Forever Fashion

2007-04-20 - “Шилмэл загвар “ХХК-ийн захирал, хатагтай Ч.Оюунцэцэг
Ангилал: Монгол

“Шилмэл загвар “ХХК-ийн захирал, хатагтай Ч.Оюунцэцэг: Энэ ажлаа хийгээд үүгээрээ дуусна гэж бодож явсаар өдийг хүрсэн

Дэлхийн 38 орноос шалгаруулан Испани улсаас олгодог “17 th international award for excellence in products & services ” шагналыг Монгол Улсын “Шилмэл загвар” ХХК-ийн хамт олон хүртжээ Мэргэжилдээ зүрх сэтгэлээ өгсөн олон эмэгтэйгийн нэг нь Оюунцэцэг захирал юм. Тэр үеийн хэллэгээр ЗХУ-ын дээд сургуульд загвар зохион бүтээгчийн мэргэжил эзэмшсэн түүний амьдрал, хувь заяа өдгөө баруун дөрвөн замын дунд дүнхийх “Шилмэл загварын ордон”-той салшгүй холбоотой. Монголын хувцас загварын ертөнцөд ихийг хийж бүтээсэн түүний хөдөлмөр зүтгэл, сүүлийн үед ахиц дэвшилттэй яваа энэ салбарын үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн. Элдэв, амбиц нэр төр хөөцөлддөггүй “Шилмэл загвар” ХХК-ийн хамт олны ажлын ололт, амжилтыг дэлхий ажиглаж байсан байх юм. Нэг л өдөр энэ хамт олон дэлхийн 38 орны үйлдвэр, үйлчилгээний салбарын сайчуултай зэрэгцэн зөвхөн хувцас загварын чиглэлээр Монголын “Шилмэл загварын ордон” шалгарсан гэсэн баярт мэдээг дуулаад чихэндээ итгээгүй гэдэг. Бид хатагтай Оюунцэцэгтэй Испани улсаас шагналаа хүртэж ирээд тун удаагүй байхад нь уулзсандаа баяртай байна. -Танд болон “Шилмэл загвар” ХХК-ийн хамт олонд олон улсын нэр хүнд бүхий шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ шагналын тухайд манайхан нэг их сайн мэдэхгүй байх? -Испани, Мадридаас захидал ирсэн. Тэр захидалд “ОУ-ын бизнесийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ” гэсэн шагналд танай байгууллага шалгарсан тул шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ирж оролцоно уу” гэсэн урилга байсан. Ингээд манайхаас төлөөлөн хоёр хүн оролцож шагналаа гардан аваад, хилийн чанадад тусгай амжуулах ажил байсан учраас хэсэг саатаад ирлээ. Энэ үйл ажиллагаанд 38 орны үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд оролцсон. Тус байгууллагууд номинациудаар олгосон шагналыг гарддаг. Загварын чиглэлээр гэхэд жилдээ зөвхөн нэг байгууллагад олгодог шагналыг “Шилмэл загварын ордон”-ы хамт олон хүртсэн. Нэр хүнд бүхий шагналын эзэн болсондоо манай хамт олон баяртай байгаа. -Энэ нь хэдэн жилийн түүхтэй арга хэмжээ вэ? -Энэ жилийнхтэй нийлээд 37 дахь удаагийн арга хэмжээ юм билээ. ОУ-ын байгууллагын хамтарсан шагнал. -Монгол улс зөвхон загварын чиглэлээр шагнал авахад бусад орны бизнесмэнүүдийн сонирхлын гадуур өнгөрнө гэж байхгүй байх? -Бөс даавуу үйлдвэрлэгч компанийнхан арга хэмжээнд оролцсон. Тэдэнтэй уулзаж, санал бодлоо солилцсон. 38 улсын лидерүүдэд өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулах бололцоо олдсон л доо. Латви, Литви улсын худалдааны төлөөлөгчид энэ чиглэлээр хамтран ажиллахыг их сонирхож байсан. Тэднээр дамжуулаад цаашид загварын байгууллагатай холбогдох боломж нээгдсэн. -”Шилмэл загвар” зөвхөн монголдоо биш, дэлхийд танигдсан брэнд боллоо? -Манай үйлчилгээ хүмүүст хүрсэн байна. Ер нь “Шилмэл загвар ” гэсэн брэнд аль эрт бий болчихсон гэж боддог. Монголын “Шилмэл загварын ордон”-ыг чухам ямар шалгуураар ийнхүү шагналд тодорхойлсон гэдгийг бид гайхаад байгаа. Монголоос манайхыг тодорхойлоогүй юм билээ. “Бид өөрсдөө танайхыг судалж шалгаруулсан. Манайх олон улсын түвшинд судалдаг” гэж хэлсэн. Судлаад үзэхээр энэ шагналыг дэлхийд нэртэй том компаниуд хүртэж явсан байдаг. Энэ удаад Азиас Филиппин, Монгол улс шагнал гардсан. Манайхны урласан Европ чиглэлийн загваруудыг тэд сонирхож байна лээ. Ер нь Монгол улс дэлхийд тодорхой хэмжээгээр загварын түвшинд танигдаж байгаа юм байна гэсэн бодол төрсөн. Монголын “Шилмэл загварын ордон”-оос гээд танилцуулахад хүмүүс халуун дотно алга ташилт бэлэглэж, харьцаж байгаа нь хүртэл арай л өөр санагдсан . Бид “Цорын ганц загвар” гэсэн үйлчилгээ үзүүлдэг -”Шилмэл загварын ордон” та хоёрыг хөндлөнгийн хүмүүс хүртэл салгаж ойлгохын аргагүй болсон гэдэгтэй та маргахгүй байх. Харин энэ байгууллагатай хувь заяагаа холбохдоо ийм олон жил ажиллана гэсэн төлөвлөгөө байсан уу? -Би 10-р ангиа төгсөөд Украйны Киевийн Хөнгөн үйлдвэрийн дээд сургуульд хувцас загварын мэргэжлээр суралцсан. Монголоос загварын чиглэлээр суралцагчдын хувьд анхдагч нь би байлаа. Төгсч ирээд тэр үеийнхээр бол “Шилмэл загвар зохион бүтээх товчоон”-д загварчин, ерөнхий зохион бүтээгч, дэд захирал, тэгээд захирал болсон. Одоог хүртэл байгууллагаа ч солиогүй, мэргэжлээ ч солиогүй яваа. Төгсөж ирсэн даруйдаа загварчин байлаа. Олон жил удирдах ажил хийж, мэргэжлийн баг бүрдүүлэх тал дээр гайгүй туршлагажиж л явна. Намайг төгсч ирэх үед хувцас загварын үйл ажиллагаанд менежмент их дутагдалтай үе таарсан. Номын дуу сонссон хүн чинь тэр бүгдийг мэргэжлийн байгууллагын хэмжээнд хүргэх байдлаар ахиулж ажилласан. Одоо бол ордны хэмжээнд ажиллах бололцоотой болсон гэж бодож байгаа. -Удирдах ажил хийж байгаа ч гэсэн хааяа загвараа зохион бүтээж кайф авъя гэж боддог уу? -Цаг бараг гардаггүй байсан. Миний ажил МДХ-той нэлээн уялдаатай. Тэнд тодорхой хэмжээний сонгуульт ажил хийдэг. -Жирийн хүмүүс “Шилмэл загварын ордон” гэхээр дээдсүүдийн үйлчилгээ гээд сүрдсэн маягтай. Танайхан үйлчлүүлэгчдэд ямар нэгэн ялгавар тогтоодог уу? -Тийм биш. Ер нь дизайнеруудын оюуны бүтээлийг өндрөөр үнэлж, дизаийер хүнээр загвар гаргуулаад, зөвхөн өөртөө зориулсан үйлчилгээ авна гэдэг мөн чанартаа маш үнэтэй байх ёстой юм. Манайх өндөр ашиг гэхээсээ хүмүүсийнхээ худалдан авах чадварт түшиглээд бусад захиалгын газруудтай бараг ойролцоо жишиг үнээр үйлчилдэг. Давуу тал нь гэвэл мэргэжлийн дизайнерууд зөвлөгөө өгч, тухайн үилчлүүлэгчийн имижд тааруулахад маш их анхаардаг. Сүүлийн үед бид “Цор ганц загвар” гэсэн үйлчилгээ үзүүлж байгаа. Манайд хийгдсэн загвар хэзээ ч давтагдахгүй. Ер нь манай костюмыг хүмүүс их таалдаг. Тийм болохоор костюм, гоёлын, үндэсний хувцасны захиалга маш их байдаг. -Танай дизайнерууд хаана төгссөн мэргэжилтнүүд вэ? -Сүүлийн үед Хятадад бэлтгэгдсэн дизайнерууд ажиллах болсон. Тэд мэдээж сургууль төгсөж ирүүтээ чадвартай дизайнерын хэмжээнд ажиллаж чадахгүй. Туршлагатай дизайнеруудаас суралцах шугамаар мэргэжлээ эзэмшдэг. Хийж буй ажил нь тэдэнд маш том сургууль болдог. -”Өвлийн Гоёл” наадам та бүгдийн ажлын салшгүй нэг хэсэг тийм үү? -1988 оноос эхэлж “Өвлийн Гоёл” наадмыг зохион байгуулсан. Анх “Өвлийн гоёл”-ыг зохион байгуулж байхад их л залуухан байсан даа. Одоо бол “Гоёл” хүмүүсийн хүсэн хүлээдэг наадам болсон байна. -Энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээсээ хэр ялгаатай болох бол? -Хөдөө орон нутгаас дизайнер, загвар өмсөгчид оролцоно. загвар өмсөгч чинь бараг мэргэжил болчихлоо. Энэ жил тодорхой хугацаагаар мэргэжсэн загвар өмсөгчдийг түлхүү оролцуулна. Одоо загвар өмсөгчид маань нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа. Үзэгчдийн хувьд ч шинэ зүйлд дасаж, хуучнаасаа салж чаддаггүй хүнд л байдаг сэтгэхүй давамгайлдаг болохоор энэ нь арай дөхөмтэй байх. Зөв алхаж, зөв харьцаж сурах нь эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй -Танай хамт олон “Гоёл”-д ямар нэг сюрприз барих байх? -Түүнийг урьдчилж хэлмээргүй байна. -”Шилмэл загварын ордон”-д загварын дамжаа хичээллэдэг. Гэхдээ энд заавал загвар омсөгчийг бэлтгэдэг гэж хүмүүс буруу ташаа ойлгох хэрэггүй байх? -Тухайн хүүхдийн гоо зүйн хүмүүжил, түвшинг нь дээшлүүлэх зорилгоор анхан шатны сургалтанд суухад нэг сарын дараа тэс өөр хүүхэд болчихдог. Зөв алхаж, зөв харьцаж сурах нь эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй шүү дээ. Сүүлийн үед өмд их өмссөнөөс хүүхдүүдийн алхаа их өөрчлөгдсөн. Манай сургалтанд 28 настай хүн ч явдаг. Хүн зөв алхаж суръя гэж шийдсэн тохиолдолд хэдэн настай ч суралцаж болно шүү дээ. Нас тогтсон эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд аэробик бол манай сургалтын салшгүй нэг хэсэг юм. “Шилмэл загварын ордон” шинэ байранд орсноор мэргэжлийн загварын ордны дэлхийн жишигт нэлээн ойртсон гэж бодож байгаа. Загварын шоу зохиох заал, үйлдвэрлэлээ явуулдаг цех, сургалт хийдэг заал, захиалгын салон, загварын фитнессийн өрөө гээд шаардлагатай бүхэн байна. Иж бүрнээр нь тохижуулсан. Гэхдээ бидэнд хийх зүйл их байна. -Олон жил үйл ажиллагаа явуулсан хуучин байр чинь хэдий ээлтэй ч гэсэн дорвөн замын дунд дүнхийсэн шинэ байранд ороод үйл ажиллагаа өргөжүүлнэ гэхээр танай хамт олон баяртай байсан уу? -Тийм. Хуучин байр маань хэдийгээр ээлтэй ч гэсэн одоогийн шаардлагыг хангахааргүй болсон. Тэнд хоёр байгууллага байсан учраас нэгийнх нь явуулж байгаа үйл ажиллагаа нөгөөгийнхөө үйл ажиллагаанд зохицохгүй гэх мэтчилэн дотоод асуудал их. -Таны хувьд 10 жилийн дараа шилмэл загвар хэр өргөжсөн байх бол ? -10 жилийн өмнө ийм хэмжээнд хүрэх болов уу яах бол гэж эргэлзэж байсан. Хуучин байшинд байхад мэргэжлийн хэмжээнд ажлаа хийгээд гүйцэтгэж байсан болохоор олонд танигдсан. Одоо өөрийн байртай болсон учраас өөрийгөө бүрэн дайчлах боломж улам их боллоо. Үйлчлүүлэгчид маань энэ байранд дагаад л ирсэн. -Танай бүтээгдэхүүнийг амилуулдаг загвар өмсөгчдийн тухайд та ямар бодолтой явдаг вэ? -Хамгийн агуу нь гэвэл тол модель Одгэрэлийг нэрлэнэ. Энэ хүн 20 жил загвар өмсчихлөө. 20 жилийн өмнөх загвар өмсөгчийн шаардлага байсан билээ. Энэ хугацаанд өөрийгөө дайчлаад, цаг үедээ тохируулж хөрвөөд явна гэдэг бол хэрийн хүнд байхгүй чанар. -Анх загварын ертөнцөд орж ирэхэд хөгтэй явдал нэлээн тохиолдож байсан байх? -Анх намайг сургуулиа төгсөж ирэхэд буюу 1986 онд загвар үзүүлэлт гэдэг нь ингэж оёсон, ингэж бүтээсэн гэдэг тайлбартайгаар зүгээр алхуулаад л үзүүлдэг байсан. Тийм өнгийн хүрмийг халаасанд нь тийм оруулга хийж урлав гээд л, яагаав Оросын “Эрдэнэ нуусан гар” кинонд гардаг шиг. /инээв. сур/ Одоо тэр үетэй харьцуулбал тэс өөр болжээ. Ер нь загварын ертөнцөд өөрийн мэдрэмж, авьяас байхаас гадна нүд тайлах хэрэгтэй. Намайг төгсөөд ирэхэд ОУ-ын үзэсгэлэнд ганцааранг минь баахан хувцастай явуулахад их сандарч билээ. Энэ ч үүднээс би дизайнерууддаа нэлээн хатуу шаардлага тавьдаг. Тэдэнд итгэл хүлээлгэх, өөрсдөөр нь чөлөөтэй бодож сэтгүүлэх зарчмыг баримталж ажиллуулдаг. Хилийн чанадад явуулж, нэг ёсондоо нүдийг нь тайлуулдаг. Дизайнерууд жилдээ дор хаяж нэг нэг удаа гадагшаа явдаг. Өдий хүртэл нөхөр маань л тусалж, дэмжиж ирсэн -Таныг монголдоо төгсөөд ирэхэд хамгийн анхны багш нь ямар хүн байсан бэ? -Тэр үед зураач, дизайнер, технологчид нь сайн хүмүүс байсан. Бие даагаад нэг бүтээгдэхүүнтэй “ноцолддог” учраас үйлдвэрээс ялгаатай нь суралцах боломж илүү өргөн. Оёдлын үйлдвэрүүдэд хуваарилагдсан зохион бүтээгчид хөгжихөд жаахан дутагдалтай. Намайг загварын ертөнцөд анх хөтөлсөн дарга маань загварын мэргэжилтэн Цэндсүрэн гэдэг хүн байлаа. Тэр хүнээс суралцсан зүйл их бий. -Танай гэр бүлийн хүн чинь юу хийдэг вэ ? -Манай гэр бүлийн хүнийг Г.Болдбаатар гэдэг. Инженер мэргэжилтэй хүн бий. Бид хоёр хүүхэдтэй. -Хүүхдүүд нь таныг мэргэжлийг өвлөх болов уу? -Манай хүүхдүүд зураг зурах авьяастай. Манай аав зураач хүн. Тэгэхээр энэ мэргэжлийг сонгоход аавын минь авьяас надад нөлөөлсөн байх. Аав Хэнтийн, ээж маань Ховдынх. Ээж насаараа цэргийн эмч хийсэн. Хүний унаган хүмүүжил тодорхой хэмжээнд төлөвшихөд их нөлөөлдөг гэж боддог. -Тухайн үедээ дизайны чиглэлээр суралцана гэдэг нэлээд этгээд сэтгэлгээтэйд тооцогдоно биз? -Тэгэлгүй яахав. Манай аав, ээж хоёр чинь хоёулаа Орост сургууль төгссөн. Тухайн үед хойно төгссөн хүмүүс их өөр сэтгэлгээтэй. Аав, ээж хоёр багаасаа хотод өссөн. Тухайн үед нэг гэр бүлийн хоёр сэхээтэн байх чинь ховор тохиолдол шүү дээ. Бид аав, ээжээсээ дөрвүүлээ. Биднийгээ ч их дээд сургууль төгсгөж сайхан сайхан мэргэжил эзэмшүүлсэн буянтай хүмүүс. Бид өөр өөр мэргэжил эзэмшсэн ч зүс царай, зан чанар, хүмүүжлээрээ их төстэй. Том ах минь мөн л үйлдвэрлэлийн инженер хүн. Энэ чиглэлээрээ бизнес эрхэлж байгаад өөд болсон. -Аавдаа загнуулах зүйл хийж байв уу. Таныг хараад байхад их дөлгөөхөн хүн шиг санагддаг? -Манай аав, ээж хоёр биднийг нэг их загнаж байгаагүй. Загнуулдаггүй хүүхдүүд их чөлөөтэй байдаг. Аав, ээж загнахгүй юм чинь гээд элдвээр хэл ам таталж үзсэнгүй. Бид их гэрсэг хүүхдүүд байлаа. -Тухайн үедээ загвар өмсөгч, загвар зохион бүтээгчийн ховорхон мэргэжилтэй бүсгүйг гэр бүлийн хүн нь хэр зэрэг ойлгодог байсан бол? -Анх гэрийн сайн эзэгтэйн үүргийг гүйцэтгэж чадахгүй, цаг наргүй ажилтай болохоор манай хүн жаахан ойлгохгүй талдаа ханддагсан. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй ээ. Манай гэр бүлийн хүн хожим нь миний ажлыг их сайн ойлгож дэмждэг болсон. Энэ бизнес эрхэлж өдийг хүртэл манай нөхөр л их тусалж дэмжиж байлаа. Хоёр хүүх маань биеэ даасан гэр амьтай хүүхдүүд. Өөрсдийнхөө юмыг өөрсдөө угаагаад л… Хүүхдүүдээ муухай хоол хийсэн ч “сураг” гэж бодоод нөхөр бид хоёр дуугүй л өнгөрдөг. -Шантрах үе байсан уу? -Ер нь шантрах юм гардаг ч яагаад ч юм надад өөр ажил хийе гэсэн бодол ерөөсөө төрөөгүй. Энэ ажлаа хийгээд үүгээрээ дуусна гэж бодож явсаарөдийг хүрсэн. Сургуулиа төгсөөд ирэхэд энэ чиглэлээрээ багшил гэдэг санал тавьсан ч хэрэв багшилсан бол тийм ч удаан ажиллахгүй байсан болов уу. -Таны хувьд эмэгтэй хүний хамгийн эрхэмлэх ёстой зүйл юу вэ? -Эмэгтэй хүн сайн ээж, сайн эхнэр байхёстой гэж боддог. Хамгийн гол нь хүн шударга хүнлэг байх ёстой. Хүнлэг байгаад тэнүүн байсан хүний ажил ямар ч байсан бүтээд байгаа санагддаг. Ямар ч байсан болно доо гэж бодоод явахад ажил бүтээд байдаг. Зайцевийн загварын шоу миний сэтгэлээс ер гардаггүй -Олон эмэгтэй хүнтэй ажиллахад ой мод урттай богинотой гэдэг шиг сайн муу санаатай хүнтэй таарч л явсан уу? -Янз бүрийн хүнтэй таарч байгаа юм. Сэргээд босоод иртэл сайхан үг хэлдэгхүнч байсан. Сэтгэлээр унаж байхад нь унагаад хаях юмсан гэсэн хүмүүс ч байсан. Итгээд хамтраад ажиллаж байсан хүмүүс зах зээлд ороход танигдахын аргагүй болоод мөнгө чухал юм шиг зан гаргаж л байсан. Тэр хүмүүст цаг хугацаа харуулана даа гээд л холдоход үнэхээр цаг хугацаа харуулж байгаа юм. Ер нь хүнд мөнгө гол биш сэтгэл гол шүү дээ. -Та мэргэжилдээ үнэхээр дур сонирхолтой юм. Залуу хүүхдүүдтэй ажилладаг болохоор өөдрөг сайхан явахад нөлөөлдөг үү? -Би ер нь бэрхшээлийг тоодоггүй. Тэгээд энд чинь муу юм бодохын аргагүй шүү дээ. Залуу сайхан хүүхдүүд, гоё хувцас гээд дандаа л гэрэл гэгээтэй зүйл дунд амьдарч байна. Илүү гоё зүйл олж харахын төлөө л тэмүүлдэг. Уг нь сайн эзэгтэй байх ёстой. Сүүлийн үед муу эзэгтэй болчихоод байна. Манай нөхөр арын ажлыг хийж байна. Долоо хоногт нэг удаа л хоол хийж байна. -Таны хобби? -Оюутан байхдаа спортоор их хичээлдэг байлаа. Одоо бол кино үзэх, гадагшаа явж юмыг харьцуулж үзэх дуртай. Тэнд очоод хүмүүс нь юу өмсөж байгааг хардаг. Дэлгүүрээр ороод ямар бараа хамгийн их гүйлгээтэй, энэ зах зээлд ноёлж байгааг харах ч сайхан шүү. Энд тэндхийн загварын шоуг их үздэг. Европын орнуудын ихэнхийг үзсэн. Зайцевын загварын ордны шоу миний сэтгэлээс ер гарддаггүй. Тэдний костюмийн загварууд нь маш их таалагдсан. -Монголын загварын ертөнцөд ийм л юм дутуу байна даа гэх бодол төрж байсан уу? -Шинэ дизайнеруудад сайн юм шиг, атгаг, хорон юм санаатай хүний ажил бүтэхгүй байгаа юм шиг дэмжээсэй гэж боддог. Хамгийн гол нь дизайнеруудад материалаг бааз дутуу байдаг учраас ажиллахад их хүндрэлтэй. Нөгөө талаас загвар үзүүлж байгаа охидын нь илүү харна уу гэхээс яг загварын бүтээлийг ойлгож тогтож харах үзэгч ховорхон байдаг. Түүний цаана олон хүний хүч хөдөлмөр шингэдэг гэдгийг ойлгож үзэж харж байгаасай гэж хүсдэг. Захиалагчидтай уулзаж, санал бодлоо солилцоход хүмүүсийн сэтгэлгээ харьцангуй өөрчлөгдвж байгаа нь анзаарагддаг. Энэ нэг талын дэвшил юм. Хувцас гэдэг хэрэглээ биш урлагийн нэг төрөл гэдгийг хүмүүс мэдэрч эхэлсэн. Үүнд “Шилмэл загварын ордон”-ынхон ч нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. -Материалаа хаанаас нийлүүлдэг вэ? -Бид материалаа олон газраас авдаг. Италиас нарийн ноосон материал авдаг. Уг нь дизайнер гэдэг чинь өөрсдөө даавуугаа гаргаад, бэлэн бүтээгдэхүүн болгох дараагийн шатны ажилдаа орох ёстой. Манайд тийм бололцоогүй учраас бэлэн материал дээр ажилладаг. Гадаадын дизайнеруудыг харахад загварчилгааны ажлаас илүү загвартаа тохирох шинэ материал зохиож, захиалах тал дээр илүү ажилладаг. Бид голцуу өргөн хэрэглээний материалыг худалдаж авдаг. Том дизайнеруудын захиалсан шинэ материалыг авахад асар үнэтэй. Бид Европоос костюмын даавуугаа, гоёлын даашинзны материалаа голчлон азийн орнуудаас авдаг. Улсын нэр сүртэй холбоотой том арга хэмжээнд оролцохоор явж байгаа хүмүүс ихэвчлэн манайхаар хувцсаа хийлгэдэг. -Ажлаасаа хэсэг хугацаагаар холдоод жигтэйхэн санасан үе байсан уу? -Тийм үе ховор шүү. Ер нь ажлаасаа холдсон үед ажил руугаа л тэмүүлдэг. Миний ихэнх цаг ажил дээр өнгөрдөг. -Удирдагч эмэгтэйн хувьд ажилтнууддаа ямар тавьдаг гол зарчим юу вэ? -Хамгийн гол зарчим бол шударга ажиллах ёстой. Худлаа хэлээд хоосон яриад явахыг тэвчдэггүй. -Энэ хугацаанд хэр олон хүнийг ажлаас нь халсан бэ? -Халагдсан хүмүүс бий. Манайд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг харахад ихэнх нь өрх гэр толгойлсон байдаг. Тэр болгоныг халаад байхыг боддогүй. Н.Энгүүн Зиндаа /2006.12.08/

http://news.banjig.net/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 143 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax