Forever Fashion

2007-05-01 - Бөхийн өмсгөл
Ангилал: Монгол

Origo.mn

2006 оны 08-р сарын 14, 18:22

Бөхийн өмсгөлийг ард түмэн өөрсдөө урлаж бүтээсэн түүхэн уламжлалтай. Бөхийн өмсгөлийн дотроос хамгийн гол нь зодог, шуудаг юм. Учир нь энэ өмсгөл нь бөх барилдаж хүч тамир шалгаруулах үед уран мэх хийх, барих барьц олоход хамгийн тохиромжтой. Мөн бөхийн авхаалж самбаа шалгаж, нөгөө бөхийн мэх хийх зуур барьц олоход зориулагдсан байдгаас зодог, шуудаг бол тусгай зориулалтын өмсгөлийн нэг болно. Энэ өмсгөл бөх хүний бие бялдар, хүч чадлыг үзэгчдэд илтгэхэд нэн тохиромжтой. Бөхийн өмсгөл үе дамжин өвлөгддөг ёстой болохоор хойч үеийн хүмүүс нь өвөг дээдсийн хэмжээ, биеийн чац, ямархуу байдалтай байсныг мэдэгдэхэд чухал хэрэглэгдэхүүн болно. Одоогоос зуу гаруй жилийн тэртээх Өсөхбаяр агсан аваргын зодогны нэг ханцуйн үзүүрээс нөгөөг хүртэл 192 см, захны голоос хормой хүртэл 50 см, суганы орчмоор өргөн нь 72 см мөрний шонтгороос ханцуйн үзүүр хүртэл 74 см, ханцуйн бугуйн өргөн 11:14 см, бүдүүн булчингийн ханцуйн өргөн 20 : 20 см байсан ажээ. Бөхийн зодог нь ханцуй, ар цээж бүхий цамцны загвартай төстэй боловч харин энгэргүй байдаг онцлогтой. Зодогны ханцуйн үзүүрт уяа боолттой, түүний элэг бүсийг зөөлөн эд, хадгаар хийдэг. Бөхчүүд элэг бүсээ чанга, сул бүсэлж уях нь барилдахад чухал ач холбогдолтой. Зодгийг бөх бөсөөр урлах бөгөөд түүнийг хос мяндсан утсаар товшиж оёдог байна. Зодогны хормойн ирмэг тойруулан 3-4 хуруу өргөн зэрэгцүүлэн товшиход өмсгөл их бөх болдог байна. Зодогны ар далбааны голд дөрвөн хүчтэн бар, арслан, гарьдлуу хооронд нь ноцолдуулан урлаж оёдог. Мөн зодог шуудагт нацагдорж, аман хүзүү, хуяг зэрэг хээ угалз их байдаг нь уг бөх дийлэгдэшгүйн бэлгэдэл ажээ. Шуудаг бас өвөрмөц хийцтэй. Шуудгийг бөх бөсөөр урлах бөгөөд хоёр ташаандаа суран уяатай байдаг ажээ. Бөхийн өмсгөлийн зайлшгүй нэг элемент нь монгол гутал даруй мөн. Монгол гутлын ул хавтгай, өргөн байх учир маш суурьтай. Мөн цохих, таших, хавсрах, өлгөх зэрэг хөлөөр хийх мэхэнд монгол гутал туйлын тохиромжтой. Барилдах үед гутлаа ногтлон боодог, тэр боолт нь гутал ханзрах, нөгөөтэйгүүр хальтрах, гулсах зэргээс хамгаална. Мөн гуталд хонгоны (түрий) боолт хэрэглэх бөгөөд түүгээр гутлын түрийний урд талын омгийг хумхиж, эрээн будүүн булчингийн дээгүүр даруулан боодог. Түрийний боолтыг тусгай булигаар сарьсаар угалз тавин урлаж хийнэ. Боолт нь хөлд гутал холхихгүй, нөгөө бөхөд барьц өгөхгүй, түрүүг нэг газар хөдөлгөөнгүй барих зориулалттай. Бөх хүн цуулсан нарийн хулс түрийлж хөлөө хамгаалдаг байсан ажээ. Бөхийн өмсгөлийн нандин зүйлийн нэг нь малгай юм. Энэ малгай нь дөрвөн чихэвчтэй, орой дээрээ зангидсан сампин товчтой. Бөхийн зодог, шуудгийн өнгө ардын бэлгэдэлтэй холбоотой. Нэлээд сүүл үед аймаг, хошуу, нутгийн бөхчүүдийн өмсгөлийн өнгө онцгой ядгарч байжээ. Манж Чин улсын үе, Богд хаант Монголын үед богдын шавь нар цөм улаан өнгийн өмсгөлтэй барилдаж байсан байхад нөгөө дөрвөн аймаг, хошуудын бөх цэнхэр, хөх цэнхэр өнгийн өмсгөл хэрэглэж ирсэн түүхэн мэдээ байна. Бөхийн, зодог, шуудаг тусгай зориулсан өнгөтэй байснаас гадна заан цол авах хүртэл хамбан өмсгөл өмсөхгүй, начингаас доош цолтон цөм чисчүү, цолгүй бөхчүүд даавуу, даалимба эдээр өмсгөлөө хийдэг горимтой ажээ. Бөх хүн зодгийг өмсөхдөө урьдаар элэг бүсээ уяж, дараа нь бүсэндээ эвхээстэй буй хос ханцуйг тайлж, өмсөх горимтой. Зодгийг тайлахдаа урдаар бүсээ тайлж, тэргүүн дээгүүрээ урагш мултлан, сүүлд нь ханцуйнаасаа хоёр гараа мулталдаг. Алдарт сайн бөхчүүд өндөр насанд хүрээд, өөрийн өмсгөлөө төрсөн хүүдээ болон хамгийн ирээдүйтэй сайн бөхөд дурсган, зодог тайлах ёслол хийдэг байв. Мөн бөх хүн наадамд барилдах үед цог золбоолог, хийморь бадарсан баяр, баясгалантай явахаас гадна өөрийн дээл бүс, тэргүүтнийг өөрийн итгэсэн нөхөрт захин үлдээх бөгөөд тэр хүн дээлийн заханд төрсөн нутгаас нь авчирсан жижиг чулууг нандигнан хийж, мушгиж суудаг байсан ёс байв. Бөхийн өмсгөл нь тусгай зориулалтын хувцас бөгөөд үндэсний соёлын нэг өвөрмөц онцлогийг илэрхийлэх, судалгааны чухал хэрэглэгдэхүүн даруй мөн.

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 125 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax