Forever Fashion

2007-08-07 - Үс засалт зан араншин, насны хэмжээг тодорхойлдог
Ангилал: Монгол

“Smile” салоны захирал, мастер үсчин Ч.Болдхуяг, “Эрдэнэ-Булган” салоны эзэн, мастер гоо засалч В.Эрдэнэбулган нар хамтран “Үс засалтын хэв загвар” нэртэй үзэсгэлэн гаргахаар болжээ. Үс засалт болон нүүр будалтыг урлагийн бүтээл болгон харуулсан мэргэжлийн уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 9-нд нээлтээ хийх бөгөөд Япон улсаас уригдаж ирсэн шүүгчид оролцох ажээ. Ингээд мастер үсчин Ч.Болдхуягтай ярилцлаа. -Үс засалтын хэв загвараар үзэсгэлэн гаргах болсон чинь ямар учиртай юм бэ? -Гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг учраас үсчний мэргэжил өндөр ур чадвар шаардсан, хүний өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг ажил. Ялангуяа, өнөө үед үс засалт, нүүр будалт урлагийн нэг төрөл болчихсон. Тийм болохоор орчин үеийн охид, залуусын үс засалт болоод нүүр будалтын хэв маяг хэрхэн хурдацтай өөрчлөгдөж байгааг харуулахыг зорьсон. Мөн шинэлэг өнгө төрх эрэлхийлсэн хэрэг. “Занаду” арт галарейд нээлтээ хийх үзэсгэлэнд Зүүн Ази номхон далайн орнуудын үсчин гоо засалчдын Япон улсын удирдах зөвлөлийн гишүүд болон олон улсын.Азийн соёлын сангийн нийгэмлэгийн тэргүүн ирэх юм. -Манайд үс засалтын шоу болж байснаас биш, үзэсгэлэн гарч байгаагүй. Тэгэхлээр моделиуд оролцохгүй хэрэг үү? -Тийм. Би хятадаас 50 янзын үсний модель авчирсан. Энэ моделиуд дээр хийсэн үс засалт, нүүр будалтаараа хүний зан төрх, нас, хүйсийг ч тодорхойлох боломжтой. Өдөр тутам, гоёл, уран сэтгэмжийн чөлөөт загварууд болон тэдгээрт тохирсон нүүр будалтыг харуулах юм. -Нэг үсний модельд хэчнээн зардал гардаг бол? -20 долларын үнэтэй 50 ширхэг үсний модельд 1000 доллар зарцуулсан. Харин нэг моделийн үсэнд 5-6 мянган төгрөгийн үнэтэй, гурван будаг хэрэглэнэ. Би зөвхөн тайралтаа л гэхэд 20 мянган төгрөгөөр хийдэг. Цайруулах будалт, тайралтыг нэмээд 100 гаруй мянган төгрөгийн зардал гарна. Гэхдээ мөнгөөр үнэлж боломгүй, айхтар зардал бий. Тэр бол цаг хугацаа. Тэгэхлээр өртөг өндөртэй үзэсгэлэн гарах нь ойлгомжтой байгаа биз. Шинэ загвар гаргахын тулд өглөөнөөс үдэш болтол ажиллах хэрэгтэй. Одоогоор ажлын цагаас хойш энэ бүхэнд анхаарлаа хандуулж байгаа. -Хүний үстэй адилхан байж чадах уу? -Мэдээж, хүний үснээс ялгарах зүйлгүй. Хэдийгээр 50 хувийн синтетик материалтай ч янз бүрийн тайралт, будаг хийхэд тохиромжтой. Бас хими хэрэглэж ч болно. Гэхдээ ийм үс олдоц муутай байдаг юм билээ. -Салоныхоо хүрээнд үс худалдаж авдаг уу. Сүүлийн үед үс залгах морд дэлгэрч? -Уг нь авдаг байсан. Гэтэл үс залгах үйлчилгээ Азид их хөгжсөнөөс болоод хүмүүс үсээ худалдахаа больсон. Бүр 1, 20 см үс 3800 юань хүрсэн гээд бод доо. Тайруулсан үсээ хаях, аль нэгэн газарт худалдахын оронд олон дахин хэрэглэх боломжтой учраас тэр. Үсийг их олон янзаар залгадаг. Зориулалтын цавуу түрхсэн багц үсний үзүүр халаах маягаар залгах үстэйгээ нийлүүлдэг. Бас нэхээс шиг сүлжих юмуу бяцхан хавчаараар тогтоодог үс ч бий. Үс засалтын хэв загвар, хүмүүсийн хүсэл сонирхол өөрчлөгдсөн учраас бидний үйлчилгээ ч гэсэн шинэчлэгдэх ёстой болов уу. -Өнгөрсөн жил солонгос загвар моодонд орж, залуучууд үсээ гельдэж босгох сонирхолтой болсон. Тэгвэл энэ жил ямар загвар зонхилж байгаа вэ? -Харин түүнийг чинь л тодорхойлохыг хичээж байна. Сүүлийн гурван жил үзүүрлэж шингэлсэн тайралт моодонд орж байсан бол, одоо арчилгаа бага шаардах үс засалт анхаарал татах болсон. Бас өнгө будгийн зохицол гэж бий. Сүүдэрт өөр харагддаг мөртлөө наранд гарахаараа “асдаг”, тийм л туяарсан өнгө орчин үеийн гоёл. -Ихэнх үсний газар ижил засалт хийх болж. Ялангуяа, эрэгтэй хүний үс засалт. -Үйлчлүүлэгч зоригтой байх юм бол гарахгүй загвар гэж байдаггүй. Гагцхүү үсчин хүн түүнийг тааруулж хийх л хэрэгтэй. Хүн бүрийн нүүрний төрх, үс хоорондын орон зай харилцан адилгүй учраас зохицуулах болно. Гэтэл ихэнх хүмүүс дасал болсон загварыг нь өөрчилчихмөөр “Яана аа, арай дэндүү болчихлоо” гэж сэтгэл нь зовдог. Тэгээд үсээ ургахыг хүлээгээд суучихна даа. Хүний үс долоо хоногт 3-4 мм ургадаг байхгүй юу. Яг л сахал шиг. -Үс засалт үйлчлүүлж байгаа газраасаа хамаарч харилцан адилгүй байх ёстой юу? -Үгүй л дээ. Хаана үсээ засуулах нь үйлчлүүлэгчийн эрх. Гэхдээ бүх зүйл стандарт байх ёстой. “1000 төгрөгөөр засч байгаа юм чинь эвдээд хаячихсан ч яахав” гэсэн маягаар хайнга хандаж болохгүй. Нэгэн үе том салонууд хувьчлагдсанаас болоод бид подвальд орж байлаа. Түүнийг бодвол, одоо хүмүүсийн амьдрал харьцангуй сайжирч байгаа учраас хэрэгцээ нь нэмэгдсэн. Тийм болохоор тухайн хүний үсэнд зарцуулсан цаг хугацаа, материалын зардлаас шалтгаалаад салоны үнэ өртөг өндөр байж болох юм. -Үсчин, гоо засалчдын хоёр ч холбоо байгуулагдсан. Та алинд нь хамаарагддаг вэ? -1996 онд мэргэжил нэгт нөхөдтэйгээ нийлж “Монголын үсчин, гоо засалчдын холбоо” байгуулсан. Холбооны удирдах зөвлөлийн бодлого хариуцсан хүн нь би. Тэгтэл 2004 онд холбооны маань гишүүн М.Довчинсүрэн “Мэргэжлийн үсчин, гоо засалчдын холбоо” байгууллаа. Гэхдээ бидний зорилго нэг учраас өөр хоорондоо тэмцэлдээд байдаггүй юм. Битгий буруугаар ойлгоорой. Тэртээ тэргүй, нэг зүйлд зорьж яваа болохоор бидний хийж чадаагүй ажлыг энэ хүн гүйцээж яваа гэж боддог. -Тэгвэл олон улсын уралдаан тэмцээнд холбооныхоо гишүүдийг хамруулдаг уу, аль эсвэл…? -Зохион байгуулж байгаа газар нь л өөр болохоос биш, оролцогчдын хувьд холбоо хамаарахгүй ээ. Бид бүх үсчин, гоо засалчдад урилга явуулдаг. Түүнээс биш, би өнөөдөр “Мэргэжлийн үсчин, гоо засалчдын холбоо”-ны гишүүдэд “Миний үзэсгэлэнг битгий үзээрзй” гэж хэлээгүй. Үзэсгэлэнгийн үеэр үсчин, гоо сайхны салонууд ээлж ээлжээрээ хаалгаа барьж, ирж сонирхоно гэсэн. -Ингэхэд үсчин мэргэжлийг яагаад сонгох болов? -Би суугаа ажил хийх юмуу нэг хэвийн амьдралтай байхаас уйддаг хүн. Үргэлж шинэ сонин зүйлтэй учирч, өөрийгөө өөрчилж байхыг хүсдэг сонирхол минь энэ мэргэжлийг сонгоход тусалсан байх. Өдөр бүхэн өөр, өөр хүмүүстэй учирч, тэдэнд тохирох төрөл бүрийн үс засалтыг хийнэ гэдэг сонирхолтой ажил. -Мэргэжлээрээ ажиллаад хэдэн болж байгаа вэ? -22 жил болж байна даа. Р.Мөнгөн http://www.sonin.mn/-ooc

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 83 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax