Forever Fashion

2008-12-31 - С.Алимаа: Хүний бүх хувцсыг ноолуураар төгс төгөлдөр болгосон
Ангилал: Монгол

“Гоёл 2009”-өөр Гран при авсан “Халиун” загвар нь үнэхээр сэтгэлд нийцсэн загвар юм гээч. Аль ч насныхан өмсөх боломжтойгоос гадна нэгэн цагт тансаг хэрэглээ байсан ноолуурыг өдөр тутмын өмсгөлд оруулж ирснээрээ онцлог ажээ. Түүнийг урласан “Сүлжмэл” компанийн ерөнхий загвар зохион бүтээгч С.Алимаатай ярилцлаа. -Та өөрийнхөө загварыг өмсчихсөн яваа юмуу даа? -Тийм ээ. Ноолуур болохоор маш дулаахан юм. Бас залуу, хөгшин гэлтгүй хэн ч өмсч болно шүү дээ. Нас насанд нь тохируулж загвараа гаргасан л даа. Энэ бол бидний насныханд зориулсан нь. Гэхдээ гадуур пальтогий нь юбканаас нь арай богино хийх нь зүйтэй юм байна гэж бодож явлаа. Бас бүр урт ч болгож болно. Хамгийн гол нь манай нөхцөлд их дулаахан. Өдөр тутмын загвар болохоор хаана ч өмсч болно. Зарим үед гоёход ч алдах юмгүй. -Бас малгай, цамц, гуталтай хосолж байх шиг байсан... -Охидуудынх нь цамц, богино өмд, хүрэмтэй хийгдсэн. Бас малгай, гуталтайгаа цогц загвар юм. Нэг ёсондоо нэг хүнийг төгс төгөлдөр ноолуур болгосон л доо. Урьд жилүүдийнхээсээ үүгээр ялгагдана. Гутал гэдэг утгаар нь түүнийг л хагас ноолууртай хийсэн. Бусад нь бол зуун хувь ноолуур. Охидуудад энэ загвар маань их таалагдсан л даа. Тайзан дээр хувцсаа үзүүлэхээсээ л өмнө “Энэ загвар хэзээнээс гарах вэ, ямар үнэтэй байх вэ” гээд л асуугаад байсан. -Нээрээ ямар үнэтэй байх юм бэ? -Жингээсээ хамаараад, хэдэн грамм ноолуур орсноос үнэ нь шалтгаална л даа. Үүнээсээ болж тус тусдаа үнэ гарна. Энэ гадуур хүрэм гэхэд 300-гаад мянган төгрөг болох байх. Гутлын үнэлгээ гараагүй байгаа. Өмнө нь гутал хийж байгаагүй болохоор үнийн хувьд сайн мэдэхгүй байна. Хувцаснаасаа илүү тэр гутал л хүүхдүүдэд их таалагдсан байна лээ. Энэ жил охидуудын хувьд нэхий гутал моодонд ороод байгаа юм байна ш дээ. Тиймээс илүү их сонирхоод байх шиг. -Захиалга аваад эхэлсэн үү? -Эхлээгүй байна. Маш их хүн утасдаж байгаа. “Гоёл”-ын маргаашнаас л “Хаана байна, тэр загвар чинь” гээд манай дэлгүүрүүдээс нэхээд эхэлсэн. 2009 оны загвар учраас хоёр, гуравдугаар сараас худалдаанд гарах байх. Тэгээд ч энэ маань хавар, намрын загвар шүү дээ. -Саяны “Гоёл”-д хэдэн загвараар оролцов? -Дөрвөн загвараар оролцлоо. Гурав нь өдөр тутмынх, нэг нь үндэсний загвар юм. Торгоор их гоёдог ард түмэн чинь монголчууд. Тиймээс торгоны хээг ноолууран дээр гаргахыг оролдсон. Энэ нь ч их гоё болсон. -Та чинь бас 2007 оны шилдэг загвар зохион бүтээгч хүн юм билээ. Тэр үед ямар загвараар оролцож байв? -Би тэр үед анх удаа “Гоёл”-д орсон юм. Гоёлын ноолууран даашинзыг торготой хослуулсан л даа. Үнэндээ анх удаа орсон болохоор түрүүлчихнэ чинээ санаагүй байсан. Энэ нь надад их урам өгсөн. “Ноолуур яагаад бусад зүйлтэй зохицож болохгүй гэж” хэмээн бодоод тэр загваруудаа хийж байлаа. Гоёл чимэглэлтэй ноолууран даашинзан дээр торгон нөмрөг нөмрөх жишээтэй. Үүнийг хийснээрээ би анхдагч болоод, тэр шагналыг нь авсан байх л даа. Би чинь сүлжмэлийн мэргэжлийн хүн биш л дээ. -Тэгэхээр ямар мэргэжлийн хүн болж таарах нь вэ? -Инженер механикч хүн юм шүү дээ. Дараа нь Англид суралцаж, хувцасны загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшсэн юм. Зөөлөн оёдлын чиглэлээр суралцлаа. Ер нь би анх сургууль төгсөөд, Сүлжмэлийн үйлдвэрт ирж ажилласан. Үүнээс өөр газарт ажиллаагүй. Сая долоон жил Англид сурч, амьдарч ирснийхээ дараа ч энэ үйлдвэртээ л ирсэн. Монголдоо ирээд гурван жил болж байна. Миний амьдрал энэ үйлдвэртэй л холбоотой. Ер нь гадагшаа явсан монголчууд буцаад л Монголдоо ирдэг шүү дээ. Тиймээс сурсан мэдсэнээ энд хэрэгжүүлье л гэж бодсон. -Энэ үйлдвэртээ олон жил ажиллаж байгаа хэрэг үү? -Манай үйлдвэр 1981 онд байгуулагдаж байлаа. Оросын тусламжаар. Зах зээл эхлэх үед олон үйлдвэр дампуурч, хаалгаа барьсан ч манайх л бүх хүнд хэцүүг давж гарсан даа. Нэг өдөр ч хаалгаа бариагүй. 2003 оноос хонины ноосоор утас хийдэгээ болиод, ноолууран утас үйлдвэрлэж, тэр хэрээр ноолууран бүтээгдэхүүн хийх болсон юм. Одоо Ээрмэлийн үйлдвэрийн гэрээт борлуулагч компани гэсэн нэрээр явж байгаа. Зуун хувь үйлдвэр маань өөрчлөгдсөн л дөө. -Хэдэн ажилчинтай вэ? -600 гаруй ажилчинтай. Үйлдвэр маань дөрвөн үндсэн цехтэй. Нэхмэл, сүлжмэл, ширмэл, зөөлөн оёдол гэсэн. Бусад үйлдвэрийг бодвол, тухайлбал “Говь”, “Гоёо” энэ тэртэй харьцуулахад гаднын ямар ч хөрөнгө оруулалт байхгүй, цэвэр өөрийнхөө хүчин чадлаар ажилладаг үйлдвэр юм шүү дээ. 51 хувийнхаа хувьцааг үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, ажилчид нь эзэмшдэг. Тиймээс ихэнхи нь энд насаараа ажиллаж байгаа хүмүүс дээ. Би ч тэдний нэг. Тиймээс үйлдвэрээсээ нэг их холддоггүй. -Загвар зохион бүтээхээс гадна өөр ямар хообийтой вэ? -Сайхан байгаль харах дуртай. Бас нохойн гөлөг гэх мэтийн жижиг амьтдад хайртай. Хааяа ч зураг зурах, хатгамал хатгах зэрэг сонирхол төрдөг шүү. -Энэ загварынхаа санааг хаанаас авав? -Ямар ч нөхцөлд ямар ч хүн өмсч болмоор загвар хэрэгтэй юм даа гэж бодогдсон. Азийнхан тод өнгөнд дуртай бол европчууд бараандуу өнгийг таашаадаг. Тиймээс энэ хоёрын дундаас ази, европ ямар ч хүний санаанд таарахаар өнгийг л гаргахыг эхлээд зорьсон. Энэ бол саарал, цагаан өнгө хосолсон эд. Өнгөө сонгосны дараа л 12 янзын загвараа гаргасан даа. Бас ийм өнгийн эрэгтэй пальто ч байгаа. -Ер нь загвар чинь ямар нэртэй юм бэ? -“Халиун” гэсэн нэртэй. Мориор бол цагаан саарал зүсмийн морийг халиун гэдэг юм билээ л дээ. Охиныг маань ч бас Халиунаа гэдэг. Гоёлын наадмаар нэрийн тухай нэг их яриулдаггүй. “Эвсэг”-ийн загвар л гэсэн болохоос биш, ямар утга учиртайгий нь хэлүүлээгүй. Зарим загвараа гүйцэд харуулж чадаагүй. Богино хугацаанд гараад өнгөрдөг болохоор. Ихэвчлэн хоёрдмол загвартай хувцаснууд байсан. Уг нь тэр загвартаа найдвар тавьж байсан юм. Тухайлбал нөмрөг байлаа гэхэд уяагий нь тайлахад юбка болох жишээтэй. Өмд, цамцныхаа уяаг задлахад даашинз гараад л. Энэ мэтээр нэг юм шиг мөртлөө хоёр хувцас гарч ирсэн загварууд байсан. Түүнийгээ сайтар үзүүлж чадаагүй. Үндэсний загвар маань ч гоё байлаа. -Гран при авна гэдэг маань зохион бүтээгчдийн дунд төдийгүй, хэрэглэгчдийн дунд ч нэр хүнд өснө гэсэн үг шүү дээ… -Тэгэлгүй яахав. Хэдийгээр өөрийнхөө хийсэн зүйлд итгэлтэй байсан ч яг бас шагнал авна гэж бодоогүй шүү. Хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэнэ гэдэг үнэхээр гоё. Энэ загвар маань залууст төдийгүй, дунд насныханд таалагдаж байгаад маш их баяртай байгаа. Бас үйлдвэрийн маань нэр хүнд ч өсдөг. -Би тод өнгийг эрхэмлэдэг хүний нэг. Гэтэл манай дунд насныхан бараан өнгөнд дурлаад байдаг. Уг нь хурц тод өнгө хүний нүүр царайд ч гэсэн өнгө оруулдаг биз дээ… -Залуугаас гадна эрч хүчтэй харагдуулдаг юм шүү дээ. Бид загвартаа тод өнгө оруулахыг их хичээдэг. Одоо манай хурц, тод өнгө бүхий гоёлын даашинз болон бусад бүтээгдэхүүн маань 20 хувийн хямдралтай худалдаалагдаж байгаа. -Гадаадаас захиалга их авч байгаа юу? -Ноолууран ороолтоо гадагш нь гаргадаг байсан бол одоо бүтээгдэхүүнээ гаргадаг болно. Ирэх онд их хэмжээний захиалгатай байгаа. Ноолуур чинь өмнө нь тансаг хэрэглээ, үнэтэй зүйл байлаа ш дээ. Одоо бол өдөр тутамд орж ирлээ. Тиймээс түүнийг дандаа классик байлгах бус, хүн бүр хэрэглэхүйц байлгахыг л хичээж байна. Бодсоноо үйлдвэрлэлд нэвтрүүлээд явж  байна даа. -Ноолуураа хаанаас авдаг вэ? -Энэ жил Өмнөговь аймгаас авсан. Ноолууртаа  ангилан ялгалт хийгээд ээрээд, ороогоод, бүтээгдэхүүн хийх гээд бүх шат дамжлагаараа явуулдаг. Энэ жил ноолуураа хангалттай авсан. Үнэ нь ч бага байлаа. Харин чанарын хувьд жаахан муудсан. 16-17 микронтой, бүдүүн болж байгаа гэх үү дээ. Ноолуурын чанар гэхээс илүү ямааны тоо толгойд малчид илүү анхаараад байх шиг санагддаг. Байгалийн тэнцвэрийг бас бодолцох цаг болжээ. -Танайх бусад ноолуурын үйлдвэртэй чанараар өрсөлдөж байна уу, үнээр өрсөлдөж байна уу? -Өнөөдөр “Говь”, “Гоёо”, “Алтай кашимер” зэрэг томоохон үйлдвэрүүдээс гадна жижиг хувийн үйлдвэрүүд ч бий. Үнэ гэхээсээ илүү чанар чухал. Бас гоё загвар хэрэгтэй шүү дээ. Загвартай юм хийж байж л бусад компанитайгаа өрсөлдөнө. Монголчууд чинь их гоёх дуртай улс. Мөнгөтэй ч байсан, мөнгөгүй ч байсан, ноолуураа аваад л өмсдөг. Намайг Англид байхад  нэг хүн ирээд, “Монгол гэж ямар улс байна аа? Ноолууран цамц, “Вранглер” жийнс өмсөөд л ажлаа хийгээд байх юм. Аягүй сонин” гэж байж билээ. Тэнд ноолуурыг барагтай хүн аваад өмсчихдөггүй юм байна л даа. -Гадаадад олон жил болсон улс ирэхээрээ хөлөө олоход хэцүү гэж ярьдаг юм билээ. Танд тийм хүндрэл гараагүй юм байна аа даа… -Бараг гараагүй. Тэндээс хүрч ирээд л маргааш нь шахуу энэ үйлдвэртээ эргээд орчихсон. Би чинь үйлдвэртээ элэгтэй болохоор цалин мөнгийг нь голоод байдаггүй. Монголдоо ирэх харин ч гоё байна. Улсаас ч шагнал урамшууллыг нь аваад явж байна. Ярилцсан З.МЭНДСАЙХАН (2008-12-28) http://www.mongolnews.mn/-c

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2010-06-19 -
Бичсэн: RussoKathy
That's great that people are able to get the home loans and it opens up completely new opportunities.
[Permanent Link]

2009-02-05 -
Бичсэн: batmagnai
HI tanid ajilin amjilt husii goe yumaa
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 27 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax