Forever Fashion

2008-12-26 - ЖИЛЭЭС ЖИЛД ЖИЖГЭРСЭН “ГОЁЛ” наадам
Ангилал: Монгол

Image“Гоёл” наадмаар амьсгалж байгаа энэ өдрүүдэд өөрийн сэтгэлд төрсөн өчүүхэн бодлоосоо хуваалцахыг хүслээ. Жил жилийн “Гоёл” наадам болоод өнгөрсний дараа хэн нь шилдгээр тодорсон  талаар  хэсэг яриа болж байгаад мартагддаг. “Гоёл-2009”-ийн тухайд хэрхэн зохион байгуулагдаж, хэн хэн шилдгээр тодорсон талаар хэвлэл болгоноор бичсэн  болохоор  энэ тухайд үл нуршья. Уг нь Монголын хувцас загварын өнгө төрхийг тодорхойлдог  наадам  гэдэг утгаараа өргөн цар хүрээтэй, өндөр ач холбогдолтой байж, загварын ертөнцийнхний хүсэн хүлээдэг, чин сэтгэлээсээ  өрсөлдөхийг  эрмэлздэг наадам баймаар санагддаг юм. Тэр тусмаа Монголын хувцас загварын  шилдгүүдийг тодруулдаг “Гоёл” наадмын хорин жил энэ онд тохиож буй. Хорин жил гэдэг бага хугацаа биш. Тиймдээ ч энэ жилийн “Гоёл”-оос сонин содон зүйл хүлээж байснаа нуугаад яахав. Гэтэл  хувцас загварын чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Хаврын гоёл” наадмын түвшинд дульхан зохион байгуулагдаж өнгөрөв. Тэр байтугай  наадмын зохион байгуулагчид хувцас загварын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийг оролцох гэхэд нь мөнгөө төл гэсэн чимэггүй мэдээ ч чих шүргээд авлаа. Энэ мэтээр өөрсдөө шударгаар өрсөлдөхийг эрмэлзэж байгаа уран бүтээлчдэд санхүүгийн саад их тулгардаг. Тэр бүхнийг даван туулж “Гоёл”-д оролцсон ч шалгарах эсэх, мөн мөнгө санхүү, танил тал, лобби хэрэгтэй болдог нь  хэдийнэ нууц биш болжээ. Дизайнер уран бүтээлчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг гуравхан үдшийн дотор  үзэж, ур ухаан шингэсэн олон зуун загвараас  хамгийн шилдгийг нь олж тодруулах хүндхэн даваа шүүгчдэд  ногддог. Хараа гүйцэж, толгойд тогтомгүй олон загварыг  асар богинохон хугацаанд  шүүнэ гэдэг  хэдий  ухаалаг шүүгч байлаа ч тулгамдах,  магад лоббид өртөх асуудал гарахыг үгүйсгэх  аргагүй. Нөгөө талаас  зарим төрөлд ганц нэг бүтээл өрсөлдөж тэр нь түрүүлэхээс аргагүй  байдалд хүрдэг ядмагхан байдал нь шүүгчдийг эвгүй байдалд оруулах нь ч бий. Хэн хэрхэн шүүдэг нь үзэгчид, оролцогчдод нууц болж үлддэг хэвээрээ. “Гоёл-2009” наадмын Шилдэг загварын товчоогоор  “Шилмэл загвар” агентлаг тодорсон. Тэднийг Монголын хувцас загварын анхны ордон гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Гэвч  Шилмэл загварын ордон, Монголын дизайнеруудын холбоо хэмээх хоёр байгууллага нэр  тусдаа ч нэдэр дээрээ  “цус ойртон”  холилдсон байгууллага шүү дээ. Тиймээс ч “Гоёл” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулж байгаа мэтээр сурталчилдаг ч гэрт, гадаах бүх ажлыг нь Шилмэл загварын ордон гардан зохион байгуулдаг гэдгийг загварынхан мэддэг. Тиймдээ ч жил жилийн Гоёл наадам энэхүү товчооны  загвараар эхлэдэг уламжлалтай. Өөрсдөө гардан зохион байгуулж, үүдийг нь өөрсдийн загвараар нээгээд ичих ч үгүй шилдэг загварын товчоогоор шалгарахаар  наадмын шалгаруулалт хэр “шударга” явагддаг  хамгийн эхний жишээ болов уу. Энэ жилийн  “топ”-оор хэн тодрох вэ гэж дор бүрдээ таамаглаж хийсэн бүтээсэн эрэмбэ дараагаараа Г.Оюунгэрэл гарцаагүй тодорно гэж мөрий тавих нь холгүй байсан. Гэтэл “Гоёл-2009”-ийн топ моделиор О.Уянга гэж  “Шүрэн бугуйвч” киноны гол дүрээр олны танил болсон бүсгүй тодорч орхив. Түүний талаар Шилмэл загварын ордны модель болохоор шалгарлаа гэх “шум” нэлээн гарч байна. Ө.Уянгын хувьд загварын ертөнцтэй холбогдоод зургаан жилийг үдсэн бас л  чадварлаг модель. Шилмэл загварын ордон, Монголын “Хатан эрдэнэ” холбооноос зохион байгуулсан “Miss international” 2006 наадмын шилдэг “мисс модель”-иор шалгарч  өрсөлдөгч охиддоо “Шилмэл”-ийнх болохоор  шалгарсан гэх  атаархлыг төрүүлээд амжсан тэрбээр “Шилмэл загвар”-ын хэвлэл мэдээллийн асуудлыг нь хариуцдаг сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. Гэхдээ  “Гоёл-2008”-ын топоор загвар өмсөгч  Алимааг  тодруулсны дараа  үзэгчдийн дунд багагүй хэл ам гарч, сайн муугаараа хэлүүлж байсан шиг  О.Уянгын хувьд  хэлээд өөлөөд байхаар  зүйлгүй. Мөн “Үндэсний хувцасны шилдэг дизайнер” номинацид мөн л Шилмэл загварын ордны дизайнер  Д.Өнөболор шалгарсан.  Дизайнер Д.Өнөболорыг шилдгээр тодорсонд гайхаад байх ч зүйл алга. Шилмэл загварын  дизайнер болохоор түрүүлэхээс ч яахав. Хийсэн бүтээсэнтэй, хэлэх ч үгтэй чадварлаг дизайнеруудтай уулзаж ярилцаж явахад зөвхөн  “Гоёл” наадамдаа зориулан  бүтэн  жилийн турш бэлтгэдэг, наадам болох үдэш л цоо шинэхэн бүтээлээ олны  өмнө дэлгэдэг байснаа дурсдаг. Дизайнер Д. Өнөболорын шилдгийн шилдгээр тодорсон үндэсний хувцасны загварыг долдугаар сарын нэгний үймээнд өртөж  хохирсон соёл урлагийн байгууллагуудад зориулсан хандивын тоглолтын үеэр үзэж, яасан ч ядмагхан санаатай юм бэ дээ хэмээн чамлаж байснаа, шилдгээр шалгарахад нь хэчнээн урам хугарч явснаа нуугаад яахав. Өдөр ирэх бүр үндэсний хувцас орчин үеийн элементүүдээр баяжиж, чадварлаг дизайнерууд үндэсний хувцсаар өөрийгөө илэрхийлж буй цаг хэдий ч тэд “Гоёл”-ын  тайзыг эрхэмлэсэнгүй. Загварын шоу дизайнер, моделиуд, загварын агентлагаас бүрддэг. Гэтэл ийнхүү гол гол шилдгүүдэд нь зохион байгуулагч Шилмэл загварын ордон  тодорчих юм.  Шуудхан хэлэхэд “Шилмэл загвар”-ын “Гоёл” болжээ. Монголын хувцас загварын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, шилдгүүдийг тодруулдаг цорын ганц наадамдаа итгэл сэтгэл өвөрлөн орон нутгаас төдийгүй хилийн чанадаас зорин ирж буй өдий төдий дизайнерууд ийнхүү сэтгэл гонсгор буцав. Наадмаа сонин содон болгох гэж гаднаас урьж авчирсан  дизайнеруудаа хүртэл эвгүй байдалд оруулан, үл ойлголцсон, урмыг нь хугалсан  үйлдэл үзүүлээд амжив. Тухайлбал ОХУ-ын дизайнер Светлана Бекапрёва шагнал гардуулах мөчид өөрөө бусдад шагнал гардуулах ёстойгоо үл ойлгон  өөрийгөө авсан гэж ойлгон баярлаж, дараа нь гомдов. Зарим нэгэн уран бүтээлчдийн тухайд  ч  дараа жилийн “Гоёл”-д оролцохгүйгээр  урам байтугай “ууц нь хугарсан” ч байж магад. Хэн хэн гэдэг шүүгч нар хэдий  хугацаанд хэрхэн шүүж буй нь ил тод  байваас ийнхүү эргэлзсэн, урам хугарсан байдал үзэгдэхгүй болов уу.  