2007-04-02 - Ч.Болдхуяг: Эмэгтэй маникануудын зарим нь уйлж байсан
Зүүн Ази номхон далайн орнуудын үсчин гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээн саяхан Шри-Ланк улсын Колумби хотод болжээ. Уг тэмцээнд Энэтхэг, Шри Ланк, Австрали, Монгол, Япон, Тайланд зэрэг арваад орны 400 гаруй үсчин гоо сайханчид оролцсон байна. Манайхаас "Smile" салоны захирал Ч.Болдхуяг, Дархан-Уул аймгийн ахмад үсчин Б.Уртнасан, МУ-ын мастер үсчин Д.Одонгоо, О.Алтанчимэг, залуу үсчин Б.Уртнасан нар оролцжээ. Энэ талаар "Smile" салоны захирал Ч.Болдхуягтай уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө хэр амжилттай оролцож ирсэн тухайгаа ярихгүй юу?
-Тус тэмцээн найм дахь жилдээ зохиогдлоо. Манайх таван хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Эмэгтэй урт үсний гоёлын төрөлд Д.Одонгоо алт, ахмад үсчин Б.Уртнасан мөнгөн медаль хүтсэн. Богино үсний тайралт, хатаалтын төрөлд О.Алтанчимэг мөнгө, залуу үсчин Б.Уртнасан тусгай байранд шалгарлаа.
-Азийн орны үсчин гоо сайханчид дэлхийн хэмжээнд нэлээд дээгүүр байранд ордог гэсэн. Яг ямар төрлөөр юм бол?
-Монголын үсчин гоо сайханчид төдийгүй Азийнхан дэлхийн тэмцээнд урт үсний гоёлын төрөлд ноёлдог. Харин богино үс хатаалтын төрөлд гэвэл Европын орнууд тэргүүлдэг юм.
-Тэмцээний үеэр ямар нэгэн бэрхшээл эсвэл сонирхолтой зүйл тохиолдов уу?
-Тэмцээнд эхлэхэд 30 минут үлдээд байхад, богино үсний төрөлд оролцох үсний маниканууд үсээ тайруулахгүй татгалзсан. Учир нь тус улсад эмэгтэйчүүд шашны урсгал, зан заншлаа дагаад үс гэзгээ тайрдаггүй юм билээ. Тус улсаас нэгэнт болзолт уралдаан зарлаж, олон орноос үсчин гоо сайханчид очсон болохоор зохион байгуулж буй байгууллагууд тайрахыг зөвшөөрсөн юм. Энэ үеэр урт үстэй эмэгтэй маникануудын зарим нь нөхрийнхөө хамт уйлж байсан нь сонин санагдсан.
-Үсний засалтын нэг төрөлд хичнээн хүн оролцов?
-Зөвхөн нэг төрөлд 60 гаруй үсчин оролцсон.
-Үсчдийн энэ төрлийн тэмцээнд оролцсон зардлыг хаанаас төлдөг вэ?
-Ийм томоохон тэмцээнүүдэд оролцоход Үсчдийн холбооноос тусалдаг. Харин замын зардал, хоол хүнс, үсний маниканд төлөх төлбөр гээд бүгдийг нь бид хувиараа төлдөг.
-Нэг хүнд хичнээн төгрөг шаардагдах вэ
-Дунджаар хоёр сая гаруй төгрөг.
-Үсчний ур чадвар болон үсний гоо заслаар аль улс тэргүүлдэг вэ?
-Тайваныхан. Тэндхийн үсчин гоо засалчид үсний засалтын ямар ч төрлөөр дэлхийд тэргүүлдэг.
-Зүүн Ази номхон далайн үсчин гоо сайханчдын аварга шалгаруулах энэ тэмцээнд Монголд зохиогдох уу?
-Уг тэмцээнийг 2006 оны 9-р сард Монгол улсад зохион явуулахаар болсон.
-Манайд энэ тэмцээнийг зохион явуулах нөөц бололцоо хэр байгаа бол?
-Юутай ч Монгол дахь үсчин гоо засалтай холбоотой бүхий л байгууллагуудтай хамтран зохион байгуулж бүх боломжоо ашигласан. Дашрамд дурдахад, бид тамирчдын адил тив дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж эх орныхоо тугийг дэлхийд мандуулдаг. Гэтэл тамирчдыг аливаа тэмцээнд амжилттай эсвэл амжилтгүй оролцоод гадаадаас ирэхэд төрийн түшээд болон холбогдох байгууллагууд хүлээж авдаг. Харин манайх бол биднийг хэзээ ч, ямар ч амжилт үзүүлж ирэхэд ойшоодоггүй нь харамсалтай. Бараг дурсдаг ч үгүй. Ийм дутагдлаас болоод ч тэрүү монголын үсчний түүхэнд "Гавьяат үсчин" хэмээх энэ эрхэм алдрыг хэнэ ч хүртэж байгаагүй.
2004.11.04, Өдрийн сонин Бичсэн: designer
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|