Forever Fashion

2007-05-01 - Ойрад Монголчуудын Хувцас
Ангилал: Монгол

Origo.mn

2006 оны 01-р сарын 11, 21:25

Ойрад эмэгтэйн цэгдэг уужны хормойг тойруулан гурван хуруу өргөн эмжиж, дотор талаар нь хоёр хуруу өргөн, долоон өнгийн солонгон тасам татаж, түүний дотор талаар утсан сүлжээ гаргаж шаглан оёдог аж. Цэгдэгний ар талд цээж бие хүртэл оноотой, өвөр тал задгай. Цэгдэгний өнгө хөх бөгөөд улаан, шар хоргой тасамтай, түүний ар онооны байр нь урд хормойтойгоо ижил тасамтай байна. Ойрхон хоёр бөсөн товчтой, тэр нь хоргой эмжээрийн өргөнтэй тэнцүү урттай байдаг. Уужны хоёр суганд товчны шилбэтэй, түүнээс хар өнгийн уут уяж, доод хэсгийг нь цэнхэр, ягаан, цагаан, хүрэн, шар өнгийн эдээр тасамдаж хажуугаар нь усан долгио дүрслэх байдлаар улаан, цагаан өнгийн саа хадаж гоёоно. Цэгдэгийн хоёр ташаанд хэтэвч хадаж, түүнээс нусны өнгө өнгийн алчуур зүүж гоёоно. Баяд эмэгтэйн цэгдэгний хормойг эргэн тойрон өргөн эмждэг бол дөрвөдийн цэгдэгний хормойг нарийн эмжих ялгаатай. Цэгдэг нь цагаан өнгийн бөсөөр хийсэн захтай бөгөөд үүнийг Алтайн таван богдый ноён оргилыг хүндэтгэж ингэдэг гэхээс гадна бас цагаан өнгийн алчуурт хүүхэд өлгийдөж дайнаас авч гарсан гэдэг ардын домгоос улбаатай гэлцэнэ. Чигээ уух ёслолын үед охины өмнөх улаан цувны захны ард цагаан бөс хадах нь эх хүний цагаан сэтгэл бэлгэдэх ёстой гэдэг. Эхийн цагаан сүүний харамж гэж ардын уламжлалт заншил ч байсан. Мөн дөрвөд бэр хадам аавын гэрт цагаан бөсөөр нүүрээ далдлан ордог заншилтай ажээ. Цэгдэгний захны хуниасыг 8-12 гэсэн тэгш тоотой хийж, гоёлоо болгоно. Баяд авгай дээлний өнгө хөх, энгэр нь задгай, дотоод, гадаад энгэрийг хоёр хуруу өргөн сулжээгээр эмждэг. Утсан сүлжээний дотор талаар цэнхэр, хүрэн, ягаан дөрвөн өнгийн саа, гадна биеэр нь ногоон, шар өнгийн бөсөөр тасамдана. Тасам, солонгон саа хоёрын өргөн тэнцүү байдаг. Авгай дээлний ташааг дөрвөн хуруу өргөн, хар хилэнгээр эмжиж дотор биеэр нь цагаан, ягаан, ногоон, хүрэн өнгийн солонгон саагаар хадна. Нударга (нудрам) нь унаган туурай хэлбэртэй, хурцавтар омогтой. Дээлийн ар хормой, дотоод энгэр хоёрыг дээлийн өвөр энгэр, ханцуй хийсэн бөснөөс өөр өнгийн бөсөөр хийдэг. Дээлний энгэрт дөрөв, суганд нилээн олон товч хадна. Баяд сэвгэр (охин) нөхөрт гарч хурим ёслолын өмсгөл өмсөх өдөр өөрийн бүсэлж байсан бүсээ дүүдээ бэлэглэж, айлын бэр болоод бүсгүй явна. Харин охины эцэг, хүргэн хүүд дээлийн бүс өгч, түүнийг охины эх нь бүслүүлж, баруун ташаанд нь цагаан өнгийн бөс зуүж, ташаа цайлгах ёс гүйцэтгэдэг байв. Айлын бэр болсон эзэгтэй сэвгэр (охин) үедээ өмсөж байсан хувцсаа төрсөн гэртээ бэргэнээр хүргүүлдэг заншилтай. Ойрад монголчууд нэлээд олон төрлийн малгай урлаж хэрэглэсээр иржээ. Сээтэн малгай нь хэвсэг, чихэвч, салхивч, бүч, сагалдарга, сампин, залаа, орой гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг. Сээтэн нь гоёлын малгай учир ардууд үргэлж хэрэглэж байсангүй. Минж, булга, үнэг, цагаан хурганы арьс хадаж дулаална. Сээтэн малгай суурингийнх, малчдынх гэж хоёр янз. Хот газрын хүмүүсийн малгайн сампин, залаа хоёр нь улаан өнгөтэй, хэвсэгний дотор нь цэнхэр, харин малчдынх залаагүй, богинохон бүчтэй ажээ. Баяд, дөрвөд эмэгтэйчүүд юүдэн малгайг өргөн хэрэглэнэ. Юүдэнг алхан хээ, битүү уялга тавин ширж гоёосон байдаг, Дуулга: малгай нь нам шовгор оройтой, ширж хавсан оёдол бүхий чихэвчтэй, хар, улаан, цагаан хурганы арьсаар гадарласан байна. Дөрвөн: чихтэй тоорцогны баруун, зүүн чихэвч нь эрүү хүрэх урт, хойд, урд чихэвч нь ахар байдаг. Зургаан тал хушуу нь торго, хоргой хавчаартай. Ийм тоорцгийг ихэвчпэн эмэгтэйчүүд өмсдөг. Тоорцог малгай нь хүрээтэй, ар шилдээ оноотой, хойд омог нь хурц, бүсэнд хүрэх бүчтэй юм. Тийм малгайг эмэгтэйчүүд голдуу өмсдөг. Тойруул тоорцог: нь гадагш эргэсэн хүрээтэй, орой нь шовгор юм. Эмэгтэйчүүдийнх намхан оройтой, эрчүүдийнх арай өндөр оройтой байдаг. Царцаа хар: Хажуу талаас нь харахад царцаатай төстэй малгайг ойрадууд ийнхүү нэрлэнэ. Энэ малгайг ахмад эрэгтэй, эмэгтэй хүмүүс өмсөнө. Халибан малгайг бэр мордоход болон чигээ (цагаа) уухад өмсөж явдаг байсан. Мөн хавар, намар ч бас өмсдөг бөгөөд энэ малгайн оройг цэнхэр бөсөөр шаглаж оёсон байдаг. Орой шовгор, чих дэрэвгэр малгай юм. Шил нь өргөн, ахар. Халибан малгайг улаан өнгийн бөсөөр гадарлах нь элбэг. Туйв малгай нь: (тоорцог) орой дээрээ сампинтай. Баядуудын туйвын сампин том, урт цацаг, залаатай. Дөрвөд малгайн цацаг богино, сампин бага. Туйв малгайд бүч хийдэггүй ажээ. Туйвын цацаг залаа нь ар дал, мөрөн дээгүүр унжиж явдаг аж. Баядууд товь малгайг хавар, намар, зуны сэрүүнд өмсөнө. Энэ малгай нь 6-8 хушуунаас бүрдэх бөгөөд орой дээрээ жинстэй (сампин) түүнээс салбарласан улаан өнгийн утсан цацагтай байдаг байна. Малгайн гадар нь хар, хөвөө нь 2-3 хуруу өргөн байдаг бөгөөд баяд гоёлын товь малгайн сампин том, залаа урт байдаг аж. Ажлын товь малгайг хар цоохор өнгийн торго бөсөөр хийж, хошмог тавилгүй цулгуйгаар нь өмсөнө. Малгайн оройн хушуу залгах оёдлын дагуу, хөвөөний адил өнгийн эдээр чимхээр хийдэг аж. Малгайн оройн хушууг улаан өнгийн бөсөөр, сампинг түүнтэй ижил өнгөөр хийнэ. Баядууд хавар, намарт үстэй дотортой, чихтэй тоорцог малгай өмсдөг. Тоорцгийн оройн гадрыг улаан бөсөөр хийж, түүн дээр хэрэмний сүүл хадан, цэнхэр залаа гаргана. Оёхдоо оройн хушууг нь тойруулан шагладаг. Тоорцог нь дөрвөн чихэвчтэй, чихний хэвсэг нь том, харин магнайн чихэвчин хушуу нь жижиг, ахар юм. Өвлийн сээтэн малгайн өнгийг цэнхэр бөсөөр дотрыг хар өнгийн үсээр доторлодог. Малгайн оройд цагаан өнгийн бөсөөр дугуй тав хадаж, түүнийг тойруулан улаан цоохор хоргойгоор имхэрдэн чимхээрдэнэ. Тав хийсэн тэр эдээр сампин хийдэг. Малгайн оройг хуньж оёод улаан өнгийн залаа гаргадаг. Баяд малгайн шил нь дал хүрэх урт, саравчгүй байхад, дөрвөд малгайн шил нь ахар, мөн баяд малгайн орой өндөр шовгор, дөрвөдийнх намхан ажээ. Далаа бүрхсэн шилтэй малгайтай баядууд гэж ярьдаг. Ойрадууд голдуу хөх өнгийн бүс бүсэлдэг бөгөөд хүний толгойг тав ороох хэмжээтэй урт байх ёстой гэж үзнэ. Харин тэлээ нь толгойг гурав ороох урттай байвал зохистой гэнэ. Ойрад монголчууд сэвгэрийн (охин) дээл, тэрлэгний гадрыг хөх өнгийн бөсөөр өнгөлж, улаан өнгийн эдээр эмждэг, Мөн баяд, дөрвөдийн сэвгэрийн дээл, тэрлэгний каазны (хиаз) өнгө бас өөр өөр байсан ажээ. Охидын дээл, тэрлэг нударгагүй харин ханцуй нь хөвөөлөн хошлог тавьсан байдаг. Ханцуйн ба захны тасамны оронд цэцэг хээ буюу нийтгэсэн өнгийн утас дарж оён гоёоно. Сэвгэрийн гэзгийг харин салаа болгон самнах заншилтай байсан. Үүнд: сэвгэрийн тэргүүний магнайд 8, ар шилд 8, хоёр шанаанд 4, бүгд хорин салаа гэзэгтэй байжээ. Гэзэгний үзүүрт хар утсаар хийсэн 6-36 салаа цацагтай. Хув, шүр зүүдэг аж. Үүнийг боодог гэнэ. Гэзэгний гэр (тохог) (тохнуг) дөрвөд, мянгадынх хормой шүүрэх урт, харин өөлд ба урианхайнх өвдөг хүрэм, захчингийнх өвдөг өнгөрөм урт ажээ. Айлын бэр болохдоо хорин салаа гэзгээ хоёр салаа болгон самнаж, энгэр рүүгээ тавьдаг билээ. Чихнийхээ ар биеэр гэзгээ хоёр хэсэг бопгон сүлжээд дугтуйд хийж, түүний үзүүрт тохог зүүдэг. Айл гэр болох эр, эм хоёрын гэзгийг нийлүүлж самнадаг байжээ. Үүнийг охины эх самнана. Бас нөхөр болох залууд охины боодгийг зүүж өгдөг ёс байсан аж. Дөрвөд гутал гурван давхар ширэн ултай. Баяд гутал эсгий ширмэл улын гадуур дан шир ултай байв. Гутлын улыг эсгийгээр эсгэн ширж хийхдээ түүний ирмэгийг тойруулж улайтгасан төмөр хайруулаар хайран, өөг аваад улыг тойруулан олон давхар даавуу барин оёж бөхөлдөг. Эсгий ултай гутлаас гадна ямааны арьсаар хийсэн ширзн ултай гутал бас байдаг байв. Ямааны арьсан гутлыг ул, зуузай, хавчаартай хийж, эрэгтэй, эмэгтэйчүүд өмсдөг. Түүний оймсыг түрий зулагтай нь хамт ширсэн байдаг. Оймсонд эмжээр, ул, хушуу, түрий, хараа, халаа гэсэн хэдэн зүйл буй. Түүнээс эмжээрийг сарьсаар, хараа болон халааг савхиар урлана. Оймсны халаа нь эмээлийн дөрөөний сураас харааг хамгаалдаг. Цараг нь адуу, үхрийн ширний үсэн талыг дотогш харуулан, гаднаас нь оёж хийсэн богино түрийтэй гутал. Захчингийн энэ гутал нь ширэн ултай, гутлын боомонд улаан өнгийн утсаар хийсэн гоёлготой. Энэ гутлын ар өсгийд хушуутай, энэ нь урд хушуутайгаа адил. Дөрвөд гутлын хушуу мунтгар, өргөн, тавиу байдаг. Эсгий бойтгийн толгой, түрий хоёр үргэлж, улыг нь гадна талаас оёсон байдаг. Эсгий дотортой учир оймсгүй өмсөнө. Эмэгтэй дээлний нударгыг ойрадууд цардаж хатуулгатай хийнэ. Баяд авгай дээлийн нударга том дөрвөдийнх жижиг байдаг. Ойрад авгайн нударга нь гарын ар дагасан байдалтай, түүнийг буулгах ёсгүй үргэлж дэрвэгэр байна. Харин эрэгтэй хүний дээлийн нударга сөхөөстэй явдаг боловч, золгох, даарах, дээл тайлах үед нударгаа буулгана. Өөлд авгайн нударга сөхөөстэй явдаг. Тэдний цэгдэг нь ахар ажээ. Ойрадууд бог малын арьс, нэхийгээр дээл хийхдээ зах, энгэр, хормойны байр зэргийг тойруулан хар өнгийн бөсөөр өргөн, нарийн хос эмжинэ. Тэдний дээлийн хормой урт, хоёр ташаандаа оноотой, зах өргөнөөрөө онцлогтой байв. Эргүүлэг захыг ахмад эрэгтэйчүүдийн дээлэнд хийдэг. Арьсан дээлийг хийхдээ, ямааны халцгай арьсыг бөсөөр гадарлан захыг нь үргэлж эсгэнэ. Арьсан дээлийн зах нь дөрвөдөд нарийхан, баядад өргөн байдаг ажээ. Ямааны арьсан заргаг урт ханцуй, хормойтой, хар өнгийн бөсөөр хормой, энгэрийг трйруулан дан чимхээрдсэн байдаг ажээ. Баядын дээл, тэрлэгийн хормой эргэн тойрон өргөн эмжээртэй байсан байхад дөрвөдийнх дээл, тэрлэгний хормойд эмжээр ховор байсан ажээ. Мөн баяд дээл, тэрлэгэнд кааз хийх нь элбэг, харин дөрвөдөд ховор байсан. Зуны улиралд ойрадын залуучууд ахархан шалбуур өмд, ахмад хүмүүс урт өмд өмсөж байсан. Цамц: Бөс эдий бүгтрэн ухаж эсгээд цамц хийнэ. Цамцны энгэр, зах ханцуй зэргийг өргөн нарийн хос эмждэг ажээ. Хотон нар цэгдэг, тэрлэг хоёрыг хар өнгийн эдээр хийдэг өвөрмөц онцлогтой. Тэдний цэгдэгний ханцуй гарын тохой хүрэх богино байдгаараа бусдаас ялгаатай. Цэгдэгний ар шил, жавчигны иш (гэзэгний гэр) хоёрыг улаан өнгийн бөсөөр хийдэг. Мөн авгайчууд нь үс гэзгээ хоёр сүлжин, холбож ар нуруу руугаа тавьдаг. Эмэгтэйчүүдийн дээл, тэрлэг нь нударгагүй, мөн эрэгтэйчүүдийн хувцсанд нударга ховор хийдэг байсан юм. Захчин хувцас: Захчин эмэгтэйчүүдийн дээл, тэрлэг нь мөрний гоёлго түнтгэргүй, тэрлэг нь цагаан бөсөөр хийсэн саран захтай, гарын ар дагасан байдалтай, жижиг дэрвэгэр нударгатай (унаган туурай) түүнийг үргэлж буулгаастай байлгадаг заншилтай. Захчин авгайчуудын хамгийн сонин өмсгөлийн нэг нь цэгдэг бөгөөд тэр нь дэрвэгэр мөртэй, энгэр нь эгц шулуун агаад хоёр товч шилбэтэй, цэгдэгний энгэр, хормой, ханцуйн үзүүр зэргийг өргөн нарийн хоёр эмждэг байв. Цэгдэгний мөр, хормой, энгэрийн тасам гоёлгыг цагаан цэнхэр өнгөтэй бөсөөр хийдэг бөгөөд тэрлэгний энгэр, зах, нударганы эмжээрийг мөн адил өнгийн эдээр урладаг. Тэрлэг, цэгдэгний цээжийг бариухан, хормойг элбэг хийж байсан, Гэрийн цэгдэгний урд хормой ахар, хойд хормой яльгүй урт байдаг. Тэрлэгний ханцуйн уг их уужим (40-60 см) байхад, ханцуйн угнаас доош нарийсган хийдэг байсан байна. Авгай хүний гэзэг үсний гэрийг хар өнгийн хээтэй бөсөөр хушуу гарган хийж, цэгдэгний энгэрт хадна. Үсний энэхүү даруулгын үзүүрийг өргөн, нарийн хос эмжээрлэн гоёж, түүний үзүүрэзс сүлжмэл утсан гоёл зүүж, мөн түүний доод биеэс хар энгийн утсаар хийсэн урт цацаг зүүдэг байсан. Захчин эмэгтэйчүүдийн хувцас энгийн хийц загвартай, зүүнээс баруун тийш зөрөх энгэртэй, энгэр, зах, суга, ташаандаа 1-2 товч шилбэтэй ажээ. Хонь, ямааны элдсэн арьсаар дээл хийж, дээлийн зах, энгэр, хормойг хар өнгийн (хилэн) бөсөөр өргөн, нарийн хос эмжин гоёдог байсан аж. Хонь, ямааны элдсэн арьсны үсийг авч тарзан нэхий болгож, түүгээр зун, намар, хавар өмсдөг хувцас хийдэг байв. Харин сахлаг ба нимгэвтэр үстэй арьсаар бол өвөл, хавар, намрын сэрүүнд өмсөх хувцас хийж байсан. Дээлийн ташаанд оноо гарган, түүний хөвөөг дагуулан эвэр угалз тавин эмжинэ. Эрэгтэйчүүдийн дээлэнд хар хилэн ба хар хурга, ишигний арьсаар цомбон туурай нударга хийдэг байсан. Дээлийн заханд тусгай эдээр давхар зах хийж, гоёж байв. Хамрын тамхины дайланг зүүн ташааны өмнө биед дээлийнхээ бүсэнд хавчуулан явдаг заншилтай байв.

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2007-12-10 -
Бичсэн: gunjee
iluu olon undesten yastanuudii hubzas hunariin talaar tabij boloh uu tsaatan, darhad, hot goid geh met
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 123 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax