Forever Fashion

2007-09-10 - “Говь” компанийн гүйцэтгэх захирал Реймонд Ийглсон: Бүтээгдэхүүний хийц, загварыг нь голсондоо бус мөнгөний эргэлтээ хурдасгах гэсэндээ л барааныхаа үнийг хямдрууллаа
Ангилал: Монгол

“Говь” компанийн шинэ удирдлага ажлаа аваад гурван долоо хоног бопж байна. Тэдний ажил “Говь “-ийн хямдралтай хамт эхэлсэн ч гэж хэлж болно. “Говь” гурван гүйцэтгэх захиралтай. Тэд аливаа шийдвэрийг хамтарч гаргадаг бөгөөд бүгд тэгш эрхтэй гэж дуулдсан. Юутай ч “Бизнесийн мэдээ” сониныхоо “Хоймор” буланд тэднийг залахаар очсон юм. Тэд дургүйцсэнгүй. Харин ч уриалгахан хүлээж авлаа. Тэдний оронд манай компанийн захирлууд байсан бол “асууптаа эхлээд факсаар явуул, тэгж байж ярилцлага өгөх эсэхээ шийднэ” гэх байсан байх даа. Ер нь 90 хувь нь тэгнэ шүү. Намайг “Говь ” компанийн гадаа ирэхэд олон машин багширч, их л хөл хөдөлгөөнтзй байлаа. Өмнөх өдөр нь өдөр тутмын сонин дээр нийтлэгдсэн ноолуур бэлтгэн нийлүүлэгчид юм болов уу гэж ажиглавал биш бололтой. Тэд хямдралтай үнээр бараа худалдан авахаар ирсэн нь илт байв. Компанийн захирлуудын байрлах гурван давхарт гарлаа. 10 минут хүлээхийг хүсч төдөлгүй өрөөнд орохыг урьсан юм. Өрөөнд ороход хөшгөө татаж битүүлсэн байснаа нээж, гэрэл оруулав. “Харанхуй орчинд ажил хийгээд сурчихсан юм” хэмээн тайлбарлаж байсан санагдана. Түүний нэрийг Реймонд Ийглсон гэдэг. Би энд чадварлаг дизайнеруудынхаа хүчээр Шотланд, Итали шиг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах болно -Ярилцлагаа хувьчлалын зар, бодит байдал хоёр хэр нийцэж байв. Ер нь хувьчлаж авсан үеийн “Говь” компанийн талаар эхэлвэл ямар вэ? -Үнэнийг хэлэхэд анх өгсөн мэдээлэл, бодит байдал хоёр нийцээгүй. Энэ нь “Говь”-ийн хувьчлал бүтэн жил үргэлжилсэнтэй холбоотой байх. Ингэж удаашраагүй бол байдал арай дээр байх байсан. -Арай дээр гэж. Компанийн байдал өнөөдөр яг ямар байна вэ? -Сайжирч байна. Бид хувьчилж аваад гурван долоо хоног хэртэй л болж байна. Компанийн санхүүгийн байдалтай танилцлаа. Бизнесийн зорилтоо тодорхойллоо. Үүнд өнөөдөр ямар байгаа, бид ямар байлгахыг хүсч буй тэр бүгдийг тусгасан гэх үү дээ. -” Говь”-ийг хувьчилж авахын тулд хэр судлав. Бүтээгдэхүүний дизайн, техник, технологийн хувьд ямар санагдсан бэ. Юутай ч гадуур “Товь” бүрэн шинэчлэгдэх гэж байна. Шинэ захирлууд бүтээгдэхүүний хийц, загварыг нь голсон гэнэ. Тиймээс үнийг нь 10-50хувь хямдруулсан гэнэ” гээд л ярьж байна..? -Голсон зүйл байхгүй. Харин ч илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд гаргая гэсэн бодол байна. Биднийг ажил хүлээн авахад агуулахад их хэмжээний бүтээгдэхүүн хураалттай байсан. Бид эдгээр барааг борлуулж, мөнгөний эргэлтээ хурдасгах гэсэндээ л үнийг хямдруулсан юм. Харин бүтээгдэхуүнийг чанарын хувьд гэвэл би 10 магадгүй 12 жилийн өмнөх “Говь”-ийн бүтээгдэхүүнийг мэднэ. Гайхамшигтай сайн байсан. -Байсан гэдэг нь. Одоо муудсан гэсэн үг үү? -Муудсан. Үүнийг борлуулж буй гадаад зах зээл дээрх харилцагчид, худалдан авдаг хэрэглэгчид хэлж байна. Монголчууд ч мэдэж байгаа байх. Учир нь монголчуудын ноолуурын мэдлэг өндөр шүү дээ. Үүнийг засч залруулахад тийм ч хүндрэлтэй биш. -Нууц биш бол..? - Машин тоног төхөөрөмжийн арчилгаа, ажлын туршлага, менежмент дутаж байна. Ноолууран утсыг европын стандартад нийцсэн будгаар будах, дээр нь ажлын сахилга бат сайн бол дээрх дутагдлыг арилгах амархан. Манай дэлгүүрийн худалдагчид маш сайн ажилладаг. Монголын загвар зохион бүтээгчид чадвар сайтай. Тэдний чадварыг ашиглаж, тэдэнд дизайны тал дээр нээлттэй, чөлөөтэй ажиллах боломжийг бүрэн олгож түүгээр нь хангах хэрэгтэй. Тэгж байж загвар сайтай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Бид цаашид зах зээлээ дагаж хөдлөхөөс, бүтээгдэхүүнийг дагаж хөдлөхгүй. -Компани санхүүгийн хүндрэлд ороогүй биз. Өмнө нь худалдан авсан түүхий эдийнхээ үнийг өгч чадахгүй байна гэсэн мэдээлэл зарим сонинд нийтлэгдсэн..? -Санхүүгийн хүндрэлд ороогүй. Ноолуурын үнийн тухайд төлөвлөгөөнөөс гадуур их хэмжээний ноолуур худалдан авсан юм билээ. Тэглээ гээд бид өмнөх удирдлагыг буруутгах зүйл алга. Үүнийг их замын дундах жижиг гүвээ гэж ойлгох хэрэгтэй. -Удирдлага, менежмент нь өөрчлөгдөхөөр бүтэц, зохион байгуулалт ихээр хийдэг. Нэг ёсондоо цомхотгол гэсэн үг. Таны хувьд тийм бодол байна уу? -Цомхотгол хийх нь бүү хэл манай ажилчид захиалга ихтэй байгаа гэсээр ажилдаа яарч ирдэг шүү дээ. Бизнесийн жинхэнэ тулаан Монголд бус харин Хятад, Бангладеш, Шотланд, Европын улс оронд өрнөдөг -Танайтай ижил төстэй үйлдвэрлэл эрхэлдэг олон компани манайд бий. Тэр утгаараа сайн ажилтнуудад их цалин мөнгө амлан, урвуулан авдаг. Ер нь “Говь” ажилтнуудаа сайн бэлтгэдэг гэж “Гоёо” компанийнхан ярихыг сонссон юм байна. .? -Манай өрсөлдөгчид тэгж ярьж байгаа бол баяртай байна. Бид сүлжмэлчин бэлтгэдэгсургуультай. Түүгээрээ ч бахархдаг. Урьд нь “Говь”-иос сайн ажилтныг нь урвуулан авахад амархан байсан байх, одоо тийм зүйл гарахгүй. -”Гоёо” компани бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ уулзаж, сургалт явуулдаг юм билээ. Танай компанийн хувьд..? -Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн хувьд энэ нь хийх ёстой чухал ажлын нэг. Учир нь уулзаж ярилцах нь хэн хэндээ ашигтай. Манай гүйцэтгэх захирал Ронни Лэмб олон жилийн өмнө “Гоёо” компанийн захирлаар ажиллаж байхдаа дээрх ажлыг хийж эхэлсэн. Тэгэхээр энэ нь бидний хувьд шинэлэг ажил биш. Бусад үйлдвэрүүд ч гэсэн үүнийг ажил хэрэг болгоосой. Ер нь бизнесийн жинхэнэ өрсөлдөөн, тулаан Монголд бус харин Хятад, Бангладеш, Шотланд, Европын улс оронд өрнөдөг. Тэгэхээр бид хөмөрсөн тогоон доторхийг бус гаднахыг харж, сэтгэдэг байх хэрэгтэй. -Малчид ноолуураа ченжүүдэд илүү худалддаг. Зарим нь нууцаар хил давуулан наймаалах нь ч бий. Таны бодлоор Хятад руу чиглэсэн ноолуурын энэ урсгалыг яавал болих бол..? - Малчид чухам яагаад ноолуураа урагшаа гаргаад байгааг судлах хэрэгтэй. Үүнд Монголын дэд бүтэц ч нөлөөлж байж мэдэх юм. Малчдад хятад руу ноолуураа аваачиж борлуулах нь өөрт нь зардал багатай, ашигтай байж болно шүү дээ. Валютын ханшийн өөрчлөлт мөн үүнд нөлөөлж байж болох юм. Дэлхийн худалдааны байгууллага чөлөөт зах зээлийг дэмжих зарчмыг баримталдаг болохоор ноолуур зах зээл тогтворжиход нөлөөлөх байх. Монголын Засгийн газар боловсруулаагүй ноолуур экспортлохыг хориглож байна гэдэг нь миний бодлоор шархан дээрээ лент наахаас хэтрэхгүй хэрэг. Ноолуурын чанар сүүлийн үед муудаж байна. Үүнийг сайжруулах тал дээр төр, засаг бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах хэрэгтэй байна. -Танай менежментийн багийг Ази, Европын ноолууран бүтээгдэхүүний зах зээлд асар их туршлага хуримтлуулсан гэж дуулсан юм байна. Ноолуурын дэлхийн зах зээлийн чиг хандлага ойрын жилүүдэд хэр өөрчлөгдөх бол. Хятад чанаргүй бүтээгдэхүүнээ Монголын нэрээр дэлхийн зах зээл дээр худалдаалж байна гэж дуулдсан. Энэ үнэн болов уу? -Хятадууд гадаадын зах зээл дээр Монголын ноолууран бүтээгдэхүүний нэр хүндийг унагаж байна гэж би хувьдаа бодохгүй байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийнхөө л нэр хүндийг унагаж байгаа. Ганц ноолууран бүтээгдэхүүн ч биш Хятадын аль ч үйлдвэр “Монгол, АНУ, Японд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнийг гаргадаг. Хүмүүс ийм бүтээгдэхүүний чанар ямар байдгийг мэднэ. Миний мэдэж байгаагаар саяхан Европт нийлүүлсэн хүүхдийн тоглоомыг чанар, стандартын шаардлага хангаагүйгээс устгасан, Японд нийлүүлсэн ноолууран цамцнаас нь сарлагийн хөөвөр, хялгас гарсан гэж байсан. Бид чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадвал дэлхийн зах зээл дээр орон зай бий. Европын үйлдвэрлэгчид “Говь”-с хамаагүй өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг - Ноолууран бүтээгдэхүүний үнийн хувьд..? -Европын үйлдвэрлэгчид “Говь”-ийн бүтээгдэхүүнээс хамаагүй өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Энэ нь тухайн орны хэрэглээний өртөгтэй шууд холбоотой. Би энд нэг жишээ хэлье л дээ. Энд ил зогсоолд машинаа нэг хонуулахад 800 төгрөг төлдөг. Харин Лондонд нэг шөнө хонуулахад 92.000 төгрөг төлнө. Монголд нэг аяга кофе 1.000 төгрөг байдаг бол тэнд 8.500-10.000 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр ноолууран бүтээгдэхүүний үнэ ямар байх нь ойлгомжтой. Энэ бүгдийг хооронд нь харьцуулж бодох шаардлагагүй. Бид энд чадварлаг дизайнеруудынхаа хүчээр Шотланд, Итали шиг чанартай, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулах болно. -Дотоодын зах зээл дээр борлуулах бүтээгдэхүүний үнэ хэдий хэмжээгээр өөрчлөгдөх бол..? - Монголын зах зээл социализмын үеийнх биш шүү дээ. Гадаад дотоодын аль ч зах зээл дээр борлуулах үнийг хэрэглэгчид өөрсдөө л тогтооно. Жишээ нь бүтээгдэхүүнээ хэт өндөр үнэлчихвэл борлогдохгүй, хэт хямд бол өртгөө нөхөж чадахгүйд хүрнэ. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг хамгийн ихдээ хэдэн төгрөгөөр борлуулж болох, түүнийг нь  хэрэглэгчдийн хэдэн хувь нь худалдан авч чадахаар байна гэдгийг тооцох л чухал. Ингэж байж зах зээлийн бодит үнийг тогтоож чадна. -Бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг гадаадад борлуулах гэж байна? -Монголд “40 мянган айлын орон сууцны хөтөлбөр” хэрэгжиж эхлээд байна. Хүмүүсийн худалдан авах чадвар ч нэмэгдэж байх шиг байна. Монголын ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн багтаамж нь жилд 25 сая ам.доллартай тэнцдэг гэж дуулсан. Харин гадаадын зах зээлд борлуулах бүтээгдэхүүний хувьд хязгааргүй гэж ойлгох хэрэгтэй. Монголд манай нэрийн барааны олон дэлгүүр байдаг учраас бид ноолуурыг худалдаанд хангалттай нийлүүлнэ. -Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнээ аль улсад борлуулж байгаа билээ? -ОХУ, Англи, Франц зэрэг улсад нийлүүлж байна. Энэ нь экспортын хамгийн том зах зээл. Өнгөрсөн 30 жилийн туршид бараагаа экспортолж байсан тэр л улс руу бүтээгдэхүүнээ экспортлох бодолтой байна. Үүнд, АНУ, Канад, Япон, Өмнөд Америк, Итали, Солонгос, Австрали, Сингапур гэх зэрэг. Би малчдад хайртай. Учир нь би ч гэсэн хөдөөнийх -Нэн тэргүүнд хийж эхлэх ажлынхаа жагсаалтыг гаргасан биз дээ..? -Олон улсын зах зээлийн худалдааны сүлжээтэй холбоо барина. Энэ сүлжээнд орохын тулд бүтээгдэхүүн маань олон улсын чанарын шаардлагыг хангасан байх учиртай. Үүний тулд дизайнеруудаа нэн тэргүүнд мэдээллээр хангах тэдний чадварыг нь нээж өгч, хөгжүүлэх, ашиглах хэрэгтэй байна. Энэ бүгдийг хийж эхлэхээр борлуулалт нэмэгдэх нь гарцаагүй. Ашиг, орлого ч нэмэгдэнэ. Түүнтэйгээ уялдуулан ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж, нийгмийн асуудалд нь анхаарал тавьж ажиллана. Манай хөрөнгө оруулагчид ч ногдол ашгаа авч эхэлнэ. -Манай сонинг хөдөө орон нутгийнхан илүү захиалдаг. Тэд таны ярилцлага болон ноолуурын зах зээлийн талаархи сонирхолтой мэдээллийг тань уншина гэдэгт итгэлтэй байна. Хэрэв танай компани өндөр үнээр ноолуур худалдан авахаар шийдвэл энэ тухай мэдээллийг малчиддаа хүргэхэд бид ямагт бэлэн шүү..? -Баярлалаа. Дуртайяа мэдээллээ өгөх болно. Монгол ямааны ноолуураар хийсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хэрхэн байлдан дагуулахыг Монголын малчдад харуулмаар байна. Би хөдөөгийн малчдад хайртай. Учир нь би ч гэсэн хөдөөнийх. Бид ийнхүү ярилцав. Биднийг өндөрлөхөд тус компанийн хоёр, гурав дахь гүйцэтгэх захирлууд орж ирж, дараагийнхаа уулзалтад орохоор зэхэж эхэлсэн юм. Г. Энхтуяа 2007.09.10 :: Бизнесийн мэдээ http://www.sonin.mn/-c

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 78 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax