Forever Fashion

2007-05-10 - Хөгшин Европ руу хөврөх “Made in Mongolia”-аас Монгол Улс ашиг хүртэх нь үлгэрийн далай...
Ангилал: Монгол

Өчигдөр 80, өнөөдөр 20 Ийн өгүүлснийг хараад та лав гайхаж байгаа биз ээ. Эрдэс баял­гийн салбарыг тойрсон сонирхлын зөрчил­дөөн хэт туйлширч, орд газрын эзнээр хэнийг залах вэ гэдэг “хөзрийн тоглоом” үргэлжилж ахуйд үндэсний үйлдвэрлэ­лийн нэг то­моохон салбар мөхлийн ирмэгт хүрээд байна. Тоо дурдаж, өчигдөр, өнөөдрийг харьцуулсны учир нь өмнөх нийгмийн үед Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийн голыг нугалж байсан оёмол, сүлжмэл эдлэ­лийн үйлдвэрийн хувь заяаны асууд­лыг хөндөх гэсэн хэрэг билээ. Өчигдөр буюу 2000 он. Тэр цагт манай улс 80 орчим гадаад, до­тоодын оёдлын үйлдвэртэй байжээ. Харин өнөөдөр тэдгээрээс ердөө 20-хон нь “амьтай, голтой” төдий л байна. Бусад нь яасан бэ. Дам­пуурсан, бас эзэд нь “үүдээ түгжчихсэн”. Нэгэн үе сайхан ирээдүй хараг­даж байсан, тус салбарынханд. Дэлхийн худалдааны байгуулла­гын Оёмол, сүлжмэл эдлэлийн хэлэлцээрийн дагуу Монгол Улсын оёмол, сүлжмэл эдлэлийг АНУ-ын зах зээлд тооны хязгаарлалтгүй тааламжтай нөхцөл дор экспортолж байсан. Оёмол, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлийнхний хувьд энэ бол эрчимтэй хөгжлийн үе буюу 1999-2004 он. Тухайн үед дэлхийд алдар­­тай брэнд болох ADIDAS, Ann Taylor Inc, Dawson Forte Cashmere Co зэрэг бүтээгдэхүүнийг монгол ажилчид урлаж байсан юм. Гэвч дээрх хэ­лэлцээрийн хугацаа 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болс­ноор тус салбарынх­ны хувьд хонгилын үзүүр дэх гэрэл бараг унтарсан. Америкийн худал­дан авагч, захиалагч­дын сэтгэл зүй ч тэрхэн зуур өөрчлөг­дөж, Вьетнам, Малайзын үйлдвэрлэгч­дэд захиал­гаа өгч эхлэн засаг захиргаа нь манай улсын тус салбарт хэрэг­жүүлж буй бодлогыг харзнах, хүлээз­нэх байдалд шилжсэн юм. Хятад, солонгос голдуу эзэд нь АНУ-тай хийсэн хэлэлцээр хүчингүй болохтой зэрэгцэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж, үйлд­вэ­рээ зориуд дампууруулах нэг нь дампуу­руулж, нутаг буцах нь буцах үед үндэсний цөөхөн үйлдвэрлэгч “галаа манах”-аар үлдсэн билээ. Тус салба­рын өнгөрсөн үеийг эргэн санавал бүхэл бүтэн хоёр том үе шатыг туул­жээ. Эхнийх нь гавшгай амжилтын он цаг буюу социализ­мын үе, дараачийнх нь хөрөнгө оруу­лагчдын ивээлд хувь заяагаа даат­гуулсан жилүүд гэж. Үндэсний ста­тистикийн газраас өчиг­дөр­хөн ав­сан мэдээгээр, 2005 оны эцэст нэхмэл эдлэлийн салбарт ажил­лагс­дын нийт тоо 4629 байсан бол өнгөрсөн жилийн сүүлчээр 4799 болж өссөн. Харин хувцас үйлдвэр­лэ­лийн сал­барын нийт боловсон хүчин 2005 оны эцэст 11029, 2006 оны сүүлчээр 4908 болтлоо буур­сан эмгэнэлт дүр зураг харагдаж байна. Оёмол, сүлжмэл үйлдвэрлэл эрхлэгчид яагаад амжилт олохгүй байна вэ? -Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд гуравдагч этгээдийн оролцоо­гүйгээр бие даан экспорт хийх боломж муу. Нэг ёсондоо худалдан авагчидтай шууд харилцах сүлжээ байхгүйтэй адил. -Бараг бүх түүхий эдээ гаднаас импортолдог. -Цахилгаан, дулааны зардал өндөр. -Далайд гарцгүй орны хувьд тээвэрлэлтийн зардал их. -Ажилчдын тоо их байдгаас нийг­мийн даатгалын шимтгэл их төлдөг, идэвхтэй ажиллах хүчин дутмаг…гэх мэт бэрхшээлүүдийг тэд амсч байна. Иймээс ажиллах эрч нь суларч, сэтгэлээр унаад байгаа. Зөвхөн өнөө, маргаашаа аргацааж үйлдвэрээ дам­пуу­руул­чихгүй аваад явах сэтгэл л тэднийг торгоож буй талаар оёмол, сүлж­мэл эдлэлийн зарим үйлдвэрийн удирдлага зовлонгоо тоочиж сууна. Манай улс Европын холбооны зах зээлд 2008 он хүртэл 7200 нэр төрлийн барааг гаалийн татвар төлөлгүйгээр нэвтрүүлэх давуу эрхтэй. Гэвч тус салбар сэхэх бус улам уруудах шатандаа орчихоод байгаа. Хөгшин Европын тансаг хэрэглээтнүүдийн хүсэл таашаалд нийцсэн бүтээгдэхүүн тэр бүр үйлд­вэрлэж чадахгүй байгаа­гаа нууцлах сонирхол холбогдох албан тушаалт­нууд хийгээд үйлдвэр­лэгч­дэд байхгүй аж. Чанар, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр тавьдаг Герман, Итали зэрэг орны захиа­лагч, хэрэглэгчид манайхны гараа гарган байж урласан бүтээгдэ­хүүнийг “Муу байна” хэмээн голж цөөнгүй удаа буцаасан сурагтай. Өмнө нь ч ийм яв­дал олонтаа тохиолдож байжээ. Ту­хайлбал, ADIDAS фирмийн хувцсыг яг дуу­райлгаж хийгээд АНУ руу экс­порт­лоход даавуу, шошго нь ийм, тийм бай­на хэмээн голж, үйлдвэрлэгчдэд бөөн шаталт авчирч байсан удаа бий гэнэ. Одоо бидний анхаарал “Бид 2008 оноос өмнө амжиж экспортын бүтээг­дэхүүнээсээ овоо хэдэн “но­гоон” хуримтлуулж чадах уу” гэдэгт төвлө­рөөд байна. Энэ тухай өгүү­лэхээс өмнө дахиад статистик мэдээ дурдъя. Одоогоос хоёр жи­лийн өмнө нийт 19645 ширхэг сүлжмэл эдлэл экспортолж байсан бол 2006 оны эцэст энэ үзүү­лэлт 17468 ширхэг болж буурчээ. Тоон үзүүлэлтүүдийг харьцуулж суухад, манай улс экспортоосоо илүү импор­тыг дээгүүрт залчихсан гэдэг нь тодор­хой харагдаж байв. Импорт 13633 ам.доллар, экспорт 7543 ам.доллар. Тив тивийн улс дундаас Европын холбооны улстай харьц­сан манай гадаад худалдаа би­дэнд өнгөрсөн оныхоо тайланг “тайлагнаж буй нь” энэ. Европын холбооны улсуудын босго өндөртэй зах зээлд манай оёмол, сүлжмэл эдлэл хэр тэнцэх вэ гэдгээс илүү тээвэрлэлт, 7200 нэр төрлийн барааны төрөл тун “но”-той санагдаад байгаа юм. Тус салбарын экспортын орлогын гол эх үүсвэр болсон орнууд бол АНУ, Герман, Итали. Монголд мэлхийн сарвуу, луус болон илжиг, сармаг­чингийн мах үйлдвэрлээд экс­пор­толдоггүй нь тодорхой. Ёстой л гарт барьдаг хадаг, яндар гэдэг шиг “Made in Mongolia” нэрийн дор өнөөх оёмол, сүлжмэл эдлэл тэр­гүүт­нээ өргөн барьдаг. Салбарын бизнес эрхлэгчдийн хэлж байгаа­гаар бүтээгдэхүүнээ ОХУ-аар дам­жуулан гаргачихад болохгүй зүйл байхгүй гэнэ. Гэтэл орос ах нар тэдэнд дамжин өнгөрөх тээвэрлэл­тийн зөвшөөрөл өгөхгүй, хясчихна. Тэдэн­тэй сайдалцаж, муудалцаж, ёстой бөөн юм болж байж Герман руу гаргадаг гэсэн. Итали руу бү­тээг­дэхүүн экс­порт­­лох. Энэ л хам­гийн хүндрэлтэй гэнэ. Өмнөд хөр­шийн Тяньжин боом­тоор дамжин 40 хоног далай тэнгисийг гаталсан хөөрхий монгол бүтээгдэ­хүүний зарим нь бараг үнэр орох шахан Ром хотын барааг хардаг гэсэн шүү. Дээр хөндсөн сэдвийнхээ учгийг тайлахаар олон эх сурвалжтай уулзса­ны эцэст “Бид 2008 оноос урьтаж Евро­пын холбооны улс руу ахиухан хэм­жээний бүтээгдэхүүн экспортолж ча­дахгүй. Тиймээс ашиг, энэ тэр горьдох хэрэггүй” гэсэн халагламаар хариулт­тай л үлдлээ. Уг нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим давуу эрх эдлэх боломжтой 7200 нэр төрлийн бараанаас боломжтой гэсэн 72 бүтээгдэхүүнийг сонгон “72 to EU” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Сэдэв бүрхэг болсны гол учир до­тоодын бизнес эрхлэгчдэд байгаа бо­лолтой. Тэд одоогоос нэг, хоёр жилийн өмнө хилийн дээс алхаж, зах зээ­­лийн судалгаа хийгээд ирэхдээ “Европын холбооныхон АНУ-ыг бодвол өн­дөр үнэ хэлдэг ч тун цөөхнийг худалдаж авдаг юм байна” хэмээн сонирхол нь илт буурсан шинжтэй ирж байжээ. Гарал үүслийн гэрчилгээ хийгээд хөрөнгө оруулагчдын хүлээлт “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий оёмол, сүлжмэл эдлэ­лийг хэн дуртай нь тив алгасан худалдаал­даггүй. Тэд Гарал үүс­лийн гэрчилгээ хэмээх онцгой эрхийг өвөртлөн бүтээг­дэхүүнээ хил давуулах учиртай. Монголын үндэс­ний худалдаа, аж үйлдвэрийн тан­хи­маас энэхүү гэрчил­гээг авсныхаа дараа тус танхим, гаалийн бай­гууллага хоёрын хяналтан дор экспорт хийх ёстой. Гэвч хяналт алдагд­жээ. Өнөөдөр манай улсын бүтээгдэ­хүүний нэрийн хуудас болсон дээрх гэр­чилгээг хэн хаана дуурайлган үйл­дээд хаа байсан Малайз, Индонез, Хя­та­дын бөглүү мужид гар аргаар үйлд­вэрлэсэн бүтээгдэхүүнүүдэд халхавч хийн баруун руу гаргаж байгааг чи ч, би ч, тэр гааль хяналтынхан ч бүрэн хянаж чаддаггүй аж.Америк болон Монголын гааль, МҮХАҮТ гэсэн гурвын гурван байгууллага нийлж хянаад ч хүчирдэггүй байжээ. Хята­дууд гарах сиймхий бүрийг алдалгүй ашиглахыг завдаж, АНУ руу бүтээг­дэхүүн экс­портлох квотын сис­тем үйлчлэх үеэр хуурамч “монгол” бүтээгдэ­хүү­нийг өч төчнөөнөөр нь хил давуулахыг оролдож байжээ. Гадаадын хөрөнгө оруулагч­дын сонирхол бүрмөсөн алга болоод дүр­вээд алга болчихсон гэсэн яриа “Үгүй” гэдэг үгээр үргэлжилж байна. Бид Монголд үйлдвэрлэл эрхлээд, үйлд­вэр­лэсэн бүтээгдэхүүн маань хэзээ хамгийн тааламжтай хэлбэ­рээр баруун руу гарах вэ гэдгийг өнөөх дүрвэсэн гэгдэх Хятад, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид хүлээж байгаа аж. Тэдний хувьд, бидний дотоод эргэлзээ, сохор аз туршилт сонин биш, харин АНУ-тай хийх чөлөөт худалдааны хэлэлцээр, тус улс руу оёмол, сүлжмэл эдлэ­лийг экспортлоход тааламжтай байх болов уу, үгүй юү гэдэг л чухал. Зарим нэг нь бүтээгдэхүүнээ Сэм авгынд үе үе цөөн цөөнөөр нь “зочлуулж байгаа ч дуулдах юм. Бид дараа дараачийнхаа дугаарт энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно. С.Баттулга http://www.ardiinerkh.mn/-c

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2007-06-04 -
Бичсэн: nabar
urgelj heregtei medeelel hurgedegt chini bayarlalaa.
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 108 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax