Forever Fashion

2007-05-01 - Халх Хувцас
Ангилал: Монгол

Origo.mn

2006 оны 01-р сарын 11, 20:32

Эртний монгол дээл, тэрлэг нь хув (монгол) захтай байснаа түүхэн хөгжлийн явцад хувцсанд шинэ элемент нэмэгдэн боловсронгуй болж, монгол дээл тойруул захтай болсноо дараа нь дөрвөлжин маягийн захтай болжээ. Мөн задгай энгэртэй дээл, тэрлэг бас хэрэглэж байсан билээ. Эртний хув захтай дээл тэрлэгний загвар лам хувцсанд уламжлагдан үлдсэн нөгөө ердийн энгэр, задгай захтай дээл тэрлэгийн хийц загвар нь өнөөгийн ардын хувцсанд өвлөгдөн үлдсэн байна. Өнөөгийн хэрэглэж буй дах, дэгтий, хүрэм зэрэгт ч уламжлалт хувцасны хийц загвар, элемент өвлөгдөж ирсэн байна. Тухайлбал, хүрэмний энгэр, захны хийц нь эртний дээл, тэрлэгний загвар өвлөсөн, дэгтий иь годон ба хөмөн гутлын байдлыг хадгалсан, дархны ерөнхий хийц, эсгэх, оёх арга, товч шилбэний тоо зэрэг нь эртний задгай энгэртэй дээл тэрлэгний загвар хийцийг ямар нэг хэмжээгээр өвлөн үлдсэн байна. Монгол үндэсний дээл баруун гар тийшээ зөрөөн, сугандаа шилбэн товчтой, ар хормой яльгүй, урт, урд хормой бага байдаг. Монгол хув энгэртэй дээл тэрлэгийг хүмүүсийн байнгын хэрэгцээ гоо зүйн шаардлагаар хув заханд тойруул зэх залгаж хийдэг болсон бололтой. Тойруул зах нь нэг талаар гоёл болох бөгөөд уг хувцсанд нэг элемент нэмэгджээ. Үүнээс гадна энхрий хүүхдэд мөн авгай хүний дээлний загвар хийцтэй дээл, эсвэл буруу энгэртэй дээл өмсгөдөг ёс байв. Монгол дөрвөлжин энгэрт дээл, тэрлэг нь баруун тийш зөрөх энгэртэй, хүзүү хоолойд таарсан босоо захтай, сугандаа нэжгээд, энгэртээ хос товч, шилбэтэй юм. Монголчуудын түүхэн хөгжлийн явцад үүсэж, хэлбэршин тогтсон үндэсний хувцас нь тэднийг бусад угсаатнаас ялган таних гадаад нэг тэмдэг болдог. Халхчуудын хувцас нь нийтлэг шинж агуулахын хамт нутгийн өвөрмөц онцлогийг бас хадгалжээ. Халхчуудыг нутагласан газар аж ахуйгаа хөтлөх арга ажиллагааны болон, зан заншил, хэл аялгууны нь зарим онцлогийг харгалзан төв, баруун, зүүн, өмнөд халх хэмээн хувааж болно. Ингэж хуваахдаа тэдний нутгийн хилийг маш нарийн тогтооход хэцүү бөгөөд ерөнхийдөө монгол орны байгалийн бүс, бичил бүсийг энд бас харгалзан үзэж болно. Мөн ардуудын дэвсгэр нутаг нь худалдааны төвөөс хол, ойр байхаас хамаарч хувцас хийх эд, бөс нь янз янз байснаас гадна хөрш ард түмэнтэй хэрхэн харилцаж, ямар эд бараа авч, соёлын талаар тэдний нөлөө хэрхэн тусаж байсан зэрэг нь ч хувцсанд нь зохих ёсоор нөлөөлдөг байна. Манай говьчууд улс төр, соёлын төвөөсөө хол, хоорондын харилцаа холбоо сул байсан учир тэдний хувцас нь ялимгүй боловч бусдаасаа удаан өөрчлөгдөж байсан нь ажиглагддаг. Өмнөд нутгийн халхад хувьсгалаас өмнө эмэгтэй дээл хэрэглэж байсан гэх боловч одоо 60-70 настай ахмадаас сурвалжлахад, тэд өөрсдөө эмэгтэй дээл хэрэглэж яваагүй, харин тийм дээл хэрэглэж явсан ганц нэг хүний тухай сонссон гэж мэдээлж байна. Халхын төв нутагт гарсан, хувцасны шинэ загвар, хийц говьд нэлээд хожуу дэлгэрдэг байсан юм гэж настайчууд мэдээлдэг. Говьчууд байгалийн хатуу ширүүн нөхцөлд тохирох хувцсыг сонгож, арай илүү хэрэглэж байсан нь мэдээж юм. Говийн халуунд нимгэн, цайвар эдээр хийсэн элбэг тавиу тэрлэг өмсөнө. Мөн говьчуудын монгол гутал нь өргөн ултай, ээтэн бус хушуутай, малгай нь төлөв шовгор оройтой ажээ. Төв нутгийн халхчуудын авгай хувцасны өнгө тод, гоёл чимэг харьцангуй их, чамин хийцтэй, дээлний нударга цомбон, мөрний түнтгэрийн дээд хэсэг нь тал саран хэлбэртэй, доод сууринд өрөг ширээсэн хуниас гаргаж урласан онцлогтой юм. Ийм хийцтэй мөрний түнтгэр нь авгай хүний өмсгөл нэлээд гоё, чамин болсон, хожуу үеийн элемент юм. Халхчуудын малгайн хэвсэг нь сөхөх, буулгах буюу эсвэл байнга сөхөөтэй байхад зориулсан онцлог хийцтэй. Мөн гутал нь харьцангуй нарийн ултай, хушуу ээтэн юм. Халх авгай, баруун нутгийн халхчуудын авгай дээлний хийц маяг, загварыг бусад нутгийнхтай жишиж үзэхэд, мөрний тунтгэр нь хавчиг бөгөөд босоо бус хийцтэй. Дүрсэлж хэлбэл, нялх ботгомы бөх мэт хэлбэртэй юм. Авгай дээлийн мөрийг гол төлөв арьсаар хийдэг байжээ. Тэдний малгай нь хавтгай, дугуй оройтой байхаас гадна хэвсэгний омог нь ар шил рүүгээ тавиу (унжуу) байдгаар онцлог ажээ. Баруун нутгийн халхчуудын дээл, тэрлэг голдуу хөх, цэнхэр өнгөтэй. Мөн малгайн гадар ч бас хөх өнгөтэй, хурганы хар болон хөх арьсаар доторлоно. Энэ нутгийн халхуудын гутлын ул өргөн, хушуу банхгар байдаг нь орон нутгийн буюу бүс нутгийн хийцийн онцлог болно. Баруун нутгийн халхчуудын зарим хувцасны хийц, загварт зах залгаа хөрш нутагладаг ойрадуудын нөлөө туссан байна. Халх эмэгтэйчүүдийн хувцас. Монгол эмэгтэйчүүдийн хувцсанд авгай дээл, өмсгөл чухал байр эзэлнэ. Айлын эхнэр болох эмэгтэйн өмсгөл хувцсыг хүүхний эцэг, эх анх бэлтгэж өгдөг заншил уламжлагдсаар байжээ. Эцэг эх нь айлын бэр болох охиндоо арваас дээш зах хувцас хийж, түүнийгээ хуримын өдөр нь ёс төртэйгөөр бэлэглэдэг заншилтай. Монгол авгайн дээл, тэрлэгийг монгол хэлтгий энгэрт дээлний загварт тулгуурлан урласан авч бас ёслолын хувцасны өвөрмөц онцлог хадгалжээ. Халх,авгайн дээлний ханцуй нь гол төлөв хоргой бөгөөд туузлан алаглуулсан эрээн гоёлтой. Дээл нь ханцуйны уг буюу өөрөөр хэлбэл, мөрний залгааснаас дээш илүү гарсан дэрвэгэр мөртэй юм. Тэр дэрвэгэр мөрийг цардан дотор нь эсгий болон тэмээний ноос чихэж түмбийлгэдэг бөгөөд, түүнийг түнтгэр гэж нэрлэнэ. Энэхүү мөрний түнтгэр нь халх авгай дээлний нэг онцлог болно. Мөн дээлний хормойн баруун, зүүн доод талд хоёр оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн гоёлготой юм. Авгайчуудын гоёлын дээл, тэрлэгийг гол төлөв тод улаан дэвсгэртэй ногоон, ягаан өнгийн навч цэцгэн хээтэй, саатай торгоор хийдэг ажээ. Дээлний энгэр, зах зэргийг хөх хоргойгоор дан өрген эмжиж, түүний дотуур мурий мөнгөн саагаар хошмог тавьж, давхар эмжээр гаргасан байна. Хормойг (дээлний) тойруулан хар дэвсгэртэй хоргойгоор хоёр хуруу илүү өргөн эмждэг. Дээл тэрлэгний ташааг хоргойгоор эмжин гоёж, эмжээрийн дотуур биеэр нь шар, ногоон мяндсан утсаар давхар эмжинэ. Мөн дээл, тэрлэгний түнтгэр мөрийг дээлний өнгөтэй ижил торгоор бүрж, мөрний хуниасыг нь дээлнийхээ зах талд нь гарган урладаг. Дээлний мөрийг бас дэрсэн нумаар дотроос нь тийрүүлэн түнтгэр болгох учир буй бөгөөд тийм дэрсэн нумтай мөрийг алхан хээтэй саа, солонгон тууз зэргээр гурав эмжин гсёдог байв. Дээлийн ханцуйн гадрыг улаан,өнгийн хас, хаан,бугуйвч, хатан сүйх навчин хзэтэй цэгаан хоргойгоор, харин ханцуйны дотоод талыг шар саа, луу хээтэй улаан торгоор хийж, нударгыг нь дотоод энгэр хийсэн бүсээр өнгөлж, хээ угалз бүхий цагаан хоргойгоор доторлон, нударганы омгийг хар торгоор эмжин, өнгө хоршиж гоёно. Дээл, тэрлэгний. товч шилбийг саагаар (саатай торгоор) хийж, энгэрт хос, зах, суга, ташаанд олон товч хадна. Эмэгтэй хүний дээлний энгэр дөрвөлжин бөгөөд эр хормой, дотоод хормойг нэг үргэлж эдээр эсгэж, энгэр, гадаад хормойг тусгай хийж залгадаг онцлогтой. Эхнэр дээлний түнтгэр мөр хийсэн эдээр буюу адил өнгийн эдээр эрүү ханцуйны хоёр хажуу биеийг хийдэг байсан. Мөн дээлний мөшгөөрийн дээд доод биеэр эмжин өнгөний хослол, хийц, гоёлын онцлогийг илэрхийлнэ. Авгай дээл, тэрлэгний энгэр, захыг хоёр өнгийн хоргойгоор өргөн, нарийн хоёр эмжиж, уг хоргой эмжээрийг хоёр хуруу өргөн хөх буюу хар эдээр тойруулан гоёод, дээд биеэр нь өнгийн тууз хадаж, хормойны оноог үзүүр сөөм хэмжээтэй гаргадаг зэрэг нь эмэгтэйчүүдийн дээлний хийц, гоёлд тогтсон зүйл байжээ. Мөн залуу эхнэрийн дээлийн нударга цомбогор, хижээл авгайнх талбиу байдаг онцлогтой. Эхнэр дээлийн нударга хийх эд нь цэнхэр, хөх, хэх цэнхэр үндсэн өнгөтэй. Залуу авгайн дээлийн нударганы дотор тал нь цэнхэр хөх байхад настай авгайчуудынх хөх цэнхэр байдаг нь хэвшсэн зүйл болно. Дээлийн нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай гэж хоёр ангилдаг бөгөөд цомбон нударгыг гоёлын болоод залуувтар хүмүүсийн хувцсанд хэрэглэнэ, Харин хижээл хүмүүсийн дээлэнд дэлбэн нударга хийнэ. Дээлний нударга нь хүндэтгэл, бэлгэдэл, гоёлын учир утгатай байхаас гадна гарыг хамгаалах үүрэгтэй. Дээл тэрлэгний ханцуйд үргэлж, эсвэл саланги хоёр янзын нударга хийдэг байв. Монголын эдийн соёлын нийтлэг шинж тэдний өмсөх, хэрэглэх хувцсанд тод тусгагдахын хамт бүс нутгийн өвөрмөц шинж ч илэрнэ. Тухайлбал халхын төв нутагт дээлийн нударганы омог хурц бөгөөд дэлбээ нударгыг ихэд эрхэмлэдэг байхад, боржогоны дээлийн нударга унаган туурай хэлбэртэй байжээ. Эдгээр нь халх нутгийн дотор ч эдийн соёлын элементийн зарим ялгаа байсныг илэрхийлж байна. Халхад хүний өмсөх хувцас таван омогтой байх ёстой гэж дээлийн энгэр захны омог, малгайн хэвсэгний омог, нударганы омог, оймсны харааны омгийг хурц хийдэг байснаараа онцлог юм. Эмэгтэйчүүдийн хувцасны нэг нь эхнэр дээлийн хамт өмсдөг ууж болно. Ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай юм. Уужны урт, дээлийн урттай эн тэнцүү, оноо нь дээлийнхээс яльгүй богино. Ууж нь гоёлын, ажлын гэсэн хоёр янз байдаг. Мөн цээж ууж (богинохон), урт ууж (хормойтой) гэсэн хоёр янзын ууж хийж өмсдөг байв. Уужийг дээлнээс өөр өнгийн эдээр хийдэг бөгөөд зах, энгэрийг нь хоргойгоор өргөн эмждэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл юм. Дээр өгүүлснээс үзэхэд, халх эмэгтэйчүүдимн дээл, тэрлэг нь зах, энгэр, ханцуйн ар, өвөр, дотоод хормой, мөрний түнтгэр гэсэн үндсэн хэсгээс бүрддэг байжээ. Эмэгтэйчүүдийн дээл, тэрлэгийг ийнхүү төрөл бүрийн эдээр өнгө хослуулан хийж олон сонин хээ угалз гаргаж, гайхалтай сайхан тааруулан урлаж хийдэг байсан нь өнгө, хээ угалзны чуулган бүрдүүлдэг байжээ. Тэгэхдээ эмэгтэйчүүдийн дээлний өнгөний хослол, хээ гоёлол сэлт нь бүсгүй хүний намба төрх, нүүр царай, түүгээр үл барам, унах морины зүс, тохох эмээлийн өнгө гоёл зэрэгтэй зохицон нийцсэн маш нарийн ур ухааны бүтээл юм. Эрэгтэйчүүдийн хувцас. Эрэгтэйчүүдийн өдөр тутмын хувцасны гоёлго чимэг нь маш энгийн байв. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу, уртавтар дугуй хэлбэртэй байдаг. Ийм загвар хийцтэй дээл 19-р зууны үед түгээмэл байв. Монголчууд гадаад, дотоодын давхар дарлал, мөлжлөгт талхигдан эрх чөлөөгүй бөглүү, хоцрогдмол байсан боловч байгалийн эрс тэс улирлын нөхцөлд тохирсон хувцсаа хийж өмсөн, баяжуулан хөгжүүлсээр байжээ. Ардууд хонины элдсэн цагаан нэхий дээл, даавуу, даалимба, чисчүү, торгоор гадарласан хурган, ишгэн дээлийг голдуу өмсдөг байв. Эрэгтэйчүүдийн дээл, тэрлэг нь энгэр, зах, гадаад, дотоод хийгээд ар, өвөр хормой, ханцуй, товч, шилбэ зэргээс бүрдэнэ. Эрэгтэйчүүдийн дээл, тэрлэгний уламжлалт загвар, хийц нь нэгдүгээрт, янз бүрийн унаа, уналгаар зорчин явахад зохицон таарсан, хоёрдугаарт, өмсөх хувцас, унтаж амрахад хучлагын үүргииг давхар гүйцэтгэх, гуравдугаарт эрхэлсэн аж ахуйгаас авч боловсруулдаг түүхий эд, өөрөөр хэлбэл, хийх эдийн шинж чанар зэрэг онцлогийг тусгажээ. Хижээл эрэгтэйчүүдийн дээл, тэрлэгний хормой, ханцуй нь харьцангуй урт, энгэр захны омог нь даруу, тасамдан, товч шилбэ нь бадриун, цөөн тоотой байдаг. Харин залуу эрэгтэйчүүдийн дээлний зах, энгэрийн омог хурц, ханцуй, хормойны урт хүний чацанд тохирсон, товч, шилбэ, тасам хоёроос гурваар байдаг онцлогтой. Ер нь дээлийн хийц загвар нь өмсөх хүний биеийн галбир, чац үзэмжид тохирсон. Ардын хувцас нь улирлын байдалд тохирох үндсэн хоёр янз бөгөөд, урин цагт дан тэрлэг, давхар тэрлэг, чинээлэг этгээд хамба, илгэн дээл, нимгэн дээл, одончуу дээл өмсөх, мөн сэруун улиралд хөвөнтэй дээл, хурган дээл, сэгсүүргэн дээл, сармай нэхий, азарган нэхий дээл, ишгэн, ямаан, илбэнхэн, хярсан, чонон, туулай, аргаль, зээрийн арьсан дээл өмсөж, их хүйтэнд дээлийн гадуур ямаан дах, нохой, чоно, баавгайн арьсан дэх давхац өмсөнө. Эдгээр хувцасны дотроос хамгийн түгээмэл хэрэглэдэг нэхий, хурганы арьсан дээлийн талаар бага зэрэг дэлгэрүүлэн өгүүлье. Ардууд азарган нэхий дээлийг хамгийн дулаан хувцсанд тооцох бөгөөд түүний удаад нь азарган сэгсүүрэг, дараа нь намрын хонины үзүүр хэсэг, хурга, ишгэн дээл орно. Дээл хийдэг арьс, нэхийн дулаан хадгалах. дамжуулах чанарыг харгалзан тэдгээрээр улирал, улиралд тохирсон хувцас хийнэ. Нэхий дээлийн ар нуруунд хоёр хагас, өвөр энгэр, хормойд хоёр, дотоод энгэрт нэг, ханцуйд тус бүр нэжгээд нэхий ордог гэж ардууд тооцоолдог. Тэгэхлээр нас тогтсон 170 см чацтай эрэгтэй хүнд найман нэхийгээр дээл хийдэг байна. Нэхий дээл хийхэд нэхийний суга цавийг цойлдож, үс татаж, үс хөрс нийлүүлэн хийхэээс гадна хэрэв нэхий элбэг бол зоолон хийнэ. Хөрсийг аргалын утаагаар утаж хонгор шаргал өнгөтэй болгож, заримдаа дээр нь хээ угалз тавина. Хурганы арьс бол нэг дээлэнд гучаас гучин хоёр ширхэг орно. Хурганы арьсаар дээл хийхдзэ мөн цойлдон хөрс, үс, түүний өнгө зэргийг сайтар нийлүүлж хийдэг. Хөнгөнийг бодож ишгэн дээлийг настайчууд голдуу өмсөнө. Мөн хүүхэд эмэгтэйчүүд өмсөнө. Ишигний арьсаар дээл хийх арга, орц нь хурган дээлтэй адил юм. Оготор дээл. Эрэгтэйчүүд ан авлах, мал хариулах зэрэг голдуу явган явахад зориулсан хувцасны нэг бол ахар хормойт оготор дээл юм. Ан гөрөөний арьс, хонины нэхий (тарз) зэргийг цулгуйлж, утан, талхиад элдэж боловсруулаад туүгээрээ ахар хормойт дээл хийдэг. Оготор дээлэнд эмжээр бараг үгүй бөгөөд цөөн товч шилбэтэй, шулуун энгэртэй байдаг. Оготор дээл нь хийц хэлбэрээрээ эртний ойн иргэдийн дээлийн маягийг өвлөж үлдсэн гэлтэй юм, Ахар хормойт дээлийг ядуу хүмүүс голдуу өмсдөг байсан. Ядуучууд голдуу ан авлаж, явган их явдаг байв. Нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжил, хүлмүүсийн соёлын ахиц өөрчлөлтийн дагуу оготор дээлийн хийц сайжирч, улам боловсон болсоор энгэр, зах, товч шилбэ нэмэгдэн, шууд задгай энгэр нь баруун гар тийш зөрдөг болж тоодгор дээл буй болжээ. Хүн унаа уналгаар зорчин явах үед тоодгор дээл зах энгэрээр салхи үлээж, дааруулан ая тав алдах болсноос уг дээлний шууд хагархай энгэрийг нь зөрүүлэн товчилдог, зах энгэр заамтай болгож өөрчилсөн байна. Мөн тоодгор дээлийн хормой маш ахар учир унаагаар явахад хөлийн өвдөг, шилбэ хамгаалж чаддаггүй байв. Иймд тоодгор дээлийн хормойг уртасгаж, урт дээл болгожээ. Нөгөө талаар нэхий дээл хийх эдийг хагас боловсруулдаг байснаа сүүлдээ бүрэн сайн боловсруулсан нь биед эвтэйхэн, зөөлөн дулаан болсон байна. Ийнхүү хувцас сайжирч хөгжих явцад давхац хувцас буй болжээ. Эрчүүдийн давхац хувцсанд хүрэм, хантааз, цув, хэвнэг, нөмрөг, дах, дэгтий зэргийг оруулж болно. Тоодгор буюу ахар хор мойт дээлийн загварт тулгуурлах хүрэм хантааз, хэвнэгийг хийсэн бололтой. Хэвнэг, Зун, намрын хүйтэн борооны үед болон сэрүүн цагт хээр гадаа явахдаа ахрын эсгийгээр хийсэн хэвнэгийг давхац болгон дээл дээр өмсөнө. Хэвнэг нь ахар хормойтой, шууд задгай энгэр, захтай, урт өргөн ханцуйтай, хэдхэн шилбэ уяатай баидаг. Эсгий хэвнэг нэг айлын хүн бүхэнд байх шаардлагагүй юм. Хэвнэг нь эсгийгээр хийсэн учир жингийн хувьд дээл, тэрлэгнээс харьцангуй хүнд, ажил хөдөлмөрт төвөгшөөлтэй бөгөөд зөвхөн хүйтэн, ус борооноос хамгаалах зорилготой давхац юм. Эрэгтэйчүүд хэвнэгийг өвлийн хувцасны гадуур өмсдөг. Монгол хэвгэгтэй адил төстэй хийцтэй хэвнэг киргиз, өмнөд алтайчууд, казах, синьцзяны зарим үндэстэн ястанд их дэлгэрчээ. Заримдаа малчид, анчин, гөрөөчид бороо цастай үед хонь, ямааны уринд өгсөн арьсыг урд хоёр годоор нь холбон нөмөрч, давхац нөмрөг болгон хэрэглэдэг байжээ. Ийм арьсан давхцын үсийг нь гадагш харуулан нөмөрнө. Энэ нь бороо, цасны ус арьсны үсний ширхэг даган урсахад зохицолдуулсан хэрэг юм. Хэвнэг, давхац нөмрөг нь хожим үед баяр ёслолын өмсгөл буй болох үндэс суурь болсон байна. Тухайлбал хүрэм, хантааз зэрэг нь угтаа давхац хувцаснаас үүсжээ. Тийм учраас хүрэм, хантааз эдүгээ ч давхац, гоёлын давхар үүрэгтэй хэрэглэсэзр байна. Харин оготор дээл, тоодгор дээл, эсгий хэвнэг нь эдүгээ бараг орхигдон мартагджээ. Хүрэм нь дээл, тэрлэгний гадуур давхацлах зориулалттай бөгөөд дээлний нударганы залгаад хүрсэн урт өргөн ханцуйтай, энгэр нь баруун тийш зөрсөн, зах нь өндөр, хормой нь бүснээс ялимгүй өнгөрөм урт, хоёр ташаандаа үзүүр сөөм оноотой байдаг байна. Хүрэмний зах, энгэр, хормойн байр тэргүүтэн нь дан эмжээртэй, зангидсан сампин товчтой юм. Хүрмийг давхар бөсөөр буюу хөвөнтэй хийж болно. Бас хүрмийг янз бүрийн үслэгээр доторлосон ч буй. Хантааз нь цээж хувцасны нэг төрөл, эрэгтэйчүүдийн баяр ёслолын өмсгөл болсоор ирэв. Ердийн хантааз нь задгай шууд энгэртэй, дугуй захтай дан эмжээртэй, оноогүй бөгөөд ханцуйг нь хүрэн ба хар цэмбэзр хийсэн байх нь элбэг. Иймэрхүү хантааз нь ердийн хүрэмтэй төстэй авч ханцуйгүй байдгаараа өвөрмөц юм. Хантаазыг гоёлын ба энгийн гэж хоёр ангилна. Эрэгтэйчүүдийн баяр ёслол, гоёлын хантааз бүр өвөрмөц чимэг гоёлтой. Гоёлын хантаазны захны болоод энгэрийн омог хурц, бага энгэр, дагал энгэр гэсэн хоёр энгэртэй, онооны дээд талд есөн нүхт өлзий, захны ар шил, энгэрийн эгц дээд голд бүтэн өлзий, хормойны ар, өвөр, оноо хоёр хажуу, ташаандаа бүтэн, хагас өлзий хэсгээр гоёосон байдаг. Тэдгээр өлзийг хооронд нь мөн өлзий утсан хошмогоор холбон эмжсэн байна. Хантаазны зах, мөрийн эмжээрийн дотор биеэр хос хошмог тавьж гоёсон байдаг. Хэрэв хантаазыг өлзий хээгүй урлавал энгэр, өвөр оноо, хормойны хажуу байр зэрэгт хос, заханд дан товч хадаж хийдэг байна. Ийм хантаазыг энгийн хантааз гэнэ. Хүмүүсийн давхац хувцасны доторх хамгийн нийтлэг зүйл нь дах, цув юм. Дах нь өвлийн хүйтэнд хүн алс хол юманд явахдаа өмсдөг дулаалгын зориулалттай давхац юм. Дахыг өвлийн сэрх, аргаль, янгир болон нохой, чонын арьс зэрэг ноолуурлаг болон үслэг арьсаар хийнэ. Даханд зургаагаас найман арьс ордог бөгөөд дахны үсийг гадагш харуулж хийнэ. Дахыг нэвтгэлзэх, хөвөрдөх, хөших зэрэг оёдлоор оёно. Дахны энгэр нь тууш задгай, ар хормойны чанх голд оноотой, дахны энэ хийц нь дээлийн гадуур нөмрөх болон морь унаан дээр өмсөж явахад тохирсон аж. Дахны энгэр зөрөхгүй, зах өндөр, хормой урт, тавиу, ханцуй урт, өргөн байдаг. Дахны хормой, захны ирмэгийг дагуулан хар бөсөөр өргөн тасамдана. Дах нь зах, хойд, урд хормой, хоёр ханцуй гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Дахны хийц, загвар нь эртний хүмүүсийн өмсөж байсан тууш задгай энгэртэй дээлний загварыг өвлөсөн байна. Бүс нь үндсэн хоёр зориулалттай. Нэгдүгээр үүрэг нь урт хормойтой хувцсыг хумин эвсээрхэн, дулаахэн болгох явдал юм. Нөгөө үүрэг нь хүн алив хэрэгцээтэй хутга, хавтага, байлдааны болоод ангийн сүх, сумны саадаг, агсарга зэргийг биедээ байнга авч явах зориулалттай юм. Өөрөөр хэлбэл, өөрийн биед байнга авч явах шаардлагатай эд зүйлийг бүсэндээ өлгөх, хавчуулах, зүүх зэргээр хадгалан явдаг байна, Монгол хүний бүс ч энэ хоёр үүргийг гүйцэтгэсээр иржээ. Даавуу бүсийг хэдэн янз бүсэлнэ. Бүсийг мөн гол дундуураар нь араас нь биеэ ороож бүслэх нь нийт халхад дэлгэрсэн ажээ. Бүсийг ороож бүслэхдээ, голоор нь хоёр хувааж, биеийнхээ урд талаас эхэлж, ар тийш ороож, өмнөө бүсний үзүүрийг зөрүүлэн гогцоолдон чангалаад хоёр үзүүрийг хоёр ташаанд унжуулж хавчуулна. Энэ нь бүс алдуурахгүй, нөгөөтэйгүүр гоё харагддаг гэнэ. Үүнийг буриад бүслэлт гэнэ. Бүсний дундуураас нь биеэ ороож бүслээд хоёр үзүүрт нь гогцоо гаргаж түүнийг хоёр ташаандаа нэг барим хэмжээний унжуулж, бүслэхийг үзэмчин бүслэлт гэнэ. Бүс нь бас гоёл болох учир өмнөх, хувцасны өнгөнөөс шалтгаалан бүсний өнгө янз бүр байна. Даавуу бүсний үзүүрийг сэмлэж гоёлго болгон цэцэг гаргах учир ч бий. Бүс хэрэглэх нь нүүдэлчин монголчуудын хувьд маш эртний уламжлалтай. Урт хормойтой дээлтэй, үргэлж морь унаагаар зорчин явдаг тэдэнд бүс нэн чухал шаардлагатай байсан нь мэдээж юм. Бүсийг дотор нь гоёлынх, ажлынх гэж ялгахын зэрэгцээ бас эмэгтэйчүүдийнх, эрэгтэйчүүдийнх, хүүхдийнх гэж ангилж болно. Монголчууд сур элдэн боловсруулаад, алт, мөнгө зэрэг өнгөлөг металлаар товруу хийж гоёон, гархи хийж бүсэлдэг явдал саяхан хүртэп байв. Тэд тийм суран бүсийг хийхдээ, адуу, үхрийн арьсыг элдэж 3-4 хуруу өргөн зүсэн. давхар, дан суран бүс үйлдэнэ. Давхар суран бүсний дотор талыг нь дутуу элдсэн ширээр хийж, сайн боловсруулсан гадна талын сур дээр нь товрууг тогтооно. Бүсгүйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир эмэгтэйчүүдийг «бүсгүйчүүд» гэж нэрлэдэг болжээ. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон ардын зан заншилтай. Дээлний бөс бүс 2,5-4,5 м байхад хүрэлцээтэй гэж үзнэ. Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүс дээр огт гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангиагаар зангидаж, орны дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Бүсийг алив задгай таранхайг бэхлэн батжуулж, салсан сарнисныг эвлүүлж, бүтээх утга агуулдаг гэдэг болохоор монголчууд бүтэх төрийн бүс хэмээн эрхэмлэнэ. Мөн хүн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон бүсээ солин бүсэлдэг заншил байсан нь эртнээс уламжлагдсан зүйл байна. Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангиа тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзсэнийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль бэлэгтэйг тайлбарлаж, уул зангирсан бүсийг тайлдаг байжээ. Цамц нь монголчуудын дотуур хувцасны нэг. Цамцыг ерөнхийдөө нэг загвараар бүтээдэг боловч ханцуйн урт, өргөн мөн хормойн өргөн, урт, захны өндөр, нам зэргээр ялгаатай. Цамцны хоёр ташаанд ташаа оруулах, хормойг шууд ба шувтан хийх зэрэг эсгэх, өөр өөр арга буй. Цамц нь ташуу энгэртэй, шулуун энгэртэй, энгэргүй, өндөр захтай, нам захтай, дөрвөлжин энгэртэй, ташаандаа оноотой, оноогүй зэрэг олон янз байдаг. Цамцны зах ханцуйны үзүүрийг давхар, энгэрийн байрыг хажаастай хийдэг явдал нэлээд байв. Цамцны энгэр шууд хагархай бол товчлох товчтой, харин хэлтгий энгэртэй нь бол гогцоо уях шилбэтэй, товчтой хоёр янз байдаг. Цамц нь гадуур хувцастай харьцуулахад нэлээд сүүлд үүсжээ. Цамц нь хэвтээ хув захтай, босоо залгаа захтай хоёр янз юм. Хув зах нэлээд эртнийх, харин босоо захтай болсон нь сүүл үеийнх гэж үздэг. Цамцны мөрийг халхгар, бариу хоёр янз хийнэ. Монгол цамцны эсгэх онцлог гэвэл, хийх бөс даавуугаа давхарлан бөгтөрч, суга, энгэр, зах эсгэж, ханцуйн үзүүр залган хийдгээрээ бусад ястан угсаатнаас ялгагдах онцлогтой. Малгай нь монголчуудын эдийн соёлын нийтлэг шин жийг бусад ард түмэнтэй харьцуулахад, нэлээд тодорхой харуулахын хамт, монгол ястангуудын хоорондын ялгааг ч мэдэгдэхүйц илтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, үндэстэн, ястны соёлын өвөрмөц байдлыг илэрхийлэх, шинжилгээний хэрэглэгдэхүүн юм. Монгол малгай нь байгаль цаг уурын нөхцөл, амьдралын үндсэн сурвалж болсон мал аж ахуйн онцлогийг тусгасан хувцасны нэг юм. Малгайг эрэгтэйчүүдийнх, эмэгтэйчүүдийнх, хүүхдийнх, мөн ердийн, гоёлын гэхчлэн ангилж болно. Монгол малгай нь унаа унаагаар зорчих үед салхи, шуурга, хүйтэн агаар, нарны халуун зэргээс толгойг хамгаалахад тохиромжтой. Салхинаас хүний нүүр хамгаалах зориулалттай хэвсэг, чих, шанааг даарахаас сэргийлэх бүчлүүр, буулгавчтай байдаг. Монгол малгай нь хүн, морь унаагаар зорчих үед салхины хүч бууруулахаар гозгор, бөмбөгөр оройтой байдгаараа өвөрмөц онцлогтой. Үүнээс гадна ямар хийц, загвартай, малгай өмсөх нь хүмүүс гэзэг үсээ самнах, гоёх зэрэгтэй холбогдож, сонирхол, хүсэл нь өөр байж болох авч бүхэлдээ хамгийн нийтлэг малгай бол лоовууз юм. Лоовууз нь манай малчин ардын эдийн соёлын хэрэгцээ шаардлагын онцлогийг илтгэсэн, тэд хүйтэн сэрүүний улиралд ямар хийц, загвартай малгай хэрэглэх шаардлагатайг төлөөлүүлэн үзэж болохуйц байна. Лоовууз нь хийхэд хялбар, хэрэглэхэд тохиромжтой. Өөрөөр хэлбэл, мон гол малгайн дотроос хамгийн сонгомол нь лоовууз болж байна. Лоовууз нь гадар, дотор, үс, эмжээр зэргээс бүрдэл болдог. Лоовуузанд үнэг, хурга, булга зэргийн үсээр дулаалга хийж гоёон урласан байдаг. Лоовуузны гадна өнгийг хүний нүүр царай, өмсөх хувцасны өнгөтэй, өнгө зохицуулан, хээтэй, хээгүй торгоор гадарлаж, их өнгөд зохицуулан торго, хоргойгоор дан, давхар эмжиж, шүдэнзний булан, дан, давхар өлзий зэргийг ар голд нь зээглэн давхарлаж гаргасан байдаг. Тоорцог нь бөмбөгөр оройтой нэгэн зүйлийн малгай. Түүнийг улирлын буюу өвлийнх, зуных, мөн зориулалтаар нь гоёлынх, өдөр тутмынх гэж ангилж болно. Тоорцог хийхэд хэрэглэх эд материал, өмсөх хүний сонирхол, оёдолчны ур чадвараас болоод түүний хийц, загвар нь өөр өөр байдаг. Монгол тоорцог нь бэлэг дэмбэрэл, тодорхой утга санаа агуулсан 4-6 талтай, бүчтэй, орой дээрээ сампинтай, сампингаас унжих торгон утсан залаа бүхий байна. Талуудын ирмэг уулзваруудыг хоргойгоор давхар даран өнгө зохицуулан хошоолж, алтан саагаар давхар эмжихээс гадна зарим гоёлд өмсөх тоорцогт өнгө хосолсон торгон утсаар шудэнзний булан, хаж, бугуйвч, эвэр угалз, цэцгэн хээ зэргийг зүү ороох, хатгах, шаглах аргаар оёж гоёсон байдаг. Хилэн малгай нь монгол эрэгтэй, эмэгтэй хүний зуны гоёлын малгай билээ. Тэнгэр өөд тэмүүлсэн, цэнгэн мандахыг бэлэгшээсэн шовгор оройтой. Нарны цацрагийг төлөөлсөн 32 ширээстэй, орой дээрээ бат бэхийн бэлгэдэл улаан өнгийн гогцоо бүхий сампинтай, ар талдаа гогцоо гарган өлзий зангидсан улаан залаатай, хэвсэг цохтой байдаг. Эрэгтэй хүний хилэн малгай нь эмэгтэйнхийг бодвол гоёлол нь бага, цох хэвсэг нь дэрвэгэр, дугуй хүрээтэй, малгайн гадар өнгөтэй зохицуулан, голдуу хөх өнгөөр эвэр угалзыг зүү ороож урласан, намхан оройтой байна. Эмэгтэйчүүдийн хилэн малгайн шовгор оройг дагуулан дөрвөн тал хамар, эвэр угалз бүхий мөнгөн чимэгтэй ба цох хэвсгийг хар хилэнгээр бүрж, урагш харсан хэсэгт нь мөнгөөр үлэмж гоё урласан норов эрдэнийг хадаж, хэвсгийн дотогш хандсан хэсэгт ханан хээ, усан сүлжээ, алх салаавчлан шаглаж оёдог. Малгайн ард улаан торгон залаа дээр өлзий, ланз, луун, үүлэн хээг алтан утсаар урласан байдаг нь уг малгайн гоёмсог нэг онцлогийг харуулна. Чихэвч. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд сэрүүний улиралд хүйтнээс чих хамгаалах зорилгоор чихэвч хэрэглэдэг. Чихэвчийг хүний чихний хэлбэрийг дуурайлган хийсэн бөгөөд дотогш харах хэсгий нь зөөлөн дулаан үсээр (хэрэмний) доторлож, гадна талыг нь ширэх, хатгах аргаар гоёхоос гадна, бүр гоё хийсэн чихэвч нь алтан саа, хоргой торгоор дан, давхар өнгө хослуулан эмжиж, голд нь хамар, эвэр угалзуудыг хатгаж, шаглан урласан нь үлэмж үзэмжтэй билээ. Бидний өгүүлсэн эдгээр малгайг дотор нь улирлынх (лоовууз), гоёлынх (хилэн) гэж хоёр янз ялган хэлэлцэж болохоос гадна бас чихэвчтэй, чихэвчгүй хэмээн хувааж болно. Монгол малгай нь өөдөө дэрвэгэр, шовгор оройтой байдаг нь монгол хүний нүүр царайны төрх, байдалд гоо сайхныг тохируулах эрэл, оролдлого хийж байсантай холбоотой Нийгмийн хөгжлийн явц, гоо сайхны эрэлт хэрэгцээний дагуу монгол малгайн төрөл хэлбэр баяжин хөгжсөөр иржээ. XIII-XIV зууны үеийн монголд эмэгтэйчүүд нь нөхөрт гарсны дараа богтого гэдэг өвөрмөц өндөр малгай өмсдөг байжээ. Богтогоны өндөр нь нэг тохой буюу 30-40 см орчим, хэлбэр нь дундуураа нарийсаж дээш доош өргөсгөсөн яндан мэт, доод тал нь үстэй, толгой багтахаар бүдүүн, дээд тал нь дөрвөлжин ажээ, Богтогоны хажуу хавиргыг олон нарийн савхан мод, алт, мөнгөн утас хэрэглэж хийгээд, гадуур нь торго, хилэн, даавуу зэргээр бүрдэг байжээ. Богтогоны оройд тохой илүү өндөр хулс, тогос, шаазгай зэрэг шувууны өд хатган, эрдэнийн чулуу сэлтээр чимдэг байжээ. Бүсгүйчүүд үсээ тусгай маягаар янзлан засаж самнаад, богтогоны дотор багтаан, эрүүний доогуур чанга бүчилж тогтоодог байжээ... Олон монгол эмэгтэйчүүд хамт яваа нь дуулга өмсөж, жад агссан цэргүүд шиг харагдаж байлаа гэж тэр үед монголд ирсэн жуулчин тэмдэглэсэн байна. Богтого малгай нь нэлээд дээд яэгууртны гэрийн эзэгтэйг илэрхийлэх тэмдэг болж байсан бололтой юм. Ахмадын аман сурвалж мэдээ сэлтээс үзэхэд, богтого гэж дуулсаан. Өмсөж хэрэглэж явсангүй, өмссөн хэрэглэсэн хүнийг ч үзээгүй гэнэ. Тэгэхээр богтого нь хожим тэр болгон хэрэглэдэг өмсгөл болтлоо дэлгэрч чадаагүй мэт. Харин годон малгай, шилэвч, нүдэн ширээстэй залаат малгай, таг малгай зэрэг нь эртнээс нааш уламжлагдан ирсэн байна. Эдгээр малгай нь хийхэд энгийн, өмсөхөд авсаархан юм. Хавтгай оройтой, дугуй ширээстзй, бүч шилбэ хоёр тэнцүү малгайг таг малгай гэдэг Ханан нүдэн ширээстэй орой нь .дөрвөн хэсгээс бүрддэг. Шилний чанх ар биед хос бүчтэй, эрүүвчлэх сагалдаргатай, сөхөх бүстэй, хэвсэгтэй малгайг бялзуухай малгай гэнэ Орой дээрээ сэрээ даруулга угалз бүхий хоёр чихэвч, шил, саравчтай нэгэн зүйлийн малгайг бадам малгай гэж нэрлэж байжээ Хэвсэг нь байнга сөхөөстэй, ардаа оноо бүхий, оройдоо хавчаар, эмжээртэй малгайг аман хүзүү эргүүлэг малгай гэж хэлнэ Зургаан талаас бүрддэг, ширээс бүхий найман оройтой, ахар саравчтай, саагаар оёсон угалз гоёлтой, хэвсэгтэй малгайг бүнхэр оройт гэж хэлдэг. Монгол малгайг загвараар нь сээтэн чихт, мөөмөн оройт, хийсэн эдээр нь хурган, ишгэн, үнэгэн, булган, халиун малгай, бусад эд юмстай төстэй байдлаар иь бялзуухай, таг, годон, бадам гэхчлэн нэрлэдэг байжээ. Монгол хувцасны үндсэн элементийн дотроос малгайн төрөл, нэр хамгийн олон байна. Нэг төрлийн малгай хүртэл нутаг, бүс нутгийн дотор хийц, загаар, нэр төрлөөр ялгаатай байгаа нь орон нутгийн ард түмний эдийн соёлын хөгжил, хувьсал, өөрчлөлт түүхэн замналтай холбоотой юм. Монголын төв, баруун, өмнөд, зүүн хэсгийн ардуудын эдийн соёл өвөрмөц ялгаатайгаар зогсохгүй, тэдгээр нутгийн доторх бүс нутагт хүртэл ямар нэгэн ялгаа байгаа нь тэдний малгайны хэлбэр, хийц, нэр төрлөөс харагдаж байна. Гутал. Гутлын анхны загвар нь үлэмж энгийн байсан бөгөөд зүсэм арьс ширийг хүн хөлдөө тааруулан, зөвхөн хөлийн ул хамгаалахад зориулж, улавчин гутал хийдэг байжээ. Ийм гутлыг хөлийн шагайн хавьд үдээр зэргээр хэрж товчилдог байсан аж. Хамгийн эртний гутал бол гур гөрөөс мэтийн амьтны годоор үйлдсэн годон гутал байсан гэж X. Пэрлээ агсан бичсэн байна Эртний хүмүүсийн эдэлж байсан годон гутал, оймсон бойтог, хөмөн гутал зэргийн нэр, зарим гутал нь ч өнөө хэр уламжлагдан иржээ. Тухайлбал, оймсон бойтог, хөмөн гутлыг саяхан болтол монголчууд хийж өмссөөр байв. Оймсон бойтог, хөмөн гутал зэргийг хийх, бүтээх арга, эсгзх, оёх ажиллагаа нь нэлээд эртний хүмүүсийн урлах ухааныг өвлөсөн гэж хэлж болно. Эсгий бойтог нь явган явахад зориулсан, хөнгөн авсаар, хийц, загвар нь энгийн бөгөөд ширээр уллаж бөхлөн үдсэн байна. Бойтгийг ахар, уртын эсгийгээр эсгэж оёж, шидэж хийх, эсвэл хонины ноос зулж, оймсон бойтог хэлбэн хийх үндсэн хоёр арга байв. Эсгий бойтгоос гадна амьтны арьсаар хөмөн гутал хийнэ. Хөмөн гутал нь зулаг, түрий үргэлж, баруун зүүн хоёр тал хэсэг, ул, ширмэл зуузай зэргээс бүрдэл болдог. Хөмөөр гутал хийхэд хүний хөлийн шагайны урд талд тунхан, цүлхэн гардаг учраас тэр хэсэгт танаас гарган хийдэг. Хөмөн гутлын боомны танаас нь хожим явсаар гутлын түрий, зуяаг гэж хоёр хэсэг болгон эсгэхэд хүргзсэн байна. Хөмөн гутлын хушуу ээтэн бус, ул өргөн, улны өсгий тавиу байдаг. Нийгмийн хөгжлийн явц, шаардлагын дагуу анх амьтны годыг хагас боловсруулан хөлдөө углаж, улавчин гутлыг хөлдөө үдэж явснаа, хөмөн гуталтай болжээ. Хөмөн гутал нь хийц, загвар боловсронгуй болсоор түрий, зулаг, ул, зуузай, хавчаар зэргээс бүрдсэн эдүгээгийн монгол гутал үүсэж гарахад хүргэсэн байна. Мөн мал аж ахуйн ашиг шим боловсруулах хүний арга ухаан улам хөгжиж, хөдсөн оймс, эсгий, ширэн бойтог, торгон бойвь (бойвого), торгон шаахайвч зэргийг урлан хэрэглэдэг болсон байна. Монгол гутал урлах эд зүйл гэвэл, цулгуулсан, элдсэн, будсан арьс, шир юм. Эдгээрээс хамгийн шалгарсан эдлэхэд бөх, хэрэглэхэд хөнгөн авсаар, хөлд тохиромжтой, практик ач холбогдолтой нь үхрийн шир, хөм юм. Гутал хийхэд тохирсон, зориулсан бөхөлгөө, оёх өөрййн арга барил байдаг. Монгол гутлын хээ угалз нь ургамал, цэцэг, амьтны элдэв дүрстэй байдаг билээ. Монгол гутлыг хэлбэр, загвараар нь урт, богино түрийтэй, хатуу, зөөлөн зуузайтай, өргөн, нарийн, зузаан, нимгэн ултай, ээтэн мохоо, хурц, бүдүүн хушуутай гэж ялган авч үзэж болно. Монгол гутал нь хөлд углах оймсон гутлаас мохоо хушуутай хөмөн гутал, түүнээс ээтэн хушуутай монгол гутал болтол хэлбэр загвар нь өөрчлөгдөн ирсэн байна, Монгол орны цаг уурын нөхцөлд улам зохицуулах гэсэн оролдлого, аж ахуйгаас гарах түүхий эдийг боловсруулах арга ухааны ахиц, ардын оюуны хөгжлийн төвшингийн өсөлтийн үр дүн юм, Өнөө үеийн монгол гутал нь хэрэгцээний, гоёлын гэсэн үндсэн хоёр зориулалттай юм. Монгол гутал нь ширмэл эсгий ул, ширмэл зуузай, түрий, зулаг, хавчаар зэргээс бүрдэж, хүний хөлд эвтэй, унаа уналгаар явах, эмээл тохошны дөрөө дөрөөлөхөд тохиромжтой хэлбэрийг олсон байна. Гоёлын зориулалтын гутал хийх арга, орох багаж, материал зэргийн заримаас товч өгүүлье. Монгол гутал хийхэд, булигаар, арьс, сарьс, нэжгээд метр даалимба, цагаан ямбуу, уллах хөх шир, эсгий, утас, хулс, цавуу, хээ угэлзны нүх нүдээр цухуйлгах өнгийн сарьс, торго зэрэг ордог юм. Гутал эсгэх, оёх багажны зүйл гэвэл, угалз оёх нарийн зүүнүүд, гол хавчаар оёх мухар үзүүртэй зүү, угалз цоолох хутга, нимгэлэх, өөлөх хутга, ул түрий, хавчаар, угалзны Шивүүр, шөвөг, хуруувч, хулс цуулах багаж, зүү, тэвнэ татах бахь зэрэг зүйл зайлшгүй шаардлагатай юм. Мөн хэмжээ тавих, тэмдэглэх өнгийн харандаа, түрийний доод шивүүр хийгээд бүх хээний оёдол тэмдэглэх, хос оёдолтой хээний цооллого (нүх) хэмжих, түүний дотор талаар оёх дан оёдлын хэмжээг тэмдэглэх, хээний гадагш төвийлтийн өндөр намыг жигдрүүлэх, хүүхэн сарьсны хэмжээг хэмжих утсан хэмжүүр буй., . Гутлыг гоёлж засах туслах багаж гэвэл, түрийний савхи хөөх, эмжээр өөлөх, хээ хөөх, хамар гаргах зэрэгт зориулсан багажууд байдаг. Гутлын эд зүйл наах, бөхлөхөд хар цавуу (хурганы арьс чанаж хийх) гурил цавуу (жонхуу) хэрэглэдэг. Гутал оёх утас гэвэл, нийтгэсэн мяндсан утас, шөрмөс, гутлын зулаг, хушуу бөхлөх дөрвөөр нийтгэсэн ердийн утас, угалз оёх дан утас зэргийг тусгайлан бэлтгэж хэрэглэнэ. Гутлын ул, түрийний хэв тус тус тохирсон хэмжээтэй бөгөөд, тэдгээрийг төмрөөр үйлдсэн байдаг. Хатаасан хавтгай хушин дээр гутлын зулаг, шагай, боом зэрэгт тавих бүх угалз хээний хэвийг сийлж урласан байдаг юм. Хээг угалз гаргах арга гэхэд, хээ сийлбэрлзсэн мо-дон хэв дээрээ булигаараа норгож, цавуудан хэвлэж, угалз хөөх багажаар хөөж, хөөсний ормоор нь эмхэрдэж, цавуудсан утас хийж, наадаг байна. Дараа нь хэв дарсан угалзаа хуулан аваад, гутлын булигаараа хатааж, хээ бүрийн хоорондох нүхийг ухаж, цонхон нүдээр нь өнгийн сарьс цухуйлган хийж бэлдэнэ. Тэгээд гутлын шагай, зулаг, боом зэрэгт гаргасан угалзаа шаглан оёдог. Үүний дараа зөөлөн бөсөөр гутлын бүх хэсгийг доторлож, гутал хийх эд ангийг цөм бэлэн болгодог байна. Монгол гутал, дөрөв, наймаас гучин хоёр угалз бүхий байдаг. Гар урчууд урд шагай, зулаг дээр нь дөрөв, арван хоёр угалзтай маш гоёмсог загвартай булигаар гутал хийх арга туршлагатай байсан бөгөөд мөн улирлын байдалд тохирсон авсаархан хөнгөн гутал ч хийдэг байв. Ийм гуталд зүү ороож мөн сүлжмэл утсаар эвэр угалз, өлзий хээ гарган чимэглэдэг аж. Гутлын ул, зуузай хийхэд мөн нарийн арга, ур дүй шаардагдана. Төмөр хэв, улан дээр цагаан ямбуу (нарийхан цуулсан) жонхуудаж, хэвийн дээд зах биезр арван гурав дахин давхарлан нааж, улны дундаас хойш хоёр давхарлан мөн эдээ зузаалан нааж бэлтгэнэ. Улны хүрээний дотор гарах хэмжээгээр эсгий эсгэж хийгээд, нөгөө улны хүрээ, эсгий ул, өнгө эд гурвыг нийлүүлэн ширж гутлын ул хийдэг байна. Гутлыг оёхдоо, урьдаар бэлтгэсэн дээрх хэсгуүдийг нарийн дарааллын дагуу нийлүүлзн оёдог, Үүнд: эхлээд түрий эмжиж, түрий зулагаа залгаад, хавчаар барьж хос түрий, зулагаа битүүлэн, зуузайлаад энэхүү бэлэн болсон зулагтай түрийг уланд барьж, гутлын хушууны торгон үзүүрээс эхлэн тойруулан оёж уллана, Монгол гутал өмсөхөд зайлшгүй шаардагдах нэг зүйл нь оймс болно. Оймс хийхэд эсгий, даавуу гэсэн хоёр зүйл ордог. Дулаан улирлын гутлын оймсыг даавуу бөсөөр доторлож, гадарласан нимгэн эсгийгээр хийнэ. Оймсны харааг торгоор өнгөлж,. өнгийн утсаар түмэн насан, дан, давхар алхан хээг зүү ороож угалзлан чимэглээд, харааны доод биеэр хос гурван давхар хошмог гарган гоёдог аж. Оймсны харааны халааг савхиар өнгөлөн тоноглон хээний булан гаргаж урладаг өвөр мөц онцлогтой байна, Дэгтий нь давхац гутал юм. Дэгтий ул, зулаг, түрий, уяа гэсэн хэсгээс бүрдэнэ. Дэгтийг сэрхний арьс, аргаль, янгир, буга зэрэг ангийн арьс, шир, нохойн арьсаар ч хийдэг. Дэгтий хийх арьс эдэлгээ даах, үслэг ноолуурлаг дулаан байх нь чухал. Дэгтийний арьсны үсэн талыг дотогш, бас гадагш харуулан хоёр янзаар хийнэ. Дэгтийний арьсны үсэн талыг гадагш харуулан хийх нь хүйтэн салхи шуурганд хүний хөлийг хөрөхөөс хамгаалах практик ач холбогдолтой. Арьсны үсэн талыг дотогш харуулан хийсэн дэгтийнээс үсийг нь гадагш эргүүлэн хийсэн дэгтий илүү дулаан байдаг ажээ. Хүйтэн цагт алс явахдаа дэгтийг гутлынхаа гадуур өмсөж, давхац болгон хэрэглэнэ. Дэгтий эсгэх, оёх, хийх арга нь гутлаас хялбар юм. Дэгтийний зулаг, түрий үргэлж байдгаараа маш энгийн, оёход хялбар. Дэгтийг оёхдоо хавчаар барин нэвтэлзэнэ. Дэгтийний түрий урдуураа задгай, хос шилбэн уяатай. Өмд. Малчин ардын өмд нь унаагаар явахад зохицсон, салтаа өргөн тавиу захандаа түдүүл тэлээтэй байдаг, Өмд хийхдээ, зориуд эсгэсэн хоёр хэсэг бөсийг хоёр хажуу биеэр нь нийлүүлэн, мөн салтаа хэсэгт хушуу оруулга хийж, дээд биед зах залгаж оёно. Өмдний захад 6-8 төдүүл хийнэ. Өмдний салтааны хушуу оруулга том, жижиг байх нь өмд хийж буй эдийн эн, өргөн нарийнаас хамаардаг байна. Өмдний салтааны оруулга нь морь унаанд зорчйн явахад зохилджээ. Өмдний шулхнаг тавиухан байх нь эдэлгээ сайн даах буюу хүний бие даарах, ая тав алдахгүй байхад чухал үүрэгтэй. Өмд нь хүйтэн, дулаан улирлын гэж үндсэн хоёр янз байхаас гадна хүний зрхлэх хөдөлмөрийн онцлогт зохицсон байдаг. Явган явах хүнд хэтэрхий халхгар өмд, саадтай байхад, харин морь унаагаар явахад халхгар, тавиухан өмд ашигтай. Нэхий болон бусад эдээр өмдийг хийхдээ, цаг улирлын нөхцөлд тохируулахыг урьдал болгоно. Өвлийн улирлын нэхий өмдөнд цоолж хийвэл 4 ширхэг нэхий ордог. Өмдийг бас гадуур, дотуур гэж.ялгана. Элдсэн нэхийг утаж, будаж боловсруулан хонгор шар, шар өнгөтэй болгоод өмд хийнэ. Мөн хээ угалз тавьсан нэхийгээр өмд хийнэ. Нэхийг тэр чигээр нь өмд хийхээс гадна янз бүрийн бөс, даавуу, торгоор өнгөлж өмд хийж өмсөнө. Нэхийгээс гадна хонь, ямааны илгээр зун, намрын өмд хийж өмсдөг байв, Бээлий: Бээлийн гарал, үүсэл эртнийх юм. Ардын хувцасны нэг элемент бээлий нь анхан үедээ жижиг уутан хэлбэртэй байгаад, хожим эрхий хурууг тусгайлан хийх болж, улмаар ажил хийхэд тохиромжтойг харгалзан, .таван хуруутай хийдэг болсон байна. Бээлий нь хүний гарыг хүйтнээс болон гэмтэхээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Бээлийг арьс, ноос, сүлжмэл эд, цэмбэ зэргээр урладаг бөгөөд ястнуудын соёлын онцлог шинжтэй холбогдож бээлийд хээ угалз хатгах, нэхэх зэрэг нь өөр өөр юм. Малчид нэхий зэрэг эдээр дуганцаг ханцуйвч хийж, дээлний ханцуйн үзүүрт дотор талаар шургуулан хэрэглэж ирсэн маш эртний уламжлалтай нэг төрлийн бээлий юм, Ахмадын аман сурвалж мэдээнээс үзэхэд, хожим хүртэл бээлий, дуганцаг хоёрыг хослон хэрэглэж, өвөл ховоогоор худгаас ус татаж мал услахад бээлийг хэрэглэж ирсэн ажээ. Тэрлэг дээлийн гадар өнгийг бөс эдээр эсгэхдээ, эдийн хээ угалз тааруулах, нийлүүлэх, эдийн энгийн өргөн, нарийнийг тохируулах зэргийг сайтар бодож боловсруулсан аргатай байна. Дээл, тэрлэгний өнгө эсгэх монгол хэдэн арга бий. Үүнд: Голлож эсгэх: Дээл, тэрлэгний өнгийг өргөн энтэй даавуу эдийн энгүй талаас ухаж зсгэхийг ингэж хэлдэг. Бөгтөрч эсгэх: Маш өргөн энтэй эдээр тэрлэгний өнгөний ханцуй, сугыг шууд ухаж эсгэх арга юм. Зөрүүлдэн эсгэх: Эсгэх дээл, тэрлэгний өнгө дутмаг хүрэх, буюу нарийн энтэй бөсөөр эсгэх бол зөрүүлдэнэ. Зөрүүлдэхдээ эдээ дутуу гурав давхарлан нугалж тавиад, нэг нугалаа дотоод энгэр, нөгөө нэг нугалаа нь гадаад энгэр болохоор тохируулж эсгэдэг. Ингэж эсгэсний дүнд ханцуй хийх эд нь нугалааснаас үлдэх хэсгээс гардаг онцлогтой. Эн зэрэгцүүлж эсгэх: Эдийн энтэй талаар зэрэгцүүлэн тавьж, дээл, тэрлэгний гадар өнгө эсгэхийг ингэж хэлдэг. Тэрлэгийг эсгэж оёхдоо түүний ар хэсэг, энгэр, дотоод энгэр, хоёр мөр, ханцуй, нударга, зах зэргээр дэс дараалсан торимоор эсгэж, дараа нь дээлний ар болон энгэр хоёрыг хүний мөрөн дээр байх байрлалаар нийлүүлж залган, ханцуй, зах, нударга залгадаг нарийн горим баримталдаг байна. Эхлээд дээлний энгэр, зах, ханцуйг эмжин, знгэр ханцуйг их биедээ нийлүүлж оёод дараа нь өнгө дотроо хормой, хан-цуйн захаар шаглаж нийлүүлэн, тэр оёосоо дотор тал руу нь нугалан нааж, илуүрдэн, сугаар нь эргүүлж, өнгө дотроо сайтар тэнийлгэн дэлгээд, тааруулж нийлүүлдэг байна, Өнгө дотор нийлсэн тэрлэгээ хаван, зах залгаад эр, эм товч шилбэ тааруулж оёно. Уран бүсгүйчүүд эд оёх аргыг чадамгай эзэмшсэн, тэр бүрд нарийн мэргзжсэн, сонгож тохируулах мэдлэг арвинтай юм. Монгол хувцас оёх оёдлууд нь:
1. Нэвтгэлзэх 2. Хөвөрдөх 3. Хөших 4. Логших 5. Хавах 6. Хонин холбоо 7. Хатгах 8. Хэрээ захлах 9. Нөхөх 10. Зүү ороох 11. Загасан нуруу хатгах 12. Эгэлдэрлэх 13. Нэхэх 14. Шидэх 15. Хагас логших 16. Туулай харайлгах 17. Ширэх 18. Эргүүлж оёх 19. Даруулж оёх 20. Задгайлж оёх 21. Холбоо оёх 22. Даруулж нөхөх 23. Хөрөө гаргах 24. Нуруу гаргах 25. Нааж оёх
зэрэг болно. Эдгээр төрлийн оёдлыг хувцасны төрөл, хэсэг бүрд тохируулан чухам аль оёдлоор оёхоо сонгон авна. Үүнд: хурган, нэхий дээл, эсгий зэргийг хөвөрдөх, дээлний эмжээр ширдэгний эмжээрийг нөхөх, алив эдийн дээш эргэсэн хэсгийг даруулах, нөхөх, ширдэг, гутлын ул, оймс, зуузай зэргийг ширэх, дээл, малгай, хантаазны эмжээрийг шаглах, дээлийн дотрыг хөших, давхар буюу хөвөнтэй дээл, үстэй малгайг хавах, малгайн тавыг зүү ороох, дайлангийн булан, тамхины хүүдийний буланг задгайлж оёх, зузаан үстэй дзэл, эсгий, булигаар зэргийг нэвтгэлзэх, дээлний захыг захалж оёх, дээлийн энгэрийн дотор ба дан дзэлийн хормойг холбоо оёх нь элбэг байдаг. Үлэмж бөх, эдэлгээ даах оёдол гэвэл шаглах, нэвтэлзэх юм, Хөших, холбоо оёдлыг хэврэг оёдолд оруулна. Эдгээрээс гадна хувцасны оёдлыг бөхлөхийн тулд уг хувцас хийж буй эдийг оёхоосоо урьдаар хооронд нь наагаад дараа нь оёдог учир бий. Оёдлын дотроос цэвэрхэн буюу бөх оёдол нь дээл, тэрлэгний зах, энгэр, ханцуйн эмжээрийн оёдол; ширэх, шаглах, тэрлэгний өнгө дотор хоёрыг нийлүүлдзг шидэх оёдол, өнгө дотрыг хавсарч хавах оёдол, дээлний суга, хормойны дотрыг нөхөх, дээлний үстэй дотрыг хөвөрдөх зэрэг нь тусгай зориулалт бүхий оёдол юм. Ширэх гэдэг бол хол хол ганц хатгаж оёх; дан хаваас гэдэг нь хоорондоо нэг хатгаад зүүгээ өнгө дотрын завсраар 4-5 см (хоёр хуруу хэртэй) хатгаж, дахин өнгө, дотроо нэвт хатгаж оёхыг хэлнэ. Ихэвчлэн торгон эдээр хийсэн дээлийг дан хаваасаар хавна. Давхар хаваас гэж хоёр ойр хатгаад нэг хий хатгахыг хэлдэг байна. Зузаан эдээр хийсзн хувцас буюу үстэй дээлийг энэ хаваасаар оёно. Бас гурав ойрхон хатгаж нэг хий хатгаж хавах ч бий. Үүгээр хөвөнтэй дээлийг хазна, Хоер хаваасны хоорондын зай ихэнхдзэ дервөн хуруу өргөн байх ба харин хөвөнтэй дээлний хоёр хаваасны хоорондох зай яльгүй ойр байдаг, Дээл тэрлэг нөхөхдөө, хоер хэсэг зүйлийн доод талыг дээд талын доогуур оруулан, нөгөө талаар нь даруулаад, цухас нугалж тэр хоёрыг давхарлан оёно. Хөвөрдөх гэдэг бол хоёр талыг нийлүүлэн барьж дээгүүр нь давуулан холбож оёсон оёдлыг хэлнэ. Нэхий, үзүүрсэг зэрэг арьсыг дотор талаас нь хөвөрдөж оёдог. Мөн хурганы арьсыг өнгөн талаас нь хөвөрдөнө гэж эрдэмтэн Э. Чимидцэрэн тодорхой тайлбарлан бичсэн байна. Хувцсыг цэвэрхэн оёх нь түүний үзэмж, соёлтой шууд холбоотой бөгөөд ямар өнгийн эдийг аль өнгийн утсаар оёхоос бас шалтгаална. Монгол хувцасны эд, оёх утасны өнгөний сонголт нь хүрээлэн байгаа орчин байгаль, газрын хөрс, өвс ургамлын өнгө болон нийт хүмүүсийн дуртай өнгө, соёл, зан заншил зэрэгтзй холбоотой юм. Говь нутгийн эрэгтэйчүүд хар хөх, бараан өнгийн бөсөөр тэрлэг хийх, харин эмэгтэйчүүд тосон бор, хулсан шар өнгийн эдээр хувцас хийх нь элбэг. Үүний учрыг лавлахад, хөх өнгийг тэнгэр, .цэнхэрийг ус, ногооныг өвс ногоо, саарал өнгийг зэр зэвсэгтэй холбож бэлэгдэж үздэг байна. Халхчууд бүдэг бор, шарга, хөх цэнхэр, цэнхэр хөх өнгийн бөсөөр дээл тэрлэг өнгөлдөг нь эх газрын өнгө, тэнгэрийн агаар мандал, амьдыг ундаалах мөнхийн усны өнгөтэй харьцуулан хувцасны өнгө сонгосон гэж болох байна. Нас ахимаг хүнд хүрэн бор, улаан хүрэн өнгийн бөсөөр дээл, тэрлэг гадарлах нь хэвшил болсон юм. Эмэгтэйчүүд тод өнгөтэй тэрлэг сонирхдог. Харин улаан шар, шар өнгийн эд бөсөөр дээлэнд өнгө татаж, тэрлэг хийдэггүй түүхэн үе байсан билээ. Санваартны өмсгөл хувцас улаан шар өнгөтэй байдаг учир тийнхүү тэр өнгөнөөс зайлсхийдэг аж. Энэ бүхнээс үзвэл ардын дээл, тэрлэгний өнгө, хүмүүсийн нас, хүйс, эрхлэх ажлын онцлог зэрэгтэй уялдсан байжээ.

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2011-11-08 -
Бичсэн: Зочин
гоё болсон байна
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 120 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax