Forever Fashion

2008-10-19 - “Номин талст”-ын Д.Батсүх “хуучраагүй жинс”-нд дуртай
Ангилал: Монгол

Олны танил буюу бидний нэрлэдгээр “одууд” ямар брэндийн хувцсаар гоёх дуртай бол. Тэд хувцсаа хаанаас авдаг бол. Мэдээж Та сонирхож байгаа биз дээ.

http://harumatsuri.net/uploads/kiwi.JPG

“Киви” хамтлагийн УКА: -Бид гурвуулаа “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын товчооны байнгын үйлчлүүлэгч. Тэдэнд хүссэн загвараа хэлэхэд санаанд хүртэл хийж чаддаг. Тоглолтын хувцсаа ч энд хийлгэдэг. Энгийн үед биед эвтэйхэн, чөлөөт стилийн хувцас өмсөх дуртай. Хөнгөхөн шаахай, жинсэн өмд биед ямар эвтэйхэн билээ дээ. Тэр бүр брэнд, фирм гэж чухалчилгүй таалагдсан хувцсаа худалдаж авдаг. Хааяа дэлгүүр хэсэх сайхан. Сүүлийн үед дэлгүүрүүд сонголт өргөн болсон шүү дээ.

http://www.mongolnews.mn/upload/newsthumbs/unuudur/13033.gif

“Номин талст” хамтлагийн ахлагч Д.БАТСYХ: -”Bоss”, “Zаrа”-гийн костюмыг өмсөх дуртай. Эдгээр фирмийн хувцасны чанар, хийц нь таалагддаг юм. Мөн жинсээр гоёх дуртай. Яагаад гэвэл, хэзээ ч моодноос гардаггүй, загварын ертөнцөөс арчигддаггүй хувцас. Иймээс хүн бүр өмсөх дуртай байх. Дуунд хүртэл “…хуучраагүй жинс” гэж дуулдаг биз дээ. Биед чөлөөтэй амар байдаг юм. Худалдаж авахын хувьд тэр бүр дэлгүүр хэсээд байдаггүй ээ. Зав ч бага. Гадагшаа тоглолтоор явахдаа дэлгүүр хэсдэг юм. Хамтлагийн гишүүдээс Хаянаа сонголт хийхдээ илүү болохоор бид түүнд энэ ажлыг даатгадаг байсан.

http://www.mongolnews.mn/upload/newsthumbs/weekend/deegii20060804.gif

Хийлч ДЭЛГЭРЦЭЦЭГ: Монголын загвар зохион бүтээгчдийн бүтээлийг амьдруулах дуртай. Тэдний загвар шинэлэг байж чаддаг болохоор надад таалагддаг юм. Жишээлбэл, загвар зохион бүтээгч Д.Баярцэцэгийн урласан даашинзыг харсан хүн бүр “ямар гоё юм бэ” гэж уулга алддаг. Фирмийн хувцас гэхээс илүү таалагдсан загвартай хувцас бол хямдхан байсан ч худалдаж авдаг. Гол нь надад таалагдаж байвал болох нь тэр. Харин гутлын хувьд чанартайг нь сонгохыг чухалчилдаг.

http://www.hem.mn/pictures.php?n=img-0019Z5V6PJ3G6921LC7Y.gif&w=476&t=1

Дуучин С.СЭРЧМАА: “Gucci”, “D&G”, “Dior”-ын хувцас, эдлэлийг хэрэглэх дуртай.Тэр тусмаа чөлөөт загвартай хувцсанд нь. Гадагшаа тоглолтоор явахдаа ихэнх хувцсаа худалдаж авдаг.Харин ойрын үед хувцас аваагүй. Удахгүй Японд тоглолттой. -Тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу? -Сайн үйлсийн төлөө зориулагдсан хандивын тоглолтод оролцохыг урьсан. Эндээс олсон орлогоо хүүхдүүдийн төлөө ажилладаг байгууллагуудад хандивлах юм билээ. www.sonin.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-10-18 - Эрхэмсэг үдэш
Ангилал: Загвар

Бөмбөрийн нүргэлэх дуут чимээ, аялгуу айзамд хөг орох мэт загвар өмсөгч бүс­гүйчүүд эрхэмсэгхэн алхана. Өмссөн хувцасныхаа уран шаглаа, донж маягийг зөвхөн өөр дээр нь л тусах тэр олон мянган харцанд мэдрүүлж, гоо сайхны таашаал, утга төгөлдөр орон зайг бэлэглэх нь тэдний үүрэг хийгээд үнд­сэн ажил нь аж. Ийм бодол ардын зураач Ү.Ядамсүрэн­гийн ач, төрийн шагналт зу­раач Я.Үржнээгийн охин Ү.Юмжирын “Гламур” нэртэй загварын шоуг үзэж суухад төрж байв. “Улаанбаатар” ресторанд зохиогдсон уг шоу эрхэмсэг гэгээн үдэш гэж юу болохыг хүрэлцэн ирсэн зочдод мэд­рүүлээд авсан. Тасалбар нь багагүй өндөр үнэтэй байсан. Тиймдээ ч цөөн тооны “ча­нар­тай” үзэгчдийг цуглуулсан байлгүй. Өвлийн болон өдөр тутмын гоёлын 100 гаруй загварыг үзүүлсэн юм. Өв­лийн улирал хаяанд ирсэн энэ цагт уг арга хэмжээ охид бүсгүй­чүүдэд ихээхэн “хө­рөн­гө оруулалт” өгсөн байх. Ач холбогдол нь ч үүнд оршиж байгаа болов уу. Загвар зохион бүтээгч бүсгүй “Гламур” шоугаа өвөө аавынхаа дурсгалд зориул­жээ. Ардын зураач Ү.Ядам­сүрэн гуайг нийтэд алдарш­сан түүхэн зургуудаас гадна үндэстний угсаатан зүйн чиглэлээр олон арван бүтээл туурвисныг мэдэх билээ. Н.Гантулга Зурагчин: Я.Аранжинбаатар Огноо: 2008-10-14 www.dailynews.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-10-18 - танхил.мн
Ангилал: Монгол

Нэтээр зочилж яваад нэг ийм нэртэй сайт олсон юм. Загвар талдаа нэлээд дажгүй мэдээлэлтэй, бас их ойр ойрхон шинэ бичлэг гаргадаг бололтой сайт байналээ. Үе үе зочилход гэмгүй гэж.

Хаяг нь www.tanhil.mn/fashion

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-10-14 - Вашингтоны загварын үдшийг монгол дээлээр эхлүүлжээ
Ангилал: Загвар

Мэдээ: -Сайн явж ирэв үү. Ва­шингтонд болсон загварын долоо хоног ямаршуухан болж өндөрлөв. Энэ тухай ярихгүй юу? -Олон улсын хэмжээнд зохиогддог тус арга хэмжээ өнөө жил ес дэх удаагаа болж өндөрлөлөө. Тус загварын долоо хоног Америкийн заг­варын ертөнцийнхний дунд болдог наадмын томоохонд тооцогддог юм билээ. Ди­зайнер Э.Баярцэцэг бид хоёр Вашингтон хотод болсон олон улсын загварын цуг­луулгын үдэшлэгт уригдаж очсон. “DC fashion week” нэртэй­гээр долоо хоног үргэлжилсэн энэ арга хэмжээнд Монгол, Итали, Казахстан, Унгар, Узбекстан гээд дэлхийн олон орны 100 гаруй дизайнер оролцсон. Түүнчлэн энэ сарын 21-ний өдөр зохиогдсон загва­рын цуглуулгын үдшийг нээж, хамгийн эхэнд үндэснийхээ хувцсыг олонд сонирхуулах үүрэг бидэнд оногдсон юм. Монгол дизайнеруудын бү­тээсэн хувцсыг өмсөж олонд хүргэх 60 гаруй загвар өмсөгч өөрсдийн танилцуулах хууд­саа бариад хэдийнэ тэнд ирчихсэн байсан. -Тэр үдшийн нээлт мон­гол дизайнеруудын ур­ла­сан загвараар эхэлсэн нь ямар учиртай юм бэ? -Загварын үзүүлбэрт орол­цохоор холоос уригдаж ирсэн зочид гэдэг утгаар монгол хувцсыг хамгийн түрүүнд сонирхуулах эрх олгосон юм. -Тэгэхээр монгол үн­дэсний ямар хувцсыг тэнд сонирхуулав. Хүмүүс хэр хүлээж авсан бэ? -Бид хоорондоо ярьж бай­гаад миний зохион бүтээсэн ХII-ХIII зууны үеийн монгол хатдын өмсгөл бүхий заг­вараар эхлүүлж, дизайнер Э.Баярцэцэгийн “Үдшийн хатад” коллекциор өндөр­лөсөн. Тэдгээр загваруудаас “Зоос” коллекци маань үзэгч­дийн анхаарлыг хамгийн ихээр татсан гэж болно. Тэ­гээд ч монгол хөөмийн аялгуу “Зоос” загвартай хосолсныг биширсэн үзэгчид дуу алд­сан. Уг нь ямар ч загварын үдэш чимээ шуугиангүй, намуухан болж өндөрлөдөг. Гэтэл энэ удаад монгол хувцас­ны үзүүлбэр дуусах хүртэл хүмүүсийн алга та­шилт үргэлжилсээр байсан нь бидэнд их урам өгсөн юм. Ер нь монгол хувцасны үндсэн өнгө нь тод, асар их бэлгэдэл агуулагдаж байдгаа­раа өвөрмөц юм л даа. Улаан өнгө гал, цэнхрээр хөх тэн­гэрийг бэлгэдсэн байх жи­шээний. Тухайн үдэш шүүгчид болон энгийн хүмүүс “Монгол хув­цас зохиомж сайтай. Илэр­хийлэх чадвараар ч маш сайн болжээ” гэж хэлж байсан юм. Энэ удаагийн загварын долоо хоногт бид хоёулхнаа оролцоод ирлээ. Бидний дээрх арга хэмжээнд оролцох зардлыг “Монгол костюмс” төвөөс гаргасан. -Тэгэхээр нийт хэдэн хувцсаар загварын арга хэмжээнд оролцсон гэж? - “Зоос”, “Хатдын үдэш”, “Янжинлхам” болон “Монгол костюмс” төвийн судлаач, зураач, дизайнеруудын бү­тээ­сэн “Эзэнт гүрний бахар­хал” коллекциудаар оролцсон. Нэг коллекци гэхэд арваад хувцастай. Торгоор хийсэн 40 гаруй монгол дээлийг гоёл чимэглэлтэй нь авч явах тийм ч амар байгаагүй. Мон­гол дизайнеруудын хувьд анх удаа загварын энэ томоохон арга хэмжээнд оролцож бай­гаа учраас бид хичээсэн. Үүний үр дүнд, ирэх сарын 19-нд Нью-Йорк хотноо болох загва­рын шоунд оролцох са­налыг бидэнд тавьсан юм. Ямартаа ч тэндхийн хүмүүст Монголын тухай ойлголтыг өгч чадлаа гэж үзэж байна. Учир нь тэд­ний дунд “Монголоос энэ хүртэл сар гаруй хуга­цаанд явж ирсэн үү” гэж асуух хүн ч байсан. Тухайн үед монгол үндэсний хувцсыг Америкийн загварын ертөн­цөд таниулс­ныг олон хүн шагшин ярьж байсан юм. Тэдний дунд тус улсад аж төрдөг мон­голчууд ч байв. -Гадаадад амьдардаг монголчуудтай тухтай ярьж амжив уу. Тэд ямаршуухан аж төрж байна? - Хэд хэдэн хүнтэй дотно танилцсан. Манай монгол­чуудаас нэлээд хэдэн хүн Америкийн загварын томоо­хон компаниудад туслах ди­зайнерээр ажилладаг юм би­лээ. Энэ нь тэдний хэр авь­яастай, хөдөлмөрч гэдгийг илтгэнэ. Тэд өөрсдийн ажил­ладаг байгууллагынхаа нэр хүнд бүхий дизайнеруудад монгол үндэсний хувцсыг сонирхуулахаар дагуулж ир­сэн байсан. Монголчуудад өөрт нь байдаг болоод ч тэр үү үн­дэснийхээ хувцасны гай­хамш­гийг төдийлөн үнэлдэг­гүй. Гэтэл гадаадынхан энэ бүх­нийг цоо шинээр хардаг. -Таныг орчин үеийн загвартай монгол дээл ур­ласан гэж байсан. Ийм хувц­сыг загварын долоо хо­ногт хүмүүс хэр их со­нир­хов? -Юутай ч загварын долоо хоногийг сонирхохоор ирсэн хүн бүр содон загвар, сонин детальтай орчин үеийн мон­гол дээл гээд гайхширч байна лээ. Зарим хүн монгол дээл­ний талаар ямар ч төсөө­лөлгүй байснаа хэлсэн. Ха­рин тэнд амьдардаг монгол­чууд өдөр тутамд өмсөх дээл байна уу гэж ихэд сураглаж ирсэн. Тиймээс бид энэ мэт дараа дараагийн арга хэм­жээнд оролцохдоо өдөр ту­тамд өмсөх монгол дээлтэй очих хэрэгтэй гэж үзсэн. -”DC fashion week” нэр­тэй энэ арга хэмжээ бизне­сийн чиглэлээр зохиогд­дог болохоор дизайне­рууд өөрс­дийн бүтээлээ ху­дал­дах боломжтой гэж сонс­сон. Энэ үнэн үү? -Бизнесийн чиглэлээр зохиогддог гэдэг ч үнэндээ дэлхийн олон орны дизай­неруудын нэг дор цугларч, бие биедээ бүтээлээ сонир­хуулдаг арга хэмжээ гэдгээ­рээ онцлог. Нөгөөтэйгүүр, нэр хүндийн асуудал гэж үз­дэг юм билээ. Бид бусад орны дизайнеруудын адил бү­тээлийнхээ танилцуулгыг авч очсон. Харамсалтай нь цаг хугацаа давчуу байсан боло­хоор энэ тал дээр анхаарах ч сөхөө байгаагүй. Монгол дээ­лийг “онлайнаар худалдах уу” гэж олон хүн асуусан. Бид тэр бүрт “Монгол костюмс” тө­вийн вэб сайтыг хэлж өгсөн. -Тэгэхээр таны болон монгол дизайнеруудын урласан дээл хэдээр үнэ­лэгдэх вэ? -Одоогоор үнэ ханш тог­тоогоогүй. Хэрэв авахаар бол тухайн үед ярьж байгаад үнэлэх байх. Ч.Анна Зурагчин: dn Огноо: 2008-09-30 www.dailynews.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-09-20 - Орчин үеийн монгол дээлээрээ Вашингтоны загварын өдөрлөгт уригджээ
Ангилал: Загвар

“Europt fashion week” нэртэй загварын долоо хоног АНУ-ын Вашингтон хотноо зохиогдоно. Энэхүү өдөрлөгт оролцох Монголын дизайнерууд өчигдөр тус хотыг зорилоо. Загварын долоо хоногт “Монгол костюмс” төвийн ди­зайнер Э.Баярцэцэг, Э.Баярзул нар өөрсдийн уран бүтээлээрээ оролцож буй нь манайхны хувьд анхных ажээ. Арилжааны чиглэлээр хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү заг­варын долоо хоногт дизайнер Э.Баярцэцэг “Янжинлхам”, “Хатдын үдэш”, Э.Баярзул “Зоос” коллекциудыг сонир­хуулахаар болжээ. Түүнчлэн “Монгол костюмс” төвийн суд­лаач, зураач, дизай­неруудын хамтран бүтээсэн “Эзэнт гүр­ний бахархал” коллекцийг ч энэ үеэр олонд хүргэх юм байна. Монгол үндэсний дээлийг орчин үеийн хувцастай хослуулан урласан дизайнеруудын бүтээ­лийг тусгайлан үнэлээд буй аж. Энэ үнийг Вашингтоны загварын компаниуд тог­тоодог байна. “Монгол кост­юмс” төвийн мэргэжилтэн Н.Солонгын хэлж буйгаар Монголын дизайнеруудын урласан хувцас тус бүр 600-2000 ам.доллараар үнэ­лэгджээ. Сонирхуулахад, загварын долоо хоногийн үеэр нийтэд хүргэх “Эзэнт гүрний бахар­хал” коллекци нь Москва хотноо болсон “Этно Эрато” наадмаас Гран при, “Зоос” коллекци нь ретро стилийн хувцасны номинацид хоёр­дугаар байрын шагналыг хүртэж байжээ. “Этно Эрато” нэртэй энэ наадам дээд зэрэглэлийн үндэсний хувцас шалгаруулах зорилготойгоор жил бүр болдог юм байна. Ч.Анна Зурагчин: Я.Аранжинбаатар Огноо: 2008-09-16 www.dailynews.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-09-18 - О.Уянга: Манайхны таазаа хөдөлгөж, хөлөө зөрүүлж алхдаг нь загварын моодноос хэдийнэ арчигдсан
Ангилал: Models

Монголын загварын ертөнцөд өөрийн орон зайгаа хэдийнэ эзэлж, ид оргил үедээ яваа загвар өмсөгч О.Уянгатай ярилцлаа. “Загварын ертөнц” булангийн өнөөдрийн зочноор уригдсан тэрээр Солонгос улсад сураад ирсэн байна. -Солонгост сураад ир­жээ. Ямар чиглэлээр хэдий хугацаанд сурав? -Тухайн улсад “Андрей Ким”-ийн нэг сарын хугацаа­тай загвар өмсөгчдийн сур­галтад хамрагдаад ирлээ. Монголоос надаас өөр гурван ч загвар өмсөгч явсан. Энэ жилээс эхлэн Монгол, Со­лонгосын загвар өмсөгчид хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд загвар өмсөгчдөө солилцон сургах сургалтад монголчуудыг хамруулаад байгаа. Биднийг Солонгосоос ирэх өдөр зөрж хоёрдугаар ээлжийнхэн тухайн улсыг зорьсон. Энэ мэт сургалт зургаан сар үргэлжлэх юм. -Монголын загва­рын­хан Солонгосынхтой хамт­ран ажиллаж, загвар өм­сөгч солилцох болсон нь ямар учиртай юм бол. Тэнд байх хугацаанд юу сурсан тухайгаа сонирхуулаач? -Солонгос улс загвар өм­сөгч, моделиор дэлхийн заг­варын ертөнцөд томоохон байр суурийг эзэлдэг. Монго­лын загварынхны хувьд энэ удаагийн сургалт хамгийн анхных гэж хэлж болно. Өмнө нь манайхан гадаад руу заг­вар өмсөгчдөө сургаж байгаа­гүй. Энэ ч утгаараа бидэнд тухайн улсаас суралцах, мэдэж авах зүйл их байгаа. Ер нь Солонгосын загвар өмсөгчдийн тайзанд биеэ авч яваа байдал, алхаа зэргийг Монголынхтой харьцуулахад тэс өөр. Энэ нь загварын техниктэй нь холбоотой. -Техник гэж тайзанд биеэ авч яваа байдлыг хэлээд байна уу? -Тийм ээ. -Хувцасны моод цаг үргэлж солигдож, халагд­даг. Загвар өмсөгчдийн хувьд үүний адил хуучнаа нэгмөсөн арчиж хаях мэ­тийн шинэчлэлүүд хийгд­дэг үү? -Монголын загвар өм­сөгчдийн хувьд таазаа хаяж, дээр нь хөлөө зөрүүлж алхдаг нийтлэг зүйлүүд их анзаа­рагддаг. Энэ байдлыг дэл­хийн загварын ертөнц хэдий­нэ халчихсан юм билээ. -Тэгвэл өнөөдөр дэл­хийн загварын ертөнцийнх­ний хувьд хүлээн зөвшөө­рөгдсөн ямар алхаа байдаг гэж. Манайхан тайзанд яаж алхах ёстой вэ? -Загвар өмсөгчид таазаа хөдөлгөхгүй, хөлөө зөрүүлж тавихгүй алхахыг илүүд заасан байдаг. Нэг ёсондоо загвар өмсөж байхдаа илүү хөдөлгөөн хийхгүй байх нь чухал. Загвар өмсөгч хүн эршүүд алхаагаар алхах хэрэгтэй гэж дэлхийн загва­рын чиг хандлагад онцгойлон заасан байгаа. Энэ нь нэг л шугамаар алхахыг хэлдэг юм. -Таныг “Шилмэл заг­вар” компанид багшилдаг гэж байсан. Загвар өмсө­хөөр хүчээ сорьж байгаа охид, хөвгүүдэд юуг сур­гахыг илүүд үздэг вэ? -Загвар өмсөгчийг гоё хувцас өмсөөд л тайзанд сайхан харагдах төдийхнөөр хүмүүс ойлгодог. Тэгээд ч загвар өмсөгч гэхээр зүгээр л гунхсан сайхан хүүхэн байх ёсгүй шүү дээ. Загвар өмсөгч хүнд хам­гийн гол нь өндөр боловсрол, гадаад хэлний мэдлэг чухал байдаг. Гадаад, дотоодын ямар ч уралдаан тэмцээнд оролцсон англи хэл төдийгүй хятад, солонгосоор ярьдаг байх нь чухал юм. Монголын загвар өмсөгчдийн хувьд хэлний мэдлэг дутмагаас болж өөрсдийгөө бүрэн гүйцэд илэрхийлж, нээж чаддаггүй дутагдлууд бий. Миний хувьд одоогоор 30 гаруй шавьтай. Тэдэнд өөрийн гэсэн зорилготой бай­хаас гадна мэдлэг боловсро­лоо дээшлүүл гэж их хэлдэг дээ. -Өөрөө ямар мэргэ­жил­тэй вэ. Аль орны хэлээр чөлөөтэй ярьж чадах вэ? -Би Хүмүүнлэгийн ухаа­ны их сургуулийн сэтгүүл­чийн ангийн дөрөвдүгээр дам­жааны оюутан. Англи, хятад хэлийг өөрийгөө танилцуулах, бодол, саналаа илэрхийлэх хэмжээнд эзэмшсэн гэж боддог. -Өөрөө их сургуулийн оюутан юм байна. Хичээ­лийнхээ хажуугаар ажлаа хэрхэн зохицуулдаг вэ? -Өглөөнөөс өдөр хүртэл хичээлдээ явж, дараа нь фит­несээр хичээллэдэг. Үүний дараа загвар өмсөх дамжаанд багшлах зэргээр хийх ажлаа амжуулдаг. -Сургуулиа төгсөөд заг­вар өмсөх үү эсвэл сэт­гүүлч болох уу? -Миний хувьд одоохондоо аль алиныг нь орхигдуулахгүй байхыг хүсдэг. Сургуулиа төгсөөд телевизийн сэтгүүлч болохыг хүсч байна. -Өөрөө яагаад энэ мэр­гэжлийг сонгосон юм бэ? -Манай гэр бүл, удмаа­раа эмч мэргэжилтэй. Харин би л ганцаараа сэтгүүлч болно гэсээр байгаад энэ мэргэж­лийг сонгосон юм. Хэн нэгний хараа хяналт, удирдлага дор байх биш хэлэх үгээ чөлөөтэй ярьж, илэрхийлдэг тийм л эрх чөлөөт сэтгүүлзүйг бий бол­гох үүднээс сэтгүүлч мэр­гэжлийг сонгож сурч байна. -Өөрөө загвар өмсөөд хэдэн жил болж байна вэ? -Дөрвөн жил болж байгаа. Хүүхэд байхын өндөр нуруу­тай байсан. Дунд сургуулийн ах­лах ангид сурч байхдаа өөрийнхөө өндрөөс ичиж эмээ­­дэг байлаа. Тэгээд ч хэт өн­дөр хүн буруу алхаж хэв­ших нь цөөнгүй байдаг. Иймээс намайг зөв алхаж сургах зорилготойгоор эгч маань загвар өмсөгчийн “Эра” төв дээр дагуулж очсон. “Эра” төвөөс л миний загвар өмсөгч болох гараа маань эхэлсэн гэж болно. Одоо өмнөх шигээ биеийнхээ өнд­рөөс ичих хандлага минь хэдийнэ өөрчлөгдсөн. Тэгээд ч одоогийн загвар өмсдөг охид, хөвгүүд их нуруулаг болж байгаа. Ихэнх нь 182 см-ээс дээш өндөртэй болжээ. -Таны биеийн өндөр, хэмжээ, жин хэд вэ? -Би 180 см-ийн өндөртэй. Биеийн хэмжээ 87х60х90. 57 кг жинтэй. -Манай дизайнеруудаас ихэвчлэн хэний хувцсыг өмсдөг вэ. Мөн өмсөхөд биед эвтэйхэн нь хэнийх вэ? -Эмэгтэй дизайнерээс А.Баянзул, эрэгтэй загвар зохион бүтээгчдээс н.Овог­мэдийн хувцас илүү таалагд­даг. Загвар өмссөн цагаасаа эхэлж энэ хоёр дизайнерын хувцсыг өмссөн болоод ч тэр үү өмсөхөд эвтэйхэн санагд­даг. Мөн зохимжийн хувьд ч адил. Ер нь тухайн хувц­сыг өмсөхөөс өмнө судлах хэрэг­тэй байдаг. Тодруулбал, заг­вараараа бусад хувцснаас юугаараа илүү. Ямар шийдэл, онцлогтойгоор бүтээгдсэнийг сайтар судалж байж өмсвөл хүмүүст илүү хүрнэ шүү дээ. Нөгөөтэйгүүр, харцаа ч хув­цастайгаа тохируулах хэрэг­тэй болдог. Өөрөөр хэлбэл, хурц шийдэл бүхий хувцас өмсөөд инээмсэглэн алхах нь тохиромжгүй. -Дөрвөн жил гэдэг бол загварынхны хувьд тийм ч богино хугацаа биш. Өн­гөр­сөн хугацаанд ямар амжилт гаргав? -”Мисс Монголия” 2006 наадмын “Мисс модель” өр­гөмжлөлийг гардаж, “Top model of the world” болон “Miss global city competation” гэсэн хоёр ч тэмцээнд оролцох эрхийг олж авсан. Тайваньд зохиогдсон энэ тэмцээнд оролцоод “Гоё үндэсний хувцастай хот”, “Тайванийн мисс” гэсэн өргөмжлөлөөр тус бүр шагнуулж байлаа. Тэм­цээний үеэр шалгаруул­сан дэлхийн олон үндэсний хув­цас дотор миний өмссөн мон­гол дээл хамгийн шилдэг нь байсан гэж тухайн үед шүүг­чид хэлж байсан. Мөн 2005 оноос Монго­лын загвар өмсөгчдөд I, II, III гэсэн зэрэглэлийг тогтоох шийдвэр гарсан байгаа. Тэр үед I зэрэглэлийн арван заг­вар өмсөгчийн тоонд баг­таж байлаа. -Загварынхныг аливаа юманд хөнгөн хийсвэр ханд­­даг. Тэдний дунд эцэс хязгааргүй өрсөлдөөн өр­нөж байдаг мэтээр хүмүүс ойлгох нь бий. Хэрэв үнэ­хээр тийм бол энэ өрсөл­дөөн дунд та өөрийнхөө орон зайг яаж авч үлддэг вэ? -Загвар өмсөгчдийн дунд эрэмбэ, дараа гэж бий. Хэ­дийгээр насаар дүү ч гэсэн олон жил загвар өмссөнөөр нь бие биеэ хүндэлдэг. Тэр­нээс загварт шинээр орж ирсэн нэгнээ элдвээр гооч­лох, га­дуурхах мэтийн зүйлс загвар өмсөгчдийн дунд бай­даггүй. Хувьдаа өндөр, биеийн хэм­жээ, мэдлэг боловс­ролоороо загварын ертөнцөд өөрийнхөө орон зайг эзэлдэг гэж боддог. -Гэрийнхнээ танил­цуулахгүй юу. Хэнтэйгээ амьдардаг вэ? -Аав, ээжтэйгээ амьдар­даг. Нэг ахтай. Ах маань БНХАУ-д эмч мэргэжлээр сурдаг. Харин аав олон жил цэргийн албанд ажиллаж бай­гаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ээж маань Эх, нялх­сын эр­дэм шинжилгээний төвд ажил­­ладаг юм. Би одоо­гоор хувийн амьдралаа зо­хиож амжаагүй. Надад мэдлэг боловс­ролтой, өөртөө итгэлтэй за­луу л таалагддаг. Гэсэн ч хувийн амьдралаа зохиох гэж яарах болоогүй л байна. Ч.Анна

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-09-18 - Топ модель Д.Пvрэвсvрэн драмын тайзнаас кино урлаг руу хөл тавилаа
Ангилал: Models

Өнгөрсөн хугацаанд дра­мын тайзнаа олон гол дү­рийг бүтээж амжсан топ мо­дель Д.Пүрэвсүрэн “Хувьсал” про­дакшнаас гараад багагүй хуга­цааг үдэж байна. Залуу нас, гоо үзэсгэлэн­гээ боловсрол, оюун мэдлэ­гээрээ чимэхийг эрмэлзсэн тэрээр энэ хугацааг зүгээр өнгөрөөхийг хүсээгүй бо­лол­той. Сингапурт хэдэн са­рын турш хэлний мэдлэгээ дээш­лүүлж байгаад эх орон­доо ирсэн түүнийг хоёр ч уран сайхны киноны урилга хүлээж байжээ. Ирсэн даруйдаа “Боолын гэрээ” хэмээх уран сайхны кинонд тоглох саналыг хү­лээж авсан тэрээр наймду­гаар сарын эхнээс зураг авалтдаа орсон байна. Залуу­сын хайр сэтгэлийн адар­маатай асуудлыг онц сонир­холтойгоор тусгасан гэх уг киног хошин урлагийн жүжиг­чин Д.Хүрэлхүү продюс­сер­лэж байгаа аж. Загварын тайзнаа өнгө нэмсээр ирсэн Д.Пүрэвсүрэн кино урлагт ч мөн цахиур хагалахаар зүтгэж эхэлсэн төдийгүй ангийн анд Н.Отгон­цэцэгтэйгээ “Боолын гэрээ” хэмээх энэхүү уран сайхны киноны гол дүрийг бүтээхээр болжээ. Харин тэдний дур­лалт залуусын дүрд Ардчил­сан намын сонгуулийн рекла­манд “Намайг Амараа гэдэг. Цэц­гийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би, Цэц­дийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ би” хэмээн уншиж, олны ан­хаарлыг тат­сан жү­жигчин Н.Амараа бо­лоод түүн­тэй дэндүү адилхан төрсөн Ж.Болд хэмээх жүжиг­чин тоглохоор тодроод байна. Ирэх аравдугаар сард нээлтээ хийх “Боолын гэрээ” уран сайхны киноны найруу­лагчаар өнгөрсөн жилийн турш ­хотын залуусын дунд хит болсон “Сайн уу, амьдрал минь” киноны найруулагч Н.Болд ажиллаж байгаа юм. Ардын жүжигчин Б.Дам­чаа, төрийн шагналт Ц.Тө­мөрбаатар, соёлын тэргүү­ний ажилтан жүжигчин Ц.Бат­хуяг бу­юу Амбий, түү­ний гэргий З.Солонго, жү­жигчин Х.Баа­тархүү гээд олны танил уран бүтээлчид “Боо­лын гэ­рээ” уран сайхны киног чи­мж бай­гаа гэсэн. Ч.Ану Зурагчин: dn Огноо: 2008-09-17 www.dailynews.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-09-18 - Би хэд хүртлээ гоё сайхан байна, тэр болтол загвар өмсөнө
Ангилал: Models

Загвар өмсөгч Б.Наранцацрал -Та аль төвийн загвар өмсөгч вэ, хэдэн жил загвар өмсч байна? -Би “Эра модельс” төвийн загвар өмсөгч. Одоогоос долоон жилийн өмнө “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч бэлтгэх дамжаанд анх орж байсан. Тухайн үед найз охидтойгоо санаандгүй явж байгаад л орчихсон. Тэр үед 14 настай байсан гэхэд миний өндөр бараг нэг метр 70 см байсан болохоор тэнцсэн байх. Тэгээд том Цолмон багшийн шавь болсон. -Таныг хэдэн жилийн өмнө “Next top model” загвар өмсөгчийн реалити шоунд оролцож байсныг санаж байна? -Одоо бараг гурван жил болж байна. Тэр шоунд 300 гаруй охидоос дэд байрт шалгарсан. Тэр бол маш том амжилт гэж би өөрөө бахархдаг. Миний загварын ертөнцөд хөл тавьснаас хойш хүртсэн хам­гийн том амжилт гэхэд болно шүү. -Таныг гадаадын загварын агентлагуудтай гэрээгээр ажилладаг гэж сонслоо? -Манай “Эра” төв өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол дахь үйл ажиллагаагаа түр зогсоож гадаад харил­цаагаа өргөжүүлэхэд анхаарлаа хандуулсан. Энэ хугацаанд олон орноор явсан. Тухайлбал, Москва хотноо хөрш гурван орны загвар өмсөгчдийн дунд зохиогдсон үндсэний хувцасны наадамд оролцоод гранпри шагнал хүртлээ. Түүний дараа би Хөх хотын 60 жилд зориулсан наадамд оролцлоо. Хамгийн сүүлд гэвэл Италийн Милан хотноо дэлхийн аялал, жуулчлалын үзэсгэлэн яармаг болоход мөн оролцлоо. Тэнд “Гоёо” компани болон Соёлмаа эгчийн загваруудыг өмссөн. Манай “Эра” төв Сингапурын “Diva model agency” компанитай албан ёсны гэрээ байгуулсан. Мөн Италийн Милан хот дахь загварын агентлагтай гэрээ байгуулсан. Ямар нэгэн загварын шоу зохиогдсон тохиолдолд хоёр тал хэлэлцэж байгаад загвар өмсөгчдөө солилцох боломжтой болсон. -Хэрхэн солилцох вэ? -Италиас ч юм уу, эсвэл Сингапураас и-мэйл явуулдаг. Харин манайх хариуд нь тухайн загвар өмсөгчийнхөө талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг явуулдаг юм. Тэгээд тухайн байгууллагын хүсэлтээр явдаг. Тэндээ очоод долоо эсвэл арав хоног тодорхой цалинтайгаар загвар өмсч байгаад ирдэг. -Гадаадын загварын тайзнаа гара­хад шаардагдах гол зүйл нь юу байдаг вэ? -Хэлний боловсрол, санхүүгийн байдал. Хэл бол загвар өмсөгчийн бусдаас онцгойрч гадаадын загварын тайзнаа гарах хам­гийн гол гүүр нь. Санхүү бол дараагийн асуудал л даа. -Манай загвар өмсөгчид гадных­наас юугаа­раа давуу байна вэ? -Гадаадын загвар өмсөгчдөд багш гэж байдаггүй юм билээ. Манайхан бол огт өөр. Бүгдээрээ техник болон бусад зүйлээ заалгах багштай байдгаараа илүү давуу байдаг юм шиг санагдсан. -Гадны загвар өмсөгчид манайх­наас өөр байдаг уу. Европын хүүхнүүд их өндөр харагддаг? -Загвар өмсөгчид нь их овортой юм билээ. Дөнгөж 17, 18-тай охид мөртлөө 25, 26-тай юм шиг харагддаг. Техник болон үзүүлэлтийн хувьд маш сайн. Нуруугаа­раа үнэхээр ялгарч байсан. Үүнийг л хэлмээр байна. Манай загвар өмсөгчдийн хамгийн өндөр нь л гэхэд метр 90-тэй байдаг. Тэгэхэд тэд бусадтай зэрэгцээд зогсохоор намханд нь орж байна лээ. Би метр 75-тай бүр намхан харагдаж байсан. Хоёр найз охинтойгоо дэлгүүрээр явж байтал Италийн хоёр загвар өмсөгчтэй тааралд­сан. Тэднийг бид бараг толгойгоо өлийл­гөж харсан гээч. Та хэдэн настай вэ гэсэн чинь 17-той гэдэг байгаа. Манай ихэнх загвар өмсөгчид 20 гаруй настай байдаг шүү дээ. Гэтэл тэдний дунд 20-той хүн бараг байдаггүй юм билээ. Италийн загварын агентлаг загвар өм­сөгч­дөө авахдаа метр 80 байх хэрэгтэй гэсэн шалгуур тавьдаг гэсэн. -Гадны загвар өмсөгчид манайх­ныг бодвол царай муутай юм шиг харагддаг. Манайхан анх авахдаа тодорхой хэмжээгээр царайг нь хардаг юм болов уу? -Миний бодлоор царай хараад байдаг­гүй байх аа. Биеийн харьцаа нь л сайн байвал болдог байх. Ямар ч царай муутай хүнийг будаад хөөрхөн болго­чихож болно шүү дээ. -“Эра” модель төвөөс өөр гадны компаниудтай гэрээтэй ажилладаг байгууллага бий юу? -Сайн мэдэхгүй байна. Саяхан гуравдугаар сард Германд болсон олон улсын наадамд “Шилмэл загвар” компа­нийн­хан яваад ирсэн гэж байсан. -Загвар өмсөгчөөс өөр мэргэжил эзэмшсэн үү? -Би одоо “Сэрүүлэг” дээд сургуулийн зочид буудал, зоогийн газрын удирдлагын ангид сурдаг. -Яагаад загвар өмсөгчөөс тэс өөр мэргэжил сонгов оо? -Энэ талаар нэлээд судалсан. Ма­найд олон хуульч, санхүүч, эмч байна шүү дээ. Гол нь энэ мэргэжлээр ажилла­хад ажлын байрны боломж байгаа гэж санагдсан. Нэгдүгээр курстээ “Сон­жин гранд” зочид буудалд дадлага хийсэн. Тэгэхэд тэд намайг ажиллахыг урьсан. -Зарим загвар өмсөгчид 30 нас хүрээд л өөрийн гэсэн бизнес эрх­лээд тайзаа орхидог. Энэ тухайд та юу гэж боддог вэ? -Эмэгтэй хүнд эзэмшсэн мэргэжил заавал байх ёстой гэдэг үүднээс би зочид буудал зоогийн газрын удирдлагын ангид сурч байгаа. Цаашид би загвараа ч өмсөнө, мэргэжлээрээ ч ажиллана. Би хэдэн нас хүртлээ гоё сайхан байна тэр хүртлээ загвар өмсөнө гэж боддог. -Хоолны дэглэм барьдаг уу, биеийн жин хэд вэ? -Хоолны дэглэм барьдаггүй ээ. Өдөртөө ойр, ойрхон 3-4 удаа хөнгөн хооллодог. Миний биеийн жин тогтмол 55-60-ын хооронд хэлбэлзэж байдаг. -Гэр бүлийнхнийгээ танилцуу­лаач? -Би гэртээ ээж, дүү хоёртойгоо амьдардаг. Ах, эгч хоёр маань гэр бүлтэй болоод тусдаа гарсан. Т.Гэрэлмаа Зурагчин: dn Огноо: 2008-07-07 www.daailynews.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-09-07 - Spring 2009 Ready-to-Wear
Ангилал: Гадаад

2009 оны Хаврын загварын шоунууд 9н сарын 5наас эхэллээ.

9н сарын 5нд

  1. BCBG Max Azria
  2. Elie Tahari
  3. Erin Fetherston
  4. Jason Wu
  5. Jenni Kayne
  6. Nicole Miller
  7. Rachel Comey
  8. Rachel Roy
  9. Rag & Bone
  10. Shipley & Halmos
  11. Sue Stemp
  12. Trovata
  13. TSE
  14. Yigal Azrouël

9н сарын 6нд

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-09-02 - SUUDER.com
Ангилал: Монгол

Ихэнх хүмүүсийн мэддэг сайт байх гэхдээ мэдэхгүй нэгэнд нь орж үзхэд тун дажгүй сайт шүү. Би байнга ордог юм талдаа зураг нийтэлдэг цөөхөн сайтын нэг нь.  8, 9 сарын нийтлэлээ Гоёл 2000, Гоёл 2001 Гоёл 2002 , Гоёл 2003 ийн зурагнуудыг оруулсан байна. Хуучины зураг загвар харах ч гоё байлээ шүү. Линк нь

Гоёл 2000

http://i212.photobucket.com/albums/cc246/suuder/interesting/goyol2000.jpg

Гоёл 2001

http://i212.photobucket.com/albums/cc246/suuder/interesting/goyol2001/goyol2001.jpg

Гоёл 2002

Гоёл 2003

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 5 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн