2007-04-02 - "Урлах эрдэм" ДС-ийн захирал Г.Тунгалаг: Энэ намар биеийн галбирыг тодотгосон сонгодог стилийн хувцаснууд моод болж байна
Монголын загварын ертөнцийг шинэлэг загваруудаар байлдан дагуулж байдаг "Урлах эрдэм" дээд сургуулийн оюутнуудын бүтээлийг гадныхан шагшин магтдаг. Өнгөрсөн зун "Summer show хэмээх загварын долоо хоногийг "Чингис" зочид буудалд амжилттай зохион байгуулсан тус сургуулийн захирал Г.Тунгалагтай уулзлаа.
-Таныг философийн мэргэжилтэй гэж сонссон юм байна. Харин яагаад загварын ертөнцөд нэвтрэх болсныг чинь сонирхож болох уу?
-Загварын ертөнц гэдэг миний асар их сонирхол. Ямар ч хүнд үндсэн мэргэжлээс нь гадна сонирхдог зүйл байгаад тэр нь яваандаа амьдралынх нь утга учир болон хувирах тохиолдол бий. Угаасаа моод, стиль, имиж гэдэг бол хүний гадаад төрх, хувцаслалт төдий ойлголт биш юм. Тухайн хүний сэтгэлгээ, дотоод ертөнц, гоо сайхны мэдрэмж гээд олон зүйл үүнд хамааралтай. Би энэ талаар нэлээд сайн судалж биеэ бэлдэж байж тодорхой зорилготойгоор энэ салбарт орж ирсэн. Нөгөө талаар, нийгэм хөгжихөд үндэсний үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй,гэтэл боловсон хүчнийг бэлдэх асуудлыг шийдэхгүй бол болохгүй шүү дээ. Ингээд 1993 онд монголын анхны дизайн үйлдвэрлэлийн дээд сургууль болох Урлах Эрдмийг байгуулсан юм. Өнөөдөр 12 жилийн дараа УЭДС дизайны олон чиглэлээр сургалт явуулдаг салбаруудтай, загвар зохион бүтээх товчоотой жилдээ 900 гаруй шинэ загвар үйлдвэрлэдэг, хавар намрын коллекцуудаа толилуулдаг, 3000 гаруй нэгж загварын фондтой дизайн үйлдвэрлэлийн томоохон байгууллага болон хөгжөөд байна.
-Таны охин Энхчимэг ч Монголын өмнөө барьдаг шилдэг дизайнеруудын нэг. Охины чинь хүсэл сонирхолд таны нөлөө их байсан байх, тийм үү?
-Би хүү, охинтой. Тэднийгээ хамгийн сайн сургуульд сургаж, өндөр боловсрол эзэмшүүлэн, өв тэгш хүмүүс болгох гэж хичээж, гоо сайхны мэдрэмж, дотоод ертөнц, авьяасыг нээхэд бүхий л талаас туслах үүргээ биелүүлсэн. Хүүхдүүдээ бага балчираас нь л уран зураг, театр, сонгодог урлагийг шимтэн сонирхдог болгосон нь тэдний хүмүүжилд онцгой нөлөө үзүүлсэн гэж боддог. Охиноо дизайн урлагийн хүн болгох тийш хөтөлсөн, өөрт нь ч их авьяас байсан, мөн уйгагүй тэвчээртэй хөдөлмөрлөсөн. Тэгээд УЭДС-ийг төгсөөд, Англид мэргэжил дээшлүүлсэн, Японд хувцас загварын уралдаанд түрүүлсэн, Монголын хамгийн том бие даасан коллекцуудын үзүүлбэрийг хийж байсан гээд тоочвол их юм бий. Монголын дизайнеруудаас анх удаа Fashion TV-д бүтээлээ бичүүлсэн. Энэ бол маш том амжилт. Би хүү, охин хоёртойгоо ярилцах, санал солилцох бүртээ өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг мэдэрч сэтгэл сэргэдэг.
-Ингэхэд монголын хувцас загварын түвшин Азид ч юмуу, ер нь хаахнуур явна вэ?
-Загварын ертөнц нэг л байдаг. Түүний хөгжлийн чиг хандлагыг Парисын гэх мэт том том загварын орднууд тодорхойлдог юм. Бид дэлхийн загварын ертөнцийн нэг хэсэг учраас уран бүтээлээ тэр чиг хандлагын дагуу хийх ёстой. Гэхдээ дизайнерууд өөр өөрийнхөөрөө өвөрмөцөөр илэрхийлдэг гэж хэлж болох юм. Манай загварын товчоо зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд 900 гаруй шинэ загвар туршсан. 2003 оны 11-р сард монголд анх удаа Улаанбаатарын загварын 7 хоног зохиож, мөн энэ сарын 6-р сард Summer show хийлээ. Үүгээрээ олон түмэнд загвараа үзүүлэхийн сацуу орчин үеийн хувцасны загвар гэж юу хэлээд байгааг харуулсан гэж бодож байна. Дизайнеруудын өөрийн бүтээсэн нэгэн стиль, утга санаагаар холбогдсон дахин давтагдашгүй загваруудаас бүрдсэн шинэ коллекцийн үзүүлбэрийг 7 хоногийн хугацаанд тодорхой зохион байгуулалттай ээлж дараалан үзүүлэхийг Fashion week гэдэг болохоос дэлгүүрүүдийн гаднаас худалдахаар оруулж ирсэн массаар үйлдвэрлэгдсэн барааг сурталчлахыг хэлдэггүй юм. Fashion week зохиож байна гэдэг бол дэлхийн соёлт ертөнцтэй нэг агаараар амьсгалж байна гэсэн үг.
-Дизайнер, загвар өмсөгчийн ажил салшгүй холбоотой байдаг. Харин хөлс хүчээ шавхаж байж урласан загварыг нь манай моделиуд амилуулахдаа хэр вэ?
-Манайд загвар өмсөгчид олноор бэлтгэгдэж байна. Тэдэнд өмнө нь загвар өмсөж байсан хүмүүс багшилж байгаа нь дэлхийн хэмжээнд шинэлэг гэх юмуу даа. Учир нь моделиудыг дизайнерууд л бэлтгэх ёстой, тэгж ч ирсэн. Харин өнөөгийн байдлаар монголдоо Болороогийн Монгол модель агентлаг хамгийн мэргэжлийн гэж болох моделиудтай, тийм учраас бид бүх үзүүлбэрүүдээ тэдэнтэй хамтарч хийдэг.
-Хувцас загварын мэргэжлийн хүнтэй ярилцаж байгаагийнх энэ намрын загвар ямар байхыг асуулгүй өнгөрч болохгүй нь?
-Өнгөрсөн зун аль болох хурц тод өнгөтэй спорт стилийн загварууд болон биеийн ихэнх хэсгийг ил гаргаж, гоо сайхныг магтан дуулсан загварууд зонхилж байсан. Харин намар болоод ирэнгүүт өнгөнүүд арай бүдгэрэхийн зэрэгцээ хар, улаан, улаан сонгодог өнгө, цахилгаанжсан мэт гэгдэх хөх өнгө моодонд хэвээр байна. Материалын хувьд ноосон ба хагас ноосон даавуунууд зонхилно. Загварын хувьд 60-аад оны жижгэвтэр пальто моод хэвээр. Аль болох биеийн галбирыг тодотгосон цэмцгэр, сонгодог стилийн хувцаснууд моод болж байгаа. Дээр нь маш гоё нэхээстэй ороолт, цамц, малгай ч энэ намрын гоёлыг тодорхойлно. Бид энэ намар, ирэх өвлийн загварын хандлагыг хэрхэн илэрхийлж байгаагаа 10-р сард УЭДС-иас 2 дахь удаагаа зохиох Улаанбаатарын загварын 7 хоногоор үзүүлэх болно.
-Гутлыг ч бас орхигдуулж болохгүй байх, тийм үү?
-Мэдээж. Энэ намрын гутлын загвар нь өндөр нарийхан өсгийтэй, сонгодог, хэт урт биш, шөвгөр хошуутай байна. Мөн хөлийн хуруу тойрсон дугуй хоншоортой гутал моодонд ихээр орж ирсэн байгаа.
-Манайхан ихэнхдээ хар, бараан өнгийн хувцас өмсдөг. Хэдий хар өнгө сонгодог өнгө гэдэг ч манайхны царайны өнгөнд зохицолдоо нь хэр байдаг юм бол?
-Үнэн л дээ. Гэхдээ хар өнгийн буруу гэж юу байх вэ. Тухайн хүн тэр бараан царайгаа засах, гоо сайхандаа анхаарах хэрэгтэй болов уу. Хар өнгө нь бүх өнгийг өөртөө шингээсэн хамгийн тансаг өнгө юм. Хар өнгийн хувцастай та баяр ёслолд ч явж болно, уй гашуугаа ч илэрхийлж болно, өдөр тутмын ажилдаа ч хар өнгийн хувцсаар гоёж болно, тиймээс хүн бүр дуртай байх нь аргагүй шүү дээ.
-Ингэхэд таны өдөр тутмын болоод гоёлын хувцасны тоо чамгүй их гарах байх. Барагцаалбал?
-Хувцасны тоо нь чухал биш. Би хар өнгийг голчилж, классик хааяа романтик стилээр хувцаслах дуртай. Харин цүнх, төрөл бүрийн алчуур ороолт эмэгтэй хүнд олон байх ёстой гэж үздэг.
2004.09.11, Хүмүүсийн амьдрал
http://mglclub.com/ Бичсэн: designer
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|