Миний бие  “Гоёл” наадмын хорин жилийн түүхийг төдий сайн мэдэхгүй ч олон төрлийн номинацид, даавуун, савхин, арьсан, оёмол, сүлжмэл төрөлд  үндэсний үйлдвэрлэгчид ач холбогдол өгөн өрсөлддөг, туршлага мэдлэгээ солилцдог наадам шиг наадам байсныг гадарлах юм. Гэвч  ирэх жилийн  өнгө, хандлагыг тодорхойлох  эрхэм  зорилгоосоо “Гоёл” наадам ухарсаар,  зохион байгуулалт, загвар дизайны хувьд  шинэ содон зүйлгүй, нэгэн хэвийн зогсонги байдалд орсон нь хэний ч нүдэнд ил болжээ. Загварын  чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмрээ үзүүлдэг чадварлаг дизайнерууд ч  Гоёл наадмаасаа нүүр буруулав. Ийнхүү  гоо сайхан, хувцас загварын хөгжлийн хэмжүүр болсон “Гоёл” наадам “Шилмэл загварын ордон”-ы  загварын шоу болж, оролцогчид нь дайжиж, жилээс жилдээ жижгэрсээр, жил ирэх бүр  хүрээгээ хумисаар. СОЛОНГОСЫН “ГОЁЛ” НААДАМ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ “Гоёл” наадамд Орос, Франц, Солонгосын дизайнерууд урилгаар оролцсон. Хүн ам ихтэй, хувцас загварын хөгжил нь өндөр түвшинд хүрсэн эдгээр орны дизайнерууд “Гоёл” наадамд оролцоод ямар сэтгэгдэл төрсөн талаар ярилцлаа. “Model center¥¥ international”-ийн захирал  Дөү Шин Хү. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу, урьд нь Монгол оронд ирж байсан уу? -”Модел центр”  интернэшнлийн захирал Дөү Шин Хү. Энэ жилийн “Гоёл” наадамд оролцохоор нэг дизайнер, хоёр модельтойгоо ирсэн. Монголд  урьд нь таван удаа ирж байсан. Гэхдээ өөрийн мэргэжлийн дагуу “fashion” наадамд оролцох   гэж ирж байсан тохиолдол байхгүй. Анх удаа мэргэжлийн чиглэлээр оролцохоор ирсэн. -Таван удаа ирж байсан гэлээ, өмнө нь  “Гоёл”-ыг  үзэж байсан уу? -Үгүй. Монголын дизайнеруудын  холбооны урилгаар ирсэн. Анх удаа оролцлоо. -Тэгвэл “Гоёл”  наадам үзээд төрсөн  таны сэтгэгдэл? -Миний хувьд нэг дизайнерын  бүтээлээс бүтсэн  шоу үзэж байснаас,  олон дизайнерын бүтээлийг нэг дор  харуулсан наадам үзэж байсангүй. Ганц удаа үзсэнээрээ тодорхойлоход хэцүү юм.  Гэхдээ зургаан жилийн өмнө 2002 онд ирж байсантай харьцуулахад  Монголын хувцас загвар хөгжиж байгаа нь харагдлаа. Хувцас загварын хөгжил өндөр байна гэдэг амьдралын түвшин  өндөр болж байна гэсэн үг. Анх удаа олон дизайнерын бүтээлийг нэг дор  үзэж байна. Олон коллекц  дараа дараалан гарахаар толгойд тогтохгүй бэрхшээл байна. Драмчилсан, театрчилсан байдалтай байвал зүгээр юм уу гэж бодогдсон. Манайд загварын шоу  брэнд брэндээрээ тус тусдаа болж  ихдээ л  15-20 минут үргэлжилдэг.  Өөр өөрийн онцлогтой, үзэгчдийг сонголт хийх, уйдаахгүй байх бүх боломжоор нь хангасан байдаг. Монголын хувцас загварын шилдгүүдийг тодруулдаг наадам  хэрнээ үндэсний томоохон үйлдвэрлэгчид нь оролцдоггүйд жаахан гайхсан шүү. -Солонгост “Гоёл” шиг наадам зохиогддог уу? -Зохион байгуулдаг. Гэхдээ Франц, Герман, Япон, Тайвань гэх зэрэг зургаан  орны дизайнеруудтай солонгос дизайнерууд хамтарч том наадам зохион байгуулдаг. Олон улсын хэмжээнд  гэх үү дээ. Монголын “Гоёл” наадам, фестиваль гэдэг утгаараа олон дизайнерын бүтээлийг нэгэн дор ингэж үзүүлдэг болов уу. Манай загварын наадам зохион байгуулалтын хувьд ч  “Гоёл”  наадам шиг биш. -Орос, Францын дизайнеруудын тухайд? -Францын дизайнер Криктион Турнафолыг таван жилийн өмнөөс  мэднэ.  Солонгост шоуг нь үзэж байсан. Оросын дизайнер  уламжлалаа орчин үетэйгээ сайн холбосон нь сэтгэл татсан. -Олон улсын модель центрын захирлын  хувьд манай моделиудын ур чадварыг  хэрхэн үнэлэв? -Зургаан жилийн өмнө ирээд харж байхад  арав гаруй л сайн модель байсан. 170 см-ээс өндөртэй  моделиуд  их болсон,  чадвар нь ч өссөн байна. Гэхдээ нэг дутагдалтай  гэмээр зүйл ажиглагдсан, дутагдал гэж нэрлэх нь ч хаашаа юм  үндэсний онцлог  байх л даа, монгол моделиуд  өргөн нүүртэй, бүсэлхий  том юм. Харин мэргэжлийн үүднээс хамгийн давуу дэлхийн моделиудтай эн зэрэгцэхүйц гоё хөлтэй нь анзаарагдлаа. Миний бас нэгэн  зорилго бол  “Гоёл”  наадмыг үзээд дэлхий дахинд гарах чадвартай, дизайнерууд, болон моделиудыг харж хайх юм. -Танай төв ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? -Манай төв гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дизайнеруудын  загварын үзүүлбэрийг зохион байгуулдаг. Мөн  моделиудаа бэлтгэдэг тусгай сургуультай. Гуравдугаарт өөрсдийн моделиудаа дэлхий дахинд гаргадаг тусдаа модель агентлаг  гэсэн гурван чиглэлтэй. -Монголд ирээд загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцсан уу? -“Алтай кашмер”,  “Гоёо”, “Торго”, “Монгол костюмс”,  “Шилмэл загварын ордон” зэрэг байгууллагуудаар  орсон.  Загварын товчоо болгон өөр өөрийн онцлогтой. “Гоёо”  компанийн бүтээгдэхүүний чанар, дизайн  үнэхээр дэлхийн түвшинд хүрсэн байсан. “Гоёо”-ийн  бүтээгдэхүүн дизайнерын бүтээл дээр төвлөрдөг болохоор маш сонирхолтой. Харин  “Говь” компани маркетингаа  голлоод бүтээгдэхүүнийхээ дизайныг жаахан орхигдуулдаг юм шиг санагдсан. Мөн  “Монгол костюмс”-ийн үндэсний хувцасны  музейг  анх үзээд  улсын байгууллага  байх гэж бодсон,  хувь хүнийх гэж мэдээд их гайхсан. “Монгол костюмс” төв  үндэсний хувцсаа өндөр хэмжээнд сурталчилж, уламжлалаа маш гоёор сэргээж, хүмүүсийнхээ  хэрэгцээг хангаж,  монгол үндэсний хувцсыг  урлагийн  өндөр түвшинд  хөгжүүлж байгааг мэдэрлээ. -Манайд үндэсний хувцасаа орчин үеийн элементүүдээр баяжуулах хандлага нэмэгдэж байна. Тэгвэл Солонгосчуудын үндэсний хувцасны хандлага ямар байдаг вэ? -Солонгост гурван янз байдаг. Өөрсдийн уламжлалт хувцсаа хийж, шоу тоглолт зохион байгуулдаг нэг хэсэг байна. Үндэсний хэрнээ орчин үеийн урсгал чиглэлүүдтэй хосолсон нөгөө нэг хэсэг байна. Дан ганц орчин үеийн чиглэлээр хийдэг агентлаг гэхчилэн  төрөлжсөн байдаг. -Монголын  хувцас загварын наадмыг, хэд хэдэн загварын байгууллагаар орж  үзлээ. Эцэст нь танд бодогдсон, бидэнд хэлмээр  санагдаж байгаа зүйл? -Монгол хувцас дизайнеруудад маш  их боломжийг олгосон их өвөрмөц шийдэлтэй юм. Энэ бол Монголын дизайнеруудыг дэлхийн тавцанд хүргэх боломж юм шүү. Мөн гадаадын дизайнерууд ч өөрсдийгөө нээж болох талтай. Монгол хувцсаараа  дэлхийн тавцанд  хүрнэ гэж найдаж байна. Saturday, 20 December 2008 http://ubtimes.mn/-c

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2009-04-12 -
Бичсэн: mo
goyol naadmiig uls zohion bguulbal goe oo tegvel shudrag boloh bh aa havriin goyoliig bas adil surguuluud ni shagnalaa huvaagaad avchdag sh d zohion bguulsan surguul ni ihenhiig avchdag eostoi teneg ter shagnal ni hyrtel gomdmoor 80n mynga tog orgomjloliinh ni jaaziin toiruulaad iskochdtson bgaa yam daa eeeee araichdee ynen ylgeriin yamaa havriin goyol 2008
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 28 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax