Forever Fashion

2007-12-17 - “ГОЁЛ-2008″ НААДМЫГ 6 ТОП МОДЕЛЬ ЧИМЛЭЭ
Ангилал: Монгол

Жил жилийн “мода”-ыг тодорхойлж, загварынхныг доргиодог “Гоёл 2008″ хувцас загварын наадам сайхан бүхнийг нэгэн тайзнаа цогцлоохоор сүр дуулиантай эхэллээ. Наадам эхлэх хугацаа хэдийнэ өнгөрсөнд бага зэрэг бухимдсан үзэгчдийн сэтгэлийг хөгөлж, олон бөмбөрийн цоглог чимээ тэднийг суудлаас нь өндөлзүүлэн, наадам эхлэх дохиог өгсөн юм. МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Чимгээ болон үзэгчдэдээ Монгол Чань Ву гэгддэг жүжигчин Гантулга нар “Гоёл” наадмыг хөтөлдөг жам ёсоороо энэ жилийн наадмыг ч хөтөлсөн. Тайз заслын хувьд тун чиг тааруухан харагдаж байсан ч шилдэг дизайнеруудын бутээсэн гоёлоор гангарсан шинэ хуучин загвар өмсөгч бүсгүйчууд тайзнаа алхаж эхэлмэгц дутуу нь гүйцэж, дундуур нь нөхөгдсөн. Хорь дахь удаагийн “Гоёл” наадмыг ” Алтан ураг” хамтлагийнхан яруу тансаг хөгжмөөрөө улам ч сүржин болгож байлаа. Харин “Гоёл 2008″ наадамд найман топ модель наймуулаа оролцоно гэж байсан ч эхний өдрийн байдлаар топ модель Д.Болормаа өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй бол топ модель Н.Баярзул үрийн зулай үнэрлээд удаагүй учраас оролцож чадсангүй. Тиймээс Э.Одгэрэл тэргүүтэй зургаан топ модель “Гоёл” наадмыг чимсэн гэж болно. ПҮҮЖЭЭ НОГООН ЛИНЗ ЗҮҮЖ, ХҮЙСЭНДЭЭ ҮНЭТ ЭДЛЭЛ ШИГТГЭСНЭЭР БАС Л БУСДААС ОНЦГОЙРОВ “Хувьсал” продакшны жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн хамгийн сүүлд “Миний хайрыг хүлээ” нэртэй жүжгийн гол дүрийг бүтээсэн билээ. Энэ жүжгийнхээ дараа “Хувьсал”-ынхан түр хугацаагаар завсарлага авч, мэргэжил боловсролдоо анхаарал тавихаар өөр өөрийн эрдмийн зам мөрийг хөөцгөөсөн гэхэд болно.Тиймээс ч Пүүжээ Сингапур луу явж хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхээр суралцаж байгаад хэдхэн хоногийн өмнө эх орондоо эргэн ирээд байгаа юм. Мэдээж түүний ирсэн гол зорилго нь “Гоёл” наадамд оролцох явдал. Гэхдээ тэр өнгөрсөн жилийнхээ имиджийг тэгтэл нь өөрчлөөгүй байлаа. Монголын Наоми Кембил болж, жигд борлуулсан зүс царай, бие бялдараараа өнгөрсөн жилийн “Гоёл” наадамд сюрприз болсон тэрээр энэ жил тас хараар нүдээ будан, ногоон линз зүүж, хүйсэндээ үнэт эдлэл шиптэсэн нь бас л бусдаас онцгойруулж орхисон. Чухамдаа үеийнхээ загвар өмсөгчдөөс ур чадвар, алхаа гишгээ, биеэ авч яваа байдал, бардам дүр төрхөөрөө аргагүй ялгарч байсан Пүүжээ магадгүй Э.Одгэрэлийн орыг залгасан загварын брэнд болох болов уу гэсэн бодол үзэгчдэд төрсөн биз ээ. Тэр тун содон, гайхалтай байсан. ТОП МОДЕЛЬ Э.ОДГЭРЭЛ БУСДААС ТАСАРХАЙ ГЭДГЭЭ БАТАЛЛАА 20 дахь удаа зохиогдож буй “Гоёл” наадмын салхийг хагалж гоёлын даашинз өмссөн топ моделиуд тайзан дээр гарч ирсэн юм. Хар, цагаан, шар, ногоон, улаан, ягаан гээд өнгө өнгийн хөх, цээж гарсан гоёлын даашинзтай топ моделиуд бардам харц, итгэлтэй алхаа гишгээгээр үзэгчдийг өөрийн эрхгүй байлдан дагуулж байлаа. Тэр дундаа энгэр цээж, гуя шилбэ нь гарсан тас хар өнгийн даашинзтай топ модель Э.Одгэрэлийг гарч ирэхэд үзэгчид алга ташин, баяртайгаар хүлээн авч байсан. Хэдийгээр жил жилийн гоёл наадмын дараа топ модель Э.Одгэрэлийг залуу загвар емсөгчиддөө байр сууриа тавьж өгөхийг хүсдэггүй, 40 хүрсэн ч тайзнаасаа буух дургүй байна гэхчилэнгээр элдэв янзаар хэлдэг ч түүнийг байхгүй бол “Гоёл” наадам үнэхээр юу ч биш юм гэдэг нь харагдсан. Учир нь залуу охидоосоо дутахааргүй зүс царай, бие бялдартай Э.Одгэрэл “Гоёл” наадмын тайзыг жинхэнэ загварын акул мэт эзэгнэж байгааг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрж байсан. Загвар өмсөгчийн ажлыг мэргэжил болгон эзэмшсэн тэрээр аргагүй туршлагатай, чадварлаг загвар өмсөгч юм гэдгийг бид нэгэнт хүлээн зөвшеөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. ЗАЛУУ ЗАГВАР ӨМСӨГЧИД ТУРШЛАГАГҮЙТЭВ Анхны юм бүхэнд алдаа оноотой байдаг болохоор шинэ залуу загвар өмсөгчид багагүй сандарцгааж байгаа харагдсан. Тайзан дээрээ алхаж чадахгүй шахам байж загвар өмсөөд “Гоёл”-д орж байгаа нэгэн байхад хэтэрхий их биеэ барьснаасаа болоод хөл, гар нь салганан зогсох зарим залуу загвар өмсөгчид хувцсаа ч үзүүлж чадахгүй байдалтай харагдсан. Уртадсан даашинзныхаа хормойнд бүдэрчих гээд явж чадахгүйгээсээ болоод емссен хувцасаа гутааж байсан залуу загвар өмсөгчид туршлагагүй, бас чадваргүй гэсэн үнэлгээг үзэгчдээс хүртэж байсан. Түүнээс гадна ОХУ-аас арав гаруй загвар өмсөгчид ирж оролцсон нь манайхнаас арай л өөр уур амьсгалыг тайзан дээр бүрдүүлж байлаа. “ДЭЛХИЙН МИСС”-ИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦООД ИРСЭН Г.ОЮУНГЭРЭЛ ТОПУУДААС ДУТАХААРГҮЙ БАЙЛАА Монгол бүсгүйчүүдийн гоо сайхныг дэлхий дахинд таниулаад ирсэн мисс Г.Оюунгэрэл “Гоёл” наадмын үеэр топ моделиудаас дутахааргүй харагдаж байлаа. Жил жилийн “Гоёл” наадмыг найман топ моделиуд маань эхлүүлж, хаадаг бол Г.Оюунгэрэл топуудтай зэрэгцэн “Гоёл” наадмын тайзан дээр итгэл дүүрэн алхаж байсан. Загвар өмсөхийн зэрэгцээ “Сайхан бүсгүй”-н тэмцээнүүдэд оролцож, өөрийнхөө гоо сайхныг бүрэн утгаар нь таниулахыг хүссэн тэрээр “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцох үеэрээ толгой дээрээ аяга тавин Үндэснийхээ “Үелзүүр” бүжгийг гаргууд сайн бүжиглэж, шаггүй авъяастай гэдгээ харуулсан. Тэгээд ч олон орны бүсгйүчүүдээс 20 дугаар байранд орж, Монгол гэдэг нэрийг дэлхийн тавцанд гаргасан тэрээр загварын ертөнц өөрийн гэсэн өнгө төрхийг нэгэнт олж чаджээ. ГОЁО БРЭНД ДИЗАЙНЕР СОЁЛМААГИЙН БҮТЭЭЛҮҮДЭЭР ЗИНДААРХАВ “Дэлхийг Монгол ноолуураар гоёно” гэсэн уриатайгаар ажил үйлсээ явуулдаг Гоёо брэнд энэ удаа загвар зохион бүтээгч Соёлмаагийн загваруудаар зиндаархсан гэж болно. Сүүлийн хэдхэн жилийн дотор эрч хүчтэй гарч ирсэн Гоёо брэнд шулуун шударга зантай нэрт дизайнер Соёлмааг хэрхэн урвуулж чадсан нь тодорхой бус ч ямартаа ч түүний бүтээлүүдээр энэ удаа олны анхаарлыг татаж орхисон. “Дөчин насанд амьдрал эхэлдэг” нэртэй загваруудаараа оролцсон Соёлмаа Гоёо брэндийн дизайнер болж, дэлхийг Монгол ноолуураар гоёхоор ийнхүү давшилж эхэлжээ. Түүний гараа дөнгөж эхэлж байгаа гэдэгт итгэлтэй байна. ЭРЭГТЭЙ ЗАГВАР ӨМСӨГЧИД “АРАЙ Ч ДЭЭ” Эрэгтэй хүн загвар өмсөнө гэдэг ойлголт саяхныг хүртэл манайхны сэтгэлд нэг л хоногшиж өгөхгүй байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд эрэгтэй загвар өмсөгчдийн тоо илт давуу нэмэгдсэн. Гэхдээ эмэгтэйчүүдийнхээ тоог яаж гуйцэхэв. Тиймээс ч цөөн тооны эрэгтэй загвар өмсөгчид этгээд дүр төрх, имидж сайтай л байвал дор нь нэрд гарч, энд тэндэхийн плакантны нүүр царай болдог. Харамсалтай нь манай эрэгтэй загвар өмсөгчид өндөр л бол загвар өмсөгч болчихдог гэсэн хомсхон ойлголттой явдаг бололтой. Бас эмэггэй загвар өмсөгчидтэйгээ адил тураах жортой хоол, янз бүрийн дэглэм барьдаг юм биш байгаа гэсэн инээдтэй бодол төрж байсан. Учир нь манай эрэгтэй загвар өмсөгчид дэндүү туранхай, бүр хүүхнүүдээсээ ялгагдахааргүй бие хаатай ажээ. Хэдийгээр эмэгтэй загвар өмсөгчид өндөр, туранхай байх ёстой ч эрэгтэй загвар өмсөгчид хувцас тогтоох хэмжээний бие бялдрын хөгжил сайтай байвал хэний ч сэтгэлд аятайхан санагдах нь ойлгомжтой. Харин манай эрчүүд “арай ч дээ” гэмээр туранхай, бүр хэрзгэр болохоор тэгтлээ од болж, онцгойрч харагддаггүй бололтой. ДУУЧИН Д.БОЛД АМЬДРАЛДАА ЮМ ЮМ Л ҮЗЭЖ ЯВНА Загварынхнаас гадна урлагийнхан ч энэ орой Гоёл 2008″-д мориллоо. Уран хөдөлгөөнт балетаар хэсэг амьсгалсаны дараа дуучин Д.Болд гэнэт гарч ирэн үзэгчдийг гайшруулав. Харин наадам дуусах үед “Монгол Гоёо” дуу эгшиглэж эхэлсэн. Гэтэл дуучид нь тайзнаа уван цуван гарч ирсэн боловч дуучин Болд, Маралжингоо, Ганаа нараас гадна охидын Киви хамтлагийнхан ирсэн байлаа. Уг нь энэ дууны клипэн дээр өөр олон дуучид оролцдог ч тэд энэ удаа понаграмм тавиад, халтуурдаж байгаа нь андашгүй харагдсан. Мэдээж энэ байдлаасаа ичсэн дуучин Д.Болд ч тайзны ар луу орох үедээ “Хүн амьдралдаа юм юм л үзэх юм даа” гэж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр Болд амьдралдаа юм юм л үзэж яваа бололтой. Нийтлэгдсэн хэвлэл: Өглөөний сонин www.sonin.mn-c 

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 60 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant