсний гэрэнд хийсэн) үстэй байснаа ХVII зууны үеэс зарим ястны тухайлбал, мянгад, халх эхнэрүүд дэргэр үс самнах болж дээлэнд нь өөрчлөлт орж дөрвөлжин энгэр, түнтгэр мөр дэлгэрчээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноос "толгойн боолт", "үсний хавчаар", "үсний гэр" хэрэглэх болж, мөнгөөр урлах болжээ. Халх эхнэрийн толгойн боолт нь эрт үеийн богтаг малгайнаас улбаатай гэдэг. Манжийн үед тогтсон албаны хувцасны хэв маяг 1911 он хүртэл тогтвортой байсан. 1911 оноос хойш Монгол улсын хаан, хан, ван, гүн, бэйл, бэйс, тайж, түшмэдийн өмсгөл эдлэл хэрэглэлийн хэв маягийг шинэчлэн тогтоосон боловч манжийн үеийн хувцасанд бага сага өөрчлөлт оруулсан. Богд хаант Монгол улсын үед лам нарын ямбаны хувцас, цэргийн дүрэмт хувцасны хэв маягийг бас журамлан тогтоожээ. 1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямба ёслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийн хийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросын соёлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн. Орчин үед дэлхий нийтэд даяарчлал өрнөж, дэлхийн үндэстэнүүдийн эдийн соёлын харилцан нөлөөлөл чөлөөтэй болсон энэ үед монголчуудын уламжлалт хувцас хөгжлийн зүй тогтлоороо шинэчлэгдэж байна. Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэл Халхчууд өөрийн өвөрмөц хувцас, гоёл чимэглэлтэй билээ. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг. Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна мөнгөн эмээл, хазаар, сайн модоор хийж яс, мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш, манан соруултай ганс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог байжээ. Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх "ууж" хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ. Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм. Халх эхнэрийн гоёл чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох "толгойн боолт", "үсний гэр", "үсний хавчаар", "энгэрийн гуу", "хүзүүний зүүлт", "ээмэг", "бөгж" тэргүүтэн алт, мөнгө, шүр сувдан эдлэл ордог. Ойрад монголчуудын хувцас, гоёл чимэглэл Өнгөрсөн зууны эхэн гэхэд ойрад монголчуудын дээл хувцас, малгай, гутлын хийц маяг тэдгээрийг нэрлэж заншсан байдал бусад монголчуудаас нэлээд ялгаатай байсан бөгөөд монгол хувцасны дундад эртний уламжлалыг нэлээд хадгалж ирсэн шинжтэй. Ойрадуудын хувцас, гоёл чимэглэлийг дөрвөд ястаны жишээн дээр тайлбарлая. Дөрвөдүүд өвөлд бусад монголчуудтай адил нэхий, хурганы арьсаар оёсон дээл, зунд бөс, торго, чисчүүгээр хийсэн тэрлэг өмсдөг байжээ. Энэхүү үстэй дээлийг "дэвэл", "үч" гэж ялган ангилдаг байв. Дэвэл гэдэг нь гадар татаагүй цагаан нэхийгээр оёсон дээл байдаг бол бөс торгоор өнгө татаж оёсон дээлээ "үч" хэмээн нэрийдэнэ. Зуны улиралд эрэгтэйчүүд дан, давхар "лавшиг" хэмээх тэрлэг өмсөнө. Дөрвөдүүд нөхөрт.гараагүй бүсгүйг "сэвгэр" гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг "лавшиг"гэдэг. Эхнэр хүний өмсдөг уужийг "цэгдэг" хэмээн нэрлэдэг байжээ. Дөрвөд дээл хувцасны нэг өвөрмөц гоёл нь "тасам", "киаз" юм. Энэ нь хүмүүсийн нас, хүйс, намбанд тохирсон байна. Эрэгтэйчүүдийн өвлийн дэвэлийн "тасам" нь хар хурганы үс, хар хилэн байдаг бол эмэгтэйчүүд дээлийнхээ зах, энгэр, ташааг нийтэд нь хараар тасамдаж (каазлаж) ирмэгийг улаан, ногоон өнгийн бөсөөр өнгө ялган эмждэг. Ойрад эхнэр хүний дээл нугалаастай том цагаан захтай байдаг. Хүүхдийн дээл хувцас өвөл, зуны улирал болон хүйсээр ялгагдах зүйлгүй, уламжлалт "үч", "дэвэл", тэрлэг өмсдөг байв. Дөрвөдүүд толгойн өмсгөлөө "малхай" гэж нэрлэдэг. XX зууны эхэн гэхэд дөрвөдүүд төгрөг, тоорцог, тойруул, дуулха, халбан, хасаг малгай гэх зэрэг хэд хэдэн төрөл малгай өмсөж байжээ. Дөрвөд малгайн онцлог нь эртний монголчуудын малгайн хэлбэр маягийн улбааг хадгалсан гадуураа хүрээтэй, ардаа уртавтар шилтэй, орой нь намхан байжээ. Мөн өвөлд малгай буулгахгүй явах зориулалт бүхий "хулхавч" хэмээх хурга, үнэгний арьсаар доторлож бөсөөр өнгөлсөн нэгэн зүйл өмсгөл хэрэглэнэ. Дөрвөд эмэгтэйчүүд хээ угалз хатгаж гоёсон хулхавч их өмсдөг байжээ. Эртний монголчуудын гутлын хэв маягийг илүүтэй хадгалж ирсэн нь ойрад монголчуудын гутал гэдэг. Түүний нэгэн тод жишээ бол "дөрвөд госон" юм. Энэ гутлын онцлог нь түрүү, толгой үргэлж, эсгий улгүй, харин гадна талаас нь ширээр улладагт байдаг ажээ. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гутал, канчин хэмээх дөрвөн янзын гутал өмсч иржээ. Монголчууд эртнээс алт, мөнгөөр урлан дархалж эрдэнийн чулуу шигтгэн чимсэн гоёл чимэглэл зүүж, гоёж ирсэн түүхтэй. Дөрвөдүүдийн гоёл чимэглэлд мөнгөн чимэглэл зонхилно. Эмэгтэйчүүд гэзэг үс, чих, хүзүү, гар хуруундаа мөнгөн гоёл их зүүдэг байжээ. Дөрвөдүүд охид, хөвгүүдээ 17-18 нас хүрэхэд нь нас бие гүйцлээ гээд гэзэг үс тавьдаг заншилтай байв. Хөвгүүдийн үсний үзүүрт "ширээсэн" буюу "залгаа", охидуудын (сэвгэрүүдийн) үсэнд "боодог" хэмээх чимэглэл зүүж өгнө. "Боодог" нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт нь цацаг. гаргасан нэгэн зүйл гоёл болно. Тэд мөн хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ "төдөг" хэмээх дан мөнгөн гархи зүүнэ. Сэвгэрүүд дээлийнхээ энгэр ташаанд "кэтэч", "сүүвч" хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамалтай жижиг хавтага (сав), зүүж гоёно. Ойрад монголын эрэгтэйчүүд мөнгө болон гангаар хийсэн хэт, хутга, аяга, сахлын чимхүүр, үнэт чулуугаар урласан "хөөрөг", "ганз" (ганс) эдэлж иржээ. Баяд эрчүүд өвөлд хоолой, энгэр, хормой, ташаагаар хар хилэн тасам эмжээртэй цагаан нэхий дээл өмсдөг байв. Зун цагт эрэгтэйчүүд гоёлд хөх, цэнхэр өнгийн чисчүү дээл өмсдөг бөгөөд өдөр тутам даавуу, даалимбан лавшиг (тэрлэг) өмсдөг байв. Баяд болон ойрад эрчүүд "морин хийлэн" гэгч цамц өмсдөг. Морин хийлэнгээс гадна лавшигний зах энгэртэй адил энгэртэй цамц өмсөнө. Үүнийгээ "өвөр хийлэн" гэнэ. Баяд эрчүүд "хэвнэг" хэмээх өмсгөлийг бороонд өмсдөг байжээ. Нөхөрт гарч гэрлэсэн эхнэр хүний хувцас нь эхнэр дээл, цэгдэг юм. Тэрлэг нь бусад ойрад эхнэрийн адил цагаан бөсөөр хийсэн захтай байна. Цагаан захны хуниас 8, 12 гэсэн тэгш тоотой, захын ирмэгийг тойруулан эргэн тойрон улаан ногоон утсаар дөрөв шаглаж чимэглэнэ. Баядууд хэд хэдэн төрлийн малгай өмсдөг байжээ. Тухайлбал, сээтгэр малгай, тойруул тоорцог, тоорцог, дуулха, лоовууз, товь гэх зэрэг олон төрөл малгай өмсөж эдлэж байжээ. Баядууд ихэвчлэн улаан өнгийн гутал (госон) өмсдөг байжээ. Энэхүү гутал нь тэмээний утсаар ширж, давхар бөс даавуугаар бүрж оёсон ширмэл ултай. Улаан госыг хар модны зодогны хандаар улаан өнгөтэй болгож элдэж талхисан арьсаар оёдог байсан бөгөөд уг гутлаа ажилд өмсдөг байжээ. Гутлынхаа дотуур эсгий оймс, мөн эсгий бойтог өмсөнө. Баяд эрчүүдийн ажлын өөр нэгэн гутал нь адуучны госон юм. Холтосны шүүсээр будсан сэрхийн арьсыг хоёр гурав давхарлан ширлэн уллаж, эсгийгээр доторлоод уланд нь эсгий дэвсэж, гутлын түрийний дээд ирмэгийг булигаар, илгээр даруулан хийдэг ажээ. Дарьгангын хувцас, гоёл чимэглэл Дарьгангачууд хэмээн монгол даяар нэрлэгдэх болсон угсаатны бүлэг нь Дарь уул, Ганга нуурын нэрээр нэрлэгдсэн юм. Тэд Манжийн эзэн хааны дархан сүргийг маллах болсон ард иргэдээс үүсэлтэй. Дарьгангачууд өөрийн гэсэн өвөрмөц ахуй, соёл, зан заншилтай. Дарьгангачуудын хувцас нь халхчуудын хувцастай төстэй. Зуны улиралд эрчүүд бөс даавуун тэрлэг өвөл бусад монголчуудын нэгэн адил хонины нэхийгээр оёсон үстэй дээл, хавар намрын сэрүүнд "ханжаар-хантааз", "давхац-хүрэм" өмсдөг. Эхнэрүүд нь дулаан цагт эхнэр дээл, урт ууж, өвөлд мөн адил хийцийн нэхий дээл өмсөж байжээ. Дарьгангачууд хилэн малгай, тоорцог, товь, маахууз, овоодой, шовгор оройтой малгай өмсөхөөс гадна чихэвч бас алчуур зангидана. Гутлын хэлбэр загвар нь ерөнхийдөө монгол гутлынхтай адил. Гутлыг хавчуулж оёсон сарьс, түрий зулагт байгаа угалзын тоо, улны хийц төрхөөр 3 сарьстай, 36 угалзтай зурмал улт, 2 сарьстай, 18 угалзтай наамал улт, 4 сарьстай ширмэл улт гутал гэх зэргээр нэрлэдэг. Цаг улиралын байдалд тохируулан бөс буюу эсгий оймс өмсөнө. Дарьгангачууд алт, мөнгөний уран дархаараа нэн алдартай тул "дарьганга хийцийн" алт мөнгөн эдлэл гоёл чимэг нэрд гарч байжээ. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг охидын, эхнэрийн хэмээн ялгаж болно. Тэдний гол чимэглэл нь толгойн өмсгөл чимэглэл юм. Охидын даахийг багад нь хоёр салаа эвэр болгон засаад, дараа нь тав гэзэгтэй болж, нас бие гүйцэхийн хамт үсээ ургуулан нэг салаа гэзэгтэй болсон үедээ чихэндээ гархи зүүж, үсэндээ шүр, сувдтай мөнгөн дарлага хаддаг. Эхнэрүүд нь халх эхнэрийн нэгэн адил эхнэр дээл, хилэн малгай, урт-ууж, ээтгэр хоншоортой монгол гутал өмсдөг байжээ. Дарьганга эхнэрүүдийн гоёл чимэглэл нь өвөрмөц хийц бүхий "татуур"-толгойн боолт, "хавчаар", "сүйх", "шивэргэл"-үсний гэр, ар мөрийн "гуу", "шалиг"-бэл зэрэг болно. Тэдгээрийг мөнгөөр урлаж, шүр, сувд, номин эрдэнийг шигтгэн чимэглэнэ. Ном зүй 1. М. Амгалан. Баруун Монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйлс. УБ.2001 2. Х.Нямбуу. Монголын угсаатны зүй. (Удиртгал) УБ.1992. 3. А.Очир. Т.Дисан. Монгол улсын өөлдүүд. УБ.1999. 4. А.Очир. Монголын ойрадуудын түүхийн товч. УБ. 1993. 5. Монгол улсын угсаатны зүй. I боть. УБ.1987. 6. Монгол улсын угсаатны зүй. II боть. УБ.1996. 7. Монгол улсын угсаатны зүй. III боть. УБ.2000. 8. Монголын соёлын түүх. I боть. УБ.1999 Origo.mn -c

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 127 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant