Forever Fashion

2010-04-11 - Зузаан улт, трапец өмд, хуниастай банзал далаад оны загвар эргэж ирлээ
Ангилал: Монгол

Зузаан улт, трапец өмд, хуниастай банзал далаад оны загвар эргэж ирлээ
Урин дулааны улирал айлчлан ирж, хүмүүс хөнгөн нимгэн хувцсандаа орж эхэллээ. Цаг улирлаа дагаад хэн бүхэн гоёмсог дэгжин хувцаслахыг хүсч байгаа нь мэдээж. Тэгвэл энэ хаврын загварын ерөнхий чиг хандлага ямар байх бол. Энэ талаар "Шилмэл загвар" компанийн дизайнер Д.Өнөболороос тодруулав. Тэрбээр "Үнсгэлжин", "Хаврын гоёл" наадам болон Москва хотноо болсон Олон үндэстэн ястны хувцас загварын наадамд оролцож, шагнал хүртсэн шилдэг дизайнерын нэг юм. Түүнтэй загварын ертөнцөөр хамтдаа аялцгаая. Аяллынхаа өмнө "Та моод дагах биш, таныг моод дагана" гэсэн үгийг сануулмаар байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг даган дуурайж хувцаслах шаардлагагүй. Таныг хувцас, гоёлоо хэрхэн сонгосноор үзэл бодол, зан аашийг тань тодорхойлох боломжтой учир өөртөө зохисон, өөрийгөө илэрхийлэхийг хүссэнээрээ л хувцаслаарай. Орос болон Цыган хандлага давамгайлж байна XVIII-XIX зууны Грек, Египетийн хувцасны загварууд, цацагтай гутал, том гоёл чимэглэл бүхий Цыган стилийн хувцаснууд, тариачдын уламжлалт загварыг орчин үеийнхтэй хослуулсан тансаг чамин загваруудыг та дэлхийн томоохон шоунуудаас сүүлийн үед харж байгаа байх. Дээр нь жигтэй сонин хээ угалз, оёдол. бөмбөгөр хэлбэртэй хуниастай цагаан цамц, эртний маягийн савхин оруулгууд, наамал болон угалзан хээ, гоёмсог зоосон чимэглэлтэй бүс. үнэт эдлэл, тансаг үсэн эдлэл, эсвэл үсэн эдлэлээр чимсэн зах, хүрээ, цацагтай нарийхан урт ороолт. металл зэргээр чимэглэсэн орос хандлага давамгайлсан хувцаснууд ч дэлхийн загварын ертөнцөд энэ хаврын гоёл болон орж ирж байгааг залуус хэдийнэ анзаарсан биз ээ. Бие барьсан пальто илүү донжтой Юуны өмнө жараад оны сүүл далаад оны эхэн үеийн загвар эргэн ирж байгааг уншигч танд дуулгая. Ерөнхийдөө гадуур хувцасны бүсэлхийн шугам дээшилж, бие барьсан биш, илүү сул чөлөөтэй, бас богино загвар ноёлно. Охидын өмсөх дуртай нимгэн материалаар хийсэн пальто шулуун судалтай байвал илүү дэгжин харагдах нь. Харин ажил хэрэгч буюу хээнцэр бүсгүйчүүд мөр, бэлхүүсийг нь тодотгох шулуун загварын пальтогоор гангарахад тохиромжтой. Харин пальтоны зах, мөр, ханцуйны ирмэг хэсэгт нь бага зэргийн хээ, гоёмсог судал, нэмэлт оруулга байх хэрэгтэй шүү. Зарим хэсэгг нь үслэг эдлэл болон гоёмсог өдийг донжийг нь тохируулан оруулж ч болох нь. Хамгийн гол нь хэтрүүлэхгүйгээр гоёх хэрэгтэй аж. Сүүлийн үед эрээн мяраан хээ, элдэв судал моодноос гарчээ. Харин оронд нь өнгө дагуу шулуун судал болон цулгуй өнгийг чухалчилж эхлээд байна. Тиймээс бүсгүй хүний бие галбирыг тодотгосон бариу загварын пальто бага зэргийн хээтэй байхад илүү донжтой харагдах нь ээ. Түүнчлэн бүсгүй та эрэгтэй загвартай, тод өнгөтэй хүрмээр гоёвол тун дэгжин байх болно шүү. Элдэв чимэг зүүлтгүй ч этгээд чамин загвартай ийм хүрэм таныг өөртөө итгэлтэй, гал цогтой харагдуулж чадна. Эрчүүдийн хүрмийг том товч чимнэ Харин эрчүүдийн хувьд бүрх малгай моодонд орж байгаа. Пиджакны хувьд бариудуу, гэхдээ шулуун биш загвар голлох нь. Сүүлийн үед эрчүүдийн загвар ихээхэн өөрчлөгдөж байгааг та бүхэн анзаарсан уу. Азийн моодорхог залуусын адил манайхан ч загвар хөөцөлдөх болсон нь томоохон дэвшил шүү. Энэ жил залуусын сонгосон хүрэм нь том модон болон чулуун товчтой байвал илүү дэгжин харагдана. Мөн өмд нь ч бариу байх юм. Харин гутлын хувьд зузаан ултай, арьсан байх хэрэгтэй. Чанар, өнгө үзэмж нь сайжирсан платформ 1970-1980-аад онд моодонд орж байсан зузаан улт платформ гутал загварын ертөнцөд эргэн ирж байна. Ийм гуталны өсгийг тухайн үед модоор хийдэг байсан бол одоо ултай нь адилхан материалаар хийх болж. чанар болон өнгө үзэмж нь улам бүр сайжирсаар байна. Загварын ертөнцөд эргэн ирсэн платформын ул нь үргэлж биш. Зөвхөн өсгий нь платформ байхаараа өмнөх үеийнхээс онцлогтой гэнэ. Харин улны тухайд зузаан ч хошуутаараа бага зэрэг дугуй байх аж. Гэхдээ өсгий нь их бие болоод улнаасаа өөр өнгөтэй байх ёстой гэсэн шүү. Мөн тод өнгөтэй, хагас болон урт түрийтэй гутал. намхан. шулуун ултай шаахай ч таныг дэгжин хээнцэр харагдуулах нь. Охидын хувьд намхан ултай. үслэг түрийтэй гутал сонгоорой. Харин өнгөний хувьд энэ хавар мөнгөлөг шаргал, цайвар, хар өнгө голлоно. Нэмж хэлэхэд, өнгөрсөн жил моодонд орж байсан лакан гуталдаа баяртай гэж хэлэх хэрэгтэй болжээ. Өндөр суудалтай өмд "хаданд гарах" нь ээ Далаад оныхны гоёл өргөн өмд халаагаа өгсөнгүй. Өгзөг барьсан, өргөн шуумагтай, нимгэн материалтай, тод өнгийн өмдийг загварынхан чухалчилсан байна. Зузаан ултыг трапецан өмд ямагт дагадаг. Тиймээс ч трапецан, даавуун материалтай өмд моод болно. Мөн доор суудалтай өмднүүд халаагаа өгч, бүсэлхий давсан өндөр суудалтай нь "хаданд гарах" нь ээ. Малгайнаас гутал хүртлээ хээтэй Өнгөрсөн намрын загварт судалтай болон дөрвөлжин хээтэй пальто, цув зонхилж байсан. Тэгвэл энэ хавар ч мөн адил байх нь. Малгайнаасаа эхлэн гутал хүртлээ ийм хээтэй ч байж болох аж. Эсвэл зарим нэг хэсэгт нь хээ оруулж болох нь. Цаг агаар дулаарахын хэрээр шар, нил ягаан, элсэн шаргал, эрээн өнгө зонхилох гэнэ. Харин сонгодог гэгддэг цагаан, хараас түр татгалзаж бор, хүрэн, хар хөх өнгийн хувцас сонгохыг зөвлөе. Дээр нь сануулахад, хэдийгээр моодонд ороод байгаа ч эрээн, мяраан олон өнгөөс бүрдсэн хувцас нь бор царайтай монголчуудад төдийлөн зохидоггүй. Бас гурваас дээш өнгийн хувцас нэг дор өмсвөл сайхан харагддаггүйг сануулахад илүүдэхгүй биз ээ. Цыганы хүнд чулуун эдлэлүүд давамгайлна Малгай, ороолтын өнгө тод тусмаа дэгжин. Охид аль болох том том нэхээстэй малгай, ороолт сонгоорой. Гэхдээ урт ороолтыг унжуулж биш хүзүүгээ хэд давхарлан ороох хэрэгтэй. Бүсгүйчүүдийн гоёлын салшгүй нэг зүйл нь нүдний шил. Хэрэв нарны шил авах гэж байгаа бол том шилтэй, өргөн хүрээтэйг нь сонгоорой. Ийм шилний rap нь нэлээд өргөн, хүрээ нь янз бүрийн толбо, хээтэй байх юм. Энэ хавар эрээн хүрээтэй, цулгуй гартай, элдэв хээ чимэглэлтэй том шилээр гоёхыг зөвлөе. Өргөн бүс, тэлээ халаагаа өгснийг мартаж болохгүй. Оронд нь нарийхан, цэвэрхэн хийцтэй, арьсан бүс моодонд орсон. Гоёл чимэглэлийн хувьд цыгануудын зүүдэг том чулуун эдлэл давамгайлна хэмээн "Gucci" загварын агентлаг тодорхойлжээ. Энэ хавар, зун хүүхнүүдийн үс урьдын адил богино загвартай байна. Гэхдээ халимаг маягаар загварыг нь бага зэрэг өөрчилжээ. Бүсгүйчүүдийн хувьд ямар малгай өмсөхөөс хамаарч үсээ янзлах хэрэгтэй. Хэрвээ ноосон малгай өмсөх бол урт үс зохимжтой, бүрх малгай богино үстэй хүүхнүүдэд илүү зохидгийг мэднэ биз дээ. Цүнхний хэмжээ жижгэрсээр Хэрвээ та ажил хэрэгч бүсгүй бол цэвэр арьсан цүнх сонгоорой. Яагаад гэвэл загварын чиг хандлагыг тодорхойлогчид үнэтэй, чанартай материалаар цүнх үйлдвэрлэхийг илүүд үзэж байгаа аж. Цүнхний хэмжээ хоёр жилийн өмнөөс жижгэрч ирснийг та лав анзаарсан биз. Тиймээс аль болох жижиг цүнх авахыг хичээ. Сонгосон цүнх тань жижиг ч чимэглэл ихтэй байх хэрэгтэй. Эдгээр чимэглэл нь материалтайгаа ижил байхын дээр металл байж болох нь. Хуниас олонтой бол донжтой харагдана Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчид 2009 онд банзлын хормой, хэлбэр хийц хэрхэн өөрчлөгдөх талаар ийн ярьжээ. Урт банзлын хувьд том, том эсгүүртэй хэр нь янз бүрийн хуниас олонтой бол донжтой харагдана. Ийм загварын банзал өнгөний хувьд хар, бор, шаргал байвал улиралтайгаа илүү дүйцэх нь. Материалын хувьд твид, ноосон даавуу тохиромжтой аж. Мөн дөрвөлжин хээтэй, шотланд даавуу, жоржет, вельвет гээд энэ бүхнийг тодотгох материал олон бий гэнэ. Загвар зохион бүтээгчид энэхүү загварыг хийхдээ шотланд банзлаас санаа авчээ. Мөн балетчдын өмсгөл шиг хэлбэртэй банзал залуу бүсгүйчүүдэд илүү зохино гэж үзэж байгаа аж. Хар болон тод өнгөтэй тор, хээтэй торго, хөнгөн фланель, вельвет, клоке, парча зэрэг даавуугаар урласан банзал загварынхаа онцлогийг илэрхийлж чадна хэмээн зөвлөж байна. С.Гэрэл http://news.gogo.mn/r/52256

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax