Forever Fashion

2007-04-23 - О.Болд: Монгол хувцас дэлхийд эзлэх бидний орон зай
Ангилал: Монгол

О.Болд: Монгол хувцас дэлхийд эзлэх бидний орон зай Б.ХОНГОРМАА (2007.02.16) Энэ удаагийнхаа зочноор “Торго” салоны загвар зохион бүтээгч О.Болдыг урив. О.Болдын урласан “Хархорин”, “Алтан говь”, “Шигтгээ” зэрэг цуглуулга нь түүний төдийгүй Монголын нэрийн хуудас хэдийнэ болжээ. -Загвар зохион бүтээгчидтэй уулзаж байхад олонх нь зураач мэргэжилтэй байх юм. -Арван жилд байхдаа би хувцас загвар их сонирхдог байсан. Гэвч цагаа тулахаар СУИС-ийн харьяа ДУДС-ийн уран зургийн ангид орчихсон юм. Дүрслэх урлагийн суурь нь уран зураг. Өнгө, дүрс, зохиомж нь дизайн, график, уран баримал, барилга зэрэг урлагийн суурь болдог юм. Тиймээс суурь мэргэжлээр таван жил сурсан надад дизайнер болоход дөхөм байсан. Ер нь уран зураг дээр хувцас загварын бүхий л зүйл харагддаг юм л даа. Тухайлбал, зураг дээр зохиомж гэж ярьж байхад хувцас дээр силуэт гэх жишээтэй. Өнгө будгийн хувьд ч адил. Монгол хувцасны чиг хандлагыг хараад байхад 2000 оноос өмнө нэлээд баруунжсан маягтай байсан. Загварын хувьд ч тэр, материалын хувьд ч тэр. Гаднынхныг дуурайсан, бас гол төлөв авангард чиглэлийн. Харин сүүлийн үед загвар зохион бүтээгчид үндэсний хэв загвараа илүү гаргаж, үүгээрээ амжилт олж болно гэдгийг харж чадсан юм болов уу. Европ хувцсаар, ялангуяа оёдлын арга технологиор Англи, Солонгос, Хонконг зэрэг улстай өрсөлдөнө гэдэг амаргүй. Түүний оронд өөрийн гэсэн загвар, өөрийн гэсэн оёдлын технологиор ялгарах нь арай дөхөм. Монгол хувцсыг манайхаас өөр газар гаргаж ирэхгүй нь мэдээж. Ингэж л бид дэлхийн загварынхны анхааралд өртөж, орон зайгаа олж авна. -Сүүлийн үед дэлхийн хувцас загварын чиг хандлагыг оросууд тодорхойлж байна. Энэ утгаараа орос үндэсний хувцасны хэв маяг түлхүү орж ирсэн гэж үзэж байгаа юм билээ. -Орост хувцас з агвар маш хурдацтай хөгжиж байгаа. Түүнээс гадна оросууд Fashion TV-д өөрийн сувгаа нээсэн. Дэлхийд алдартай дизайнеруудтай эн зэрэгцэхүйц В.Юдашкин зэрэг сайн загвар зохион бүтээгчид төрсөн. Энэ утгаараа өөрсдийн уламжлал соёлыг дэлхийн загварын чиг хандлагад тусгаж өгч байгаа зэрэг зүйл ажиглагддаг л даа. -Үүнтэй ижил манай үндэсний хувцасны элемент дэлхийн хувцас загварын чиг хандлагад тусгалаа олсон тохиолдол бий юү? -Бий. Хүмүүсийн сайн мэдэх нэг жишээ бол Жорж Лукасын найруулсан “Оддын дайн” киноны сүүлийн анги дээр олон үндэстний хувцаснаас тусгасан байдаг. Энд халх эхнэрийн дэргэр үс мөн хавчаараас санаа авсан байна лээ. Бас “Кристиан Диор”-ын Жон Галено байна. Тэр мөн л халх эхнэрийн үсний гэрийг аксессуар дээр тусгасан коллекц гаргасан. -Танай шоуг үзээд гаднынхан манай үндэсний хувцаснаас чухам юуг илүү онцгойлж байх юм. -Өнгө загвар, материалын сонголт гээд бүгдийг нь сонирхоно. Бас аксессуарыг. Ялангуяа, товч шилбэ зэрэг элементүүдийг илүү анхаарч үздэг. Гэхдээ зарим нэг загварыг Хятадынхтай андуурах тохиолдол бий. Яагаад андуурдаг вэ гэвэл манай монгол хувцас Ази дундаа нэлээд нийтлэг л дээ. Тухайлбал, бидний хэлж заншсан лам энгэр Монголоос гадна Хятад, зүүн Азийн орнууд, Япон, Солонгос зэрэг орнуудад их дэлгэрсэн. Энэ бүхнийг монголчуудын байлдан дагуулалтай холбож үздэг юм билээ. Мөн хожим Манжийн дарангуйллын үед манж нар өөрийн хувцсыг эзэлж авсан орны иргэдэд тулгаж өмсүүлэх зэргээр аль болох уусгаж авах бодлого явуулж байснаас үүдэн ийнхүү ижил төстэй болсон тал ажиглагддаг. -Тэгвэл манай хувцас Азийн бусад үндэстнийхээс юугаараа ялгардаг вэ? -Оёдлын арга ажиллагаа юм уу, бэлгэдлийн хувьд бусдаас өөр. Ер нь манай хувцас бусдыг бодвол хэрэглээ, гоёл гэхээсээ илүү бэлгэдэл түлхүү агуулсан. Чимэг зүүлтийн хувьд ч гэсэн бараг дахин давтагдашгүй гэж хэлж болохоор. Бас манай хувцас эмжээр, хошмог ихтэй. Энэ нь нэг талаар хувцасны чимэглэлтэй холбоотой. Нөгөө талаар хувцасны эдэлгээг уртасгадаг сайн талтай. Гуравдугаарт, нөгөө л бэлгэдэлтэй холбоотой. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувцсанд өргөн, нарийн хошмог их. Энэ нь эртний монголчууд “Хүний буян заяа хувцсандаа байдаг” гэж үздэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, буян заяаг эдгээр эмжээр, хошмогоор барьж тогтоож байна гэсэн үг. Гутлын хувьд аваад үзье л дээ. Монгол гуталд ямар ч үдээс, цуурга байхгүй нь нүүдлийн аж ахуй эрхэлж байгаа хүнд өмсөж, тайлахад амар байх болно. Мөн гутлын хоншоор ээтэн байдаг нь дөрөөн дээр сайн тогтоход хэрэгтэй. Монголчууд эртнээс байгаль дэлхийгээ хайрлаж ирсэн улс. Алхаж гишгэхдээ хүртэл чулуу хөндөхгүй гэснээс ийм болсон гэдэг домог ч байдаг. Малгайны орой дээрх сампин гэхэд сумны зэвээс үүссэн бөгөөд бас тэнгэрээ дээдлэн шүтэх үүднээс нударганы дотор талыг заавал номин хөх өнгөөр хийдэг байж. -Үндэсний хувцсыг урлахад энэ мэт мэдлэг их хэрэг болно биз? -Өө, хэрэгтэй зүйл энд тэнд гарсан бол харж л явдаг юм. Угсаатны зүйч Амгалан гуай, бас Энхбат, Хандын Нямбуу гуайн бичиж хэвлүүлсэн зүйлийг олж уншихыг хичээдэг. Гэхдээ чинээнд нь тултал судална гэж хаа байх вэ. Ер нь би “Торго”-д орж ирэхээс өмнө монгол хувцасны талаар бага мэддэг байж. Ер нь ажил хийж байж юм сурдаг юм байна. -Зэргэлдээ улс үндэстний хувьд манай, танай хувцас гэж ялгаж салгах амаргүй юм шиг. Гэтэл ямар ч улс үндэстэн өөрийн соёлоороо бахархаж гайхуулан, аливаа зүйлийн анхдагч байхыг эрхэмлэдэг нь ёс. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ? -Манай орны хувьд тухайн нийгмийн байдлаас болоод түүхийн үнэн дарагдаж ирсэн. Бас угсаатны зүйн судалгаа орхигдож, уламжлагдаж ирсэн нь ч ховор. Харин сүүлийн үед “Монгол костюмс” төвийнхөн энэ тал дээр нэлээд дорвитой зүйл хийж, өргөн цар хүрээтэй ажиллаж байна уу даа гэж боддог юм. Би дээр хэлсэн. Манжийн дарлалтай холбоотой ижил төстэй хувцас бий болсон гэж. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагчид ноёд түшмэдийн хувцас л ийм байна уу гэхээс энгийн ард түмэн өөрсдийнхөө уламжлалыг авч үлдсэн байдаг юм билээ. -Манай загвар зохион бүтээгчдийн урласан дээл хувцас заримдаа Монголын гэх элементийг нэг дор хэтэрхий цуглуулчихсан мэт санагддаг юм. -Элементүүдийн харьцаа, зохиомжийг тооцохгүй хэтэрхий авангард загвар руу оруулж эвдэх гээд байдаг тал бий. Харин өнгөрсөн “Гоёл” наадамд дизайнеруудын ур чадвар их сайжирсан санагдсан. Өнгөний зохицол, зохиомжийн хувьд ч тэр.Гэхдээ манай дизайнеруудын нэг сул тал бол ижил төстэй загвар гаргаж, бие биенээ дуурайх явдал. Уг нь бусдаас зөвхөн санаа авч өөрийн болговол хангалттай. Би Жон Галено зэрэг гадаадын алдартай дизайнеруудын хийсэн бүтээлээс санаа авч тухайн элементийг монгол хувцастайгаа яаж хослуулбал зүгээр вэ гэдгийг олж харахыг хичээдэг. Түүнээс биш бие биенээсээ хуулаад байх юм бол яваандаа уйтгартай болно шүү дээ. -Тийм л дээ. Та тэгээд хойшид юун дээр илүү анхааръя гэж бодож байна? -Үндэсний хувцасны гол гол элементүүдийг өөрчлөх хэрэггүй юм шиг байгаа юм. Харин зохиомжийн хувьд, бас материал, өнгөөр тоглолт хийж өгвөл зүгээр байх. Дэлхийн хувцас загварын чиг хандлага жил ирэх тусам аксессуар бага, их энгийн тал руугаа болж байгаа юм билээ. 2001 онд Нью-Йоркт болсон террорист халдлагаас хойш нийгэм эдийн засагт, хувцас загварт ч тэр нэг удаагийн бас хэтэрхий үнэтэй биш, харин чанар сайн эдэлгээ урттай хэрэглээг илүүд үзэх болсон тухай уншиж байсан юм байна. Гэвч бид өнгөрсөн аравдугаар сард Францад загваруудаа сонирхуулах үед тэндхийн алдартай дизайнерууд манай хувцасны тансгийг гайхаж байсан. Бас “Хэдийгээр ийм хандлага байгаа ч биднийг дуурайх хэрэггүй” гэж зөвлөж байлаа. -Торгоор хувцас урлана гэдэг өөр бусад материалаас арай илүү ур ухаан шаардах уу? -Даавуу, хагас ноосон материалыг бодвол унана, сунана, агшина гэсэн ойлголт байхгүй. Жаахан даргардуу байдаг юм. Тиймээс бараг материалдаа тохируулж загвараа зохионо доо. Ямар ч байсан торгоныхоо шинж чанарыг бодолцож загвар гаргахгүй бол хөдөлгөөн хязгаарлах ч юм уу байдал ажиглагддаг. Гэхдээ санаагаа баригдмал болгочихгүйн тулд атлас, үслэг эдлэл зэрэг өөр материалтай хослуулна л даа. http://www.mongolnews.mn/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2009-02-11 -
Бичсэн: мийгаа
yamar teneg yum be
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 135 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax