Өнөөдөр
2006/11/08 - 12:16, Лхагва гараг
Хувцас загварынхны дунд Д.Овдогмид шинэ хүн биш л дээ. Гэвч түүний урласан гоёлын чамин даашинзыг харсан хэн ч болов эсгийгээр хийсэн гэхэд итгэхгүй. Барьж, имэрч үзэхгүй л юм бол. Эсгийг урлагийн бүтээл болгодог нь түүний давуу, бас сул тал.- Чамайг ДУДС-ийн монгол зургийн анги төгссөн гэж сонссон. Хувцасны загвар зохион бүтээх болон зурах хэр ойр мэргэжил вэ?
- Багадаа “Үнсгэлжин” тэмцээнд бүтээлээрээ оролцдог байлаа. Бас дипломынхоо ажлыг монгол хувцасны загвараар хийсэн. Зурах, зохион бүтээх ойр мэргэжил. Адил төстэй зүйл олон бий. Гэхдээ би заримдаа өөрөөсөө асуудаг юм. Зургаараа явсан дээр үү, аль эсвэл хувцасны загвар дээр үү гэж.
- Хүмүүс чамайг өвөрмөц, ирээдүйтэй загвар зохион бүтээгч гэж үнэлдэг. Тэгэхлээр чи цаашид энэ салбарт илүү амжилт гаргаж чадах байх аа.
- Миний хувьд зураг илүү санагддаг. Гэхдээ үнэхээр тэгж ялгарч чадаж байгаа бол суурь мэргэжил минь л тус болсон. Би сайн багштай л даа. Миний онцлог бол өнгө, зохиомж. Энэ бүхнийг би багшаасаа л сурсан. Надад арт стиль ойр санагддаг юм.
- Эсгий дээр санасан бодсоноо буулгана гэдэг амаргүй байх аа?
- Эсгий их гоё шүү дээ. Над шиг мэргэжлийн загвар зохион бүтээгч биш зураач хүнд ямар ч зүйл хийхэд дөхөм, эсгүүр, оёдол шаардахгүй. Бас байгалийн бүтээгдэхүүн болохоор үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Гар ажиллагаа ордог болохоор дахин давтагдашгүй. Бүтээл хийж байх явцад шинэ санаа орж ирээд л… Өөрөө материал үйлдвэрлээд байгаа ч юм шиг. Би чимхлүүр ажилд дуртай.
- Эсгий хувцас биед хэр эвтэй вэ?
- Хүмүүс эсгийгээр хийсэн болохоор эв хав муутай юм шиг ойлгоод байдаг юм. Хонины хялгасыг нь түүсэн нарийн ноосоор хийдэг болохоор заримдаа ноолуур ч юм шиг харагддаг. Агшиж сунадаг чанартай болохоор биед маш сайн сууж өгдөг давуу талтай. Бас хөнгөхөн.
- Гаднынхан ийм хувцсыг хэр хүлээж авдаг вэ?
- Манайхнаас илүү. Монгол хүн “Ямар гоё юм бэ” гээд өнгөц шохоорхоод л өнгөрдөг бол гаднынхан ямар технологоор, яаж хийсэн юм гээд л их сонирхоно. Тухайн хүнээс хэчнээн их хөдөлмөр орсныг илүү анхаардаг. Өнгөрсөн өвөл би Америкт очиж загваруудаа сонирхууллаа л даа. Шоуны дараа хэсэг хүн надтай уулзъя гэхээр нь ичээд очоогүй юм. Гэтэл тэд гурван цаг шахам хүлээсэн байж билээ. Манайхан эсгийгээрээ сайн л бол бойтог, малгай зэргийг хийдэг шүү дээ. Гаднынхан л бидэнд эсгийгээр урлагийн бүтээл хийх санааг өгсөн болохоос.
- Чи тэгээд тэнд санаа болон бүтээлээ зарах ч юм уу, зах зээлээ олох ямар нэг алхам хийв үү?
- Үгүй. Би тийм юманд авьяасгүй, бас сонирхолгүй. Миний есөн ширхэг хувцсыг “Монгол костюмс” төвийнхөн худалдаж авсан. Бас Япон руу хэдэн хувцас явуулсан юм байна.
- Монгол үндэсний хувцас гээд л байдаг. Яг тэр гэж ялгахад амаргүй юм шиг…
- Түүхийн дурсгал, олдвороос судална. XIII зууных илүү тодорхой байдаг. Арван тав, зургаа, долдугаар зуун болоод ирэхээр манж, хятад хувцасны элементүүд анзаарагддаг юм. Аль нь анхдагч болохыг өмнөх үетэй нь харьцуулж л гаргаж ирнэ дээ. Гэхдээ монголчууд манж хувцасны дүр, төрхийг өөрийн болгоод 200, 300 жил болчихсон юм чинь манай үндэсний хувцас биш гэж туйлшрах нь учир дутагдалтай биш гэж үү.
- Манайхан дээл хувцсаа хэр оновчтой сонгож өмсдөг вэ?
- Уйтгартай хувцасладаг. Юуны түрүүнд хаана өмсөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Бас өөрийн царай, бие галбиртаа тохируулах ёстой. Монгол хувцасны таалагдсан элемент болгоныг тусгаж болохгүй л дээ. Энгийн загварын хувцсыг аксесуараар чимэглэвэл их донжтой харагдана.
- Урлагийнхны тухайд…
- Дуучдын хувцас нэг хэв загварын, мэдрэмжгүй санагдаад байдаг юм.
- Ариунаа, Баясгалангийн клип болон тоглолтдоо зориулж өмссөн хувцас дажгүй л харагддаг шүү дээ.
- Баясгалангийн зарим хувцас гайгүй ээ. Ариунаа “Хөх монголын үр сад” клип дээрээ яг л хятад хүүхэн шиг харагдаж байсан. Бас “Талын монгол айл” дууны клип дээрх имиж нь өвөр монголчуудыг санагдуулам. Эсвэл урд хөршид хувцсаа хийлгэдэг юм болов уу. Гэхдээ бүх хувцсыг нь тэгж ойлгож болохгүй л дээ. Түүний өмссөн “Торго”-ын хувцас их аятайхан. Ер нь “Торго” салоны Болдын загвар их гоё. Та анзаарч хараарай. “Цогт тайж” киноны жүжигчдийн өмссөн монгол үндэсний хувцас барагтай л бол ил товч, шилбэгүй. Гэтэл энгэр нь гэхэд биед наалдаад, сайн сууж өгсөн байна лээ.
XIII зууны үеийн монголчууд гэхэд нэг их сайхан цагаан, цагаан дээл өмссөн хүмүүс. Малгай нь гэхэд яаж хийсэн нь ойлгомжтой биш, өвөрмөц. Гэтэл тэр цагийг харуулсан манай сүүлийн үеийн кинонууд дээр жүжигчид нь тэс хөндлөн, ердөө ч гоё биш, өрөвдмөөр загвартай дээл хувцас өмссөн байдаг. Уг нь эртний монголчууд хэчнээн бүдүүлэг ард түмэн гэж хэлэгддэг байсан ч хувцсаа маш өндөр мэдрэмжтэй хийж, хэрэглэдэг хүмүүс юм билээ.
- Удахгүй “Гоёл” наадам болно. Хэр бэлтгэж байна?
- Харин ээ. Бодсон санасан юм зөндөө л байна. Амжих болов уу, яадаг бол. Хоёрын хооронд оролцсоноос оролцохгүй байсан нь дээр ч юм шиг. Уг нь энэ наадамд оролцох нь туршлага болдог. Сайн шийдээгүй л байна.
- ”Гоёл” наадмаас чи олж авъя гэсэн юмаа авч чаддаг уу?
- Санаа авах зүйл зөндөө. Гэхдээ заримдаа голдог. Эсгүүр, оёдолд дулдуйдсанаас биш, зураг зохиомж байхгүй. Ердөө мэдрэхгүй, мэдэрснээ бас хийж чадахгүй. Саяхан би загвар өмсөгч Содтуяагийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөрт “Үнсгэлжин” наадмын шүүгчээр санаандгүй ажилласан юм. Тэндхийн хүүхдүүд манай мундаг загвар зохион бүтээгчдийн олж хараагүй зүйлийг анзаарсан байна лээ.
Нэг хэсэг бараг л цөмөөрөө шахам халх эхнэрийн үс шиг малгай хийлээ. Дараа нь бортогон малгай…
Манай багш ийм малгайг зүгээр л труба гэдэг юм. Ялгарах юм ердөө байхгүй. Цөмөөрөө ижил. Манай хувцас загварын сургуулиуд технологи талыг анхаарахаас зураг, зохиомжийн тухай сайн заадаггүй юм шиг.
- Чи цаашид бусдаас ялгарах юу хийе гэж бодож байна?
- Эсгийгээр өөр ямар маягийн хувцас хэрэгсэл хийж болох вэ гээд бодоод л байна. Бусдад таалагдахаас илүү өөртөө таалагдсан бүтээл хийх хэрэгтэй. Гэхдээ ингэх их хэцүү. Бэлэн болсон хойно нь харахад л гоё болохоос.
Б.Хонгормаа Бичсэн: designer
